Явган хүний зам дээр автомашин байршуулсан зөрчлийг камераар илрүүлэн хариуцлага тооцож байгааг анхаарууллаа

Нийтийн эзэмшлийн зам талбай болон явган хүний зам дээр, түр буюу удаан зогсох хориотой газар зогссон, орц гарц хааж тээврийн хэрэгслээ байршуулсан зөрчлийг хяналтын камер болон E-police аппликэйшний тусламжтайгаар илрүүлж, хариуцлага тооцож байгааг ЗХУТ-өөс анхаарууллаа.
Зөрчлийн тухай хуульд зааснаар зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд, явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 20,000 төгрөгөөр торгоно гэж заажээ.
Замын хөдөлгөөний дүрэмд дараах тохиолдолд түр зогсохыг хориглодог байна.
Уулзвар, гарц дээр болон уулзварт 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэгт зогсохоос бусад тохиолдолд);
Явган хүний гарц, унадаг дугуйн замын огтлолцол дээр болон тэдгээрийн өмнө 5 м-ээс ойр зайд;
Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр (22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд);
Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ болон унадаг дугуйн эгнээнд;
Төмөр замын гарам дээр болон түүнд 20 м-ээс ойр зайд;
Гүүрэн дээр болон доор;
Хонгил дотор;
Замын тэмдэг, гэрлэн дохиог бусад жолоочоос халхлах газарт;
Бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт;
Тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугаман тэмдэглэл (зорчих хэсгийн захыг тэмдэглэснээс бусад) буюу зорчих хэсгийн эсрэг талын зах, эсхүл тэр талд зогсож байгаа тээврийн хэрэгсэл хүртэл 3 м-ээс бага зайтай газарт;
5.29 тэмдэг бүхий ослын зогсолтын зурвас дээр;
Үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 м-ийн дотор хязгаарлагдмал нөхцөлд зорчих хэсэг дээр.