“Нүүдэлчин монгол” фестивалийн бөхийн барилдааны түрүүг 2 саяар шагнана
Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин Монгол-2023” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 18-20-нд болно. Налайх дүүргийн Налайхын голд болох тус фестивальд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан болох бөгөөд наймдугаар сарын 19-нд 10:00 бөхийн барилдаан цагаас эхлэх аж.
Байгалийн цогцолбор газарт болох өртөөчилсөн өдөрлөг гадаадын гэлтгүй дотоодын иргэдийн ч анхаарлыг татдаг бөгөөд тус наадмын түрүү бөхийг хоёр сая төгрөгөөр байлах юм.
Мөн өсвөрийн 32 бөхийн барилдаан болох бөгөөд шагнал нь 500 мянган төгрөг. Бөхчүүдийг барилдаан болох өдрийн 09:00 цагт бүртгэхийг Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
Тус фестивальд 21 аймаг болон нийслэлийг хамруулсан 20 орчим отог бүхий Монгол Улсын биет бус соёлын өвийн долоон ай савд хамаарах 360 гаруй өвийг танилцуулдгаараа онцлог. Энэ жилийнх өнгөрсөн оныхоос илүү өргөн дэлгэр болох бөгөөд хөтөлбөр ч баялаг байгаа аж.
Тодруулбал, монгол түмний өв соёл, уламжлал, зан үйлийн үзүүлбэр, язгуур урлаг, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвүүд, идээ ундаа, 21 аймаг, нийслэлийн авьяаслаг оюунлаг өвлөн уламжлагчдын шилдэг үзүүлбэр, тоглолт нүүдэлчдийн ахуй соёлын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах юм.
Уг фестивалийг зорин ирэх хүмүүс үндэсний хувцсаа өмсөн ирж, нийслэл болон 21 аймгийг хамарсан 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагчдын гурван хүрээ, 30 өртөөг дамжин, орон нутгуудын онцлог бүхий соёлын өв, зан заншил, ёс уламжлалтайгаа танилцах боломжтой. Мөн энэ өдрүүдэд нийтийн тээвэр тус чиглэлд төв талбайгаас үнэ төлбөргүй үйлчилнэ.