МЕГА СИТИ хотхоны захиалагчид БГД-ийн 7-р хорооны оршин суугчдаас болж хохирч эхэллээ

Баянгол дүүргийн 22-р хороо Өргөө кино театрын чанх ард Мега сити гэх хотхоныг Азийн барилга гэх компани барьж буй. Орон сууцны хороолол аль 2021 оны 4-р улирал буюу 2 жилийн өмнө ашиглалтанд орох байв. Энэ хугацаанд тус хотхоноос орон сууц захиалан авсан маш олон хүн бүтэн хоёр жил гаруйн хугацаанд мөнгөө түгжүүлэн өөрсдөө түрээсийн байр хэсэн хохирч байгаа билээ. Дийлэнх иргэд нь 100 хувь төлөлтөөр захиалга өгсөн байдаг. Гэвч энэ хугацаанд Азийн барилга компани барилгаа хугацаанд нь оруулалгүй, барилгын ажлаа хийж байгаа, удахгүй ашиглалтанд оруулна гэж захиалагчдыг хуурсаар өнөөдөртэй золгосон юм.
Яст мэлхийн хурдаар өнөөдөр ямар ч байсан эхний блок нь бүрэн босож, дулааны шугам холболтоо хийх үлдээд байгаа юм. Хэрэв дулааны шугамын ажлаа дуусгачихвал энэ намартаа ашиглалтанд оруулж, захиалга өгсөн иргэдийг орон сууцанд нь оруулахаа Азийн барилга компанийн зүгээс мэдэгдээд байгаа. Улмаар дулааны шугамын ажлаа эхлүүлж Өргөө кино театр орчмоос дулааны шугам татаж эхэлсэн байна.
Гэтэл Өргөө кино театрын зүүн талын байр болон хойд талын байрны оршин суугчид буюу БГД-ийн 7-р хорооны оршин суугчид уг дулааны шугам татахыг ажлыг эсэргүүцэж, ажил гүйцэтгэж буй гүйцэтгэгч компанийн ажилчдыг дарамтлаж, ажлыг нь зогсоогоод байна.
Үүнээс болж Мега сити хотхонд орон сууц захиалсан олон зуун иргэд дахин хохирч эхэлжээ. Хэрэв энэ намрын хугацаанд Азийн барилга компани дулааны шугам холболтын ажлаа хийж амжуулахгүй бол тус хотхонд байр захиалсан олон хүн дахин нэг жил хэртэй хугацаанд хохирох эрсдэлтэй тулжээ.