Л.Гантөмөр: Стратегийн Засгийн газрыг 2024 онд байгуулна

0

Ардчилсан намаас өнөөдөр /2023.08.16/ Баян-Өлгий аймагт баруун бүсийн “Эдийн засгийн форум”-ыг зохион байгуулж байна.


Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:

-Ардчилсан нам олон жилийн турш ганц зүйл дээр хатуу байр суурьтай байгаа. Тэр нь Монголын ард түмэн Монголын ирээдүй. Ард түмний хөгжил дэвшил бол Монголын хөгжил дэвшил юм гэж 30 хэдэн жил өөрийн хүсэл мөрөөдөл, утга учир болгож ирсэн. Ардчиллын төлөөх хүмүүс баялаг шавхагдана, оюунлаг толгой, хүн бүрийн эрх чөлөө чухал гэдгийг ойлгодог. Бид энэ үзэл санаагаа байнга усалж байх ёстой. Хэзээ ч урваж болохгүй. Бидний хамгийн үнэтэй зүйл бол энэ. Монгол хүн бүр эрх чөлөөтэй. Тэр эрх чөлөөгөө бий болгодог хариуцлагатай. Бид энэ үнэт зүйл дээрээ суурилж, намынхаа мөрийн хөтөлбөрийг гаргаж буй. Орон нутаг, сум, багт эдийн засгийн эрх чөлөөг нь олгохын тулд монгол хэл дээр Монголын ард түмэн ойлгохоор гаргах ёстой.

Монголчууд бизнес эрхэлж, үгээ хэлдэг тэр эрх чөлөөг эдэлнэ гэдгийг маш тодорхой хэлж байгаа.

Бид хэн нэгэн даргыг шүтэхгүй. Хэн нэгнээр удирдуулахыг хүсэхгүй байгаа. Хүн бүрийн оролцоо, авьяас чадварыг нээж гаргаж ирье. Хүүхэд бүр ямар нэгэн авьяастай, гэгээнтэн төрдөг. Гэтэл бид хүүхдүүдээ айдастай, ажилгүй, итгэлгүй хүн болгож байна. Тиймээс бид хүн бүрийг хөгжүүлж, боломж олгодог байхыг хөтөлбөртөө тусгах ёстой. Монгол Улсын Засгийн газар Ардчиллын үед ямар байх ёстой вэ гэдгийг хэлэлцэе. Хүн бүрийн амьдралд орж, юм болгоныг зохицуулдаг биш стратегийн Засгийн газар байх ёстой. Бид ийм Засгийн газрыг 2024 онд байгуулна. Байгуулахын төлөө хамтдаа чардайна. Өнөөгийн Засгийн газар 20 сайдын 20 алба, 20 агентлаг. Ажил хийж байгаа үр дүн хаана байна вэ.

“Бид бодлогын нам болох ёстой.”

АН-ын гишүүн, сайд асан Х.Тэмүүжин:

-Одоогоос 13 жилийн өмнө Ардчилсан нам ямар байсан бэ. Олон нийт юу гэж ойлгодог байв. Ардчилсан намыг эрч хүчтэй, шинэчлэлийг авч ирдэг салхи тээгчид гэж хардаг байсан. Бид ч үүгээрээ бахархдаг байлаа. Залуусыг гадаад ертөнцтэй холбодог сүйхээтэй, чадалтай хүмүүс, дэлхийтэй холбодог гүүр гэж хардаг байсан. Гэтэл өнөөдөр биднийг ингэж харж байна уу. Ардчилсан намынхан юу хийж чадах вэ гэж асуудаг. Бид хэн байх вэ. Гэтэл олон нийт өнөөдөр улс төрийн намуудыг худлаа ярьдаг хүмүүс гэж байна. Бөөн авлига, хулгайч, популизм гэж харж байна. Энэ дунд Ардчилсан нам хамт живж буй. Энэ бидний хүсч байгаа зүйл мөн үү. Залуус нам руу орохоосоо цэрвэдэг болж байна. Улс төрийн нам бол үзэл баримтлал. Харин дүрэм журам, мөрийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг, аргачлал биш.

Үзэл баримтлал дээрээ суурилж, урт хугацааны бодлого гаргадаг. Бид сүүлийн 10 жил олон нийттэй уулзахдаа дотоод хэрүүл зодооноо л ярьж ирсэн.

Бас нэг алдаа нь үзэл санаагаараа МАН-аас ялгарахаа байсан. Тэр тухайгаа огт ярьдаггүй. Сонгогчид биднийг эрх баригчидтай яг адилхан гэж харж байна. Тиймээс ард түмэн арай илүү хулгайчийг л сонгоно шүү дээ. Бид бодлогын нам болох ёстой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *