Сүхбаатарын талбайд “UB Food festival 2023” болж байна
УБЗАА, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын тогооч нарын холбоо, Монголын ресторан, зоогийн газрын холбоо хамтран Сүхбаатарын талбайд “UB Food festival 2023” арга хэмжээг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Монголын үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэдэд таниулах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, зочлох үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд наймдугаар сарын 18-20-нд буюу гурван өдрийн турш урлагийн тоглолт, олон төрлийн тэмцээн уралдаан, хоолны амталгаа, шоу үзүүлбэрүүдээр үргэлжилнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Фестивальд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй ресторан, зоогийн газар оролцож байна. Энэ жилийн хувьд өргөн цар хүрээг хамарч буй. Дэлхийн олон хотод гудамжны хоол соёл болтлоо хөгжиж, жуулчдыг татах нэг хэрэгсэл болсон. Нийслэлийн удирдлагуудын зүгээс цаашид бизнес эрхлэгчдээ дэмжиж, гудамжны буюу явуулын хоол үйлдвэрлэлийн чиглэлээр улирлаас үл хамаарах, эрүүл ахуйн чанар, стандартад нийцсэн бодлого баримталж ажиллана. Мөн үндэсний уламжлалт хоолонд суурилсан олон төрлийн хоолны сонголт, зуушийг бий болгох хэрэгцээ, шаардлага бий. Түүнчлэн чанар, стандартыг орхигдуулж болохгүй. Хотын соёлыг түгээх, нийслэл Улаанбаатар хотоо сурталчлахад энэ арга хэмжээ нь чухал үр нөлөөтэй хэмээлээ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нийслэлийн Засаг даргын захирамжаар “UB Food festival 2023” арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлээс бүх аж, ахуйн нэгжүүдээ дэмжиж, асар болон бусад зүйлээр хамтарч ажиллаж байна. Хоол бол аливаа хотын нэрийн хуудас болдог. Япон, Парист жуулчид яагаад аялдаг вэ гэхээр хоол нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон байдаг. Энэ утгаараа “Монголд зочлох жил”-ийн хүрээнд гадаадын иргэдэд монгол хоол, соёлыг сурталчилж байгаа юм.
“UB Food festival 2023”-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцож байна. Хоолны чанар, эрүүл ахуйд УБЗАА, Монголын тогооч нарын холбоо, Монголын ресторан, зоогийн газрын холбоотой хамтран хяналт тавин ажиллаж байгаа” хэмээн ярилаа.
“ARTGER” төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч Р.Жавхлантөгс:
-Манайх гурав дахь жилдээ тус фестивальд оролцож байна. Гэхдээ өмнөх жилүүдэд хоол хийж бус, контент бүтээж хамтарч ажиллаж байлаа. Энэ жилийн хувьд өргөн цар хүрээг хамарч, гадаад, дотоодоос олон хүн оролцож байна. Мөн маш гоё орчин бүрдүүлжээ. Өмнө нь хүмүүс ирээд нэг удаа хоол идээд буцдаг байсан бол энэ удаа дахин ирж байна. Хүмүүс манай шорлогт маш ам сайтай байгаа. Манай “ARTGER” төсөл бол монгол хоолоор дамжуулж, Монголын соёл, уламжлалыг сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих зорилготой. Цаашид сувгаа томруулж, монгол хоолыг экспортод гаргаж, бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх төслүүдийг эхлүүлж байна гэлээ.
Харин жуулчид тус фестивалийг зорьж ирж буй бөгөөд орчин нь таалагдсанаас гадна монгол хоол амттай байсныг хэлж байлаа. Тухайлбал, тэд “Цуйван, хуушуур, хорхог идэж, мөн айраг ууж үзсэн. Амттай байсан” гэцгээж байв.