ТҮҮХИЙН СЭРГЭЛТ: Дэлхийн түүхэн дэх Монголчуудын нөлөөллийг тодруулагч хатагтай Мари Фавэру
–“Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номын зохиогч, Парисын Нантерре Их сургуулийн багш, дэд профессор, түүх судлаач Мари Фавэрутай хөөрөлдөхүй-
Алтан Ордын суу алдар
“Орд нь уламжлалт эзэнт гүрэн ч биш, угсаа залгамжилсан төр ч биш, тэр бүү хэл үндэстэн улс ч биш байв…”. Энэхүү эшлэл бол Мари Фавэругийн “Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номын эхлэл. Тэгвэл “Орд юу байсан хэрэг вэ?” гэсэн асуулт эндээс урган гарна. Үүнд Мари Фавэру “Харин XIII зууны Монголын тэлэлтээс үүдсэн нүүдэлчдийн аугаа засаглал байлаа. Энэхүү морьт-төр улс нь асар хүчирхэгжсэнээр өнөөгийн бүх Оросыг, түүний дотор Баруун Сибирийг гурван зуугаад жил эзэгнэн захирсан билээ. Монголын байлдан дагууллаас үүдэн бий болсон төр улсуудаас хамгийн удаан оршин тогтносон нь Орд юм” хэмээн хариулж байна.
Мари Фавэру (Marie Favereau Doumenjou) бол Парисын Нантерре Их сургуулийн дэд профессор, түүх судлаач, зохиолч хүн. Мөн Францын Дорнын Археологийн институтийн гишүүн, Ахисан түвшний Судалгааны институтийн зочин эрдэмтэн бөгөөд Оксфордын их сургуулийн “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” (https://nomadicempires.history.ox.ac.uk) хэмээх томоохон төслийн ч гишүүнээр ажилладаг юм.
Тэрбээр 2021 онд “Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” (The Horde: How the Mongols changed the World) хэмээх номоо Харвардын их сургуулийн хэвлэлийн газарт англи хэлээр хэвлүүлсэн нь судлаачид, тэр тусмаа монгол судлаачид, монголын түүхийг сонирхон уншигчдын анхаарлыг шууд татсан юм. Уг номд Монголын байлдан дагууллаас үүссэн Алтан Орд улсын түүхэн нөхцөл, засаглал, хөгжил, оршин тогтнох хугацаандаа нүүдэлчин шинжээ хадгалахын зэрэгцээ орчиндоо зохицон хувьсаж, өөрчлөгдсөн түүхийг судалгаагаар гаргаж тавьж, Алтан Ордын үндсийг тавигч, Чингис хааны ууган хүү Зүчийн удмынхны үе залгамжлан баримталж ирсэн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын бодлогыг шинжлэн судалж, судлаачийн үнэлэлт дүгнэлтийг өгчээ.
Зохиогч энэ талаараа “Энэхүү номд XIII зууны эхээр Чингис хаан Зүүн Азийн хээр талд нүүдэлчин монголчууд болон тал нутгийн бусад ард түмнийг нэгтгэн дэлхийн хамгийн том, уудам эзэнт гүрнийг байгуулснаас эхтэй Алтан Ордын түүхийг өгүүлнэ. Ойрх Дорнод дахь монгол төр болох Ил хаант улс, түүнчлэн Хятадад Чингисийн удмынхны байгуулсан Юань гүрний талаар ихээхэн зүйл тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гэтэл Алтан Ордын гайхамшигтай түүх хөшигний ард нуугдсан хэвээр байна. Тиймээс энэ номд Алтан Ордын нийгэм, улс төрийн бүрхэг байдлыг тодруулсан төдийгүй түүний суу алдар, дэлхийн түүхэнд үлдээсэн өвийг шинээр авч үзэж байгаа юм.
Алтан Ордын үүсэл нь Зүчийг нас нөгчсөний дараа 1240-өөд онд түүний хөвгүүд, дайчид, гэр бүлийнхэн Волга /Ижил мөрөн/-Урал болон Хар тэнгисийн хоорондох аядуу зөөлөн уур амьсгалтай бүс нутаг руу нүүдэллэж, тэнд уугуул Монголын эзэнт гүрнээс үл хамаарах нэгэн шинэ монгол засаг захиргааг байгуулснаар эхэлсэн. Тэд монгол уламжлалаа хэвээр хадгалж байсан боловч эх нутагтаа хэзээ ч эргэж буцахааргүй болж суурьшсан. Үндсэндээ 30 шахам жилийн хугацаанд хэдхэн мянгаас хэдэн зуун мянга болон өсөж, өөрийн гэсэн эзэнт гүрнийг босгох нарийн зохион байгуулалт бүхий нийгмийн байгууллын эхлэлийг тавьж, түүнийгээ “Зүчийн улс”, эзэнт гүрнээ “Алтан Орд” хэмээн нэрлэжээ. Алтан Ордыг өнөөгийн газрын зураг дээр дүрсэлбэл, Украин, Болгар, Молдав, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Туркменистан болон Орос, түүний дотор Татарстан, Крымыг багтаасан бүс нутаг болно.
Алтан Орд бол дотоодын өөрчлөлт хийгээд гаднын дарамтад дасан зохицох чадвартай уян хатан засаглал байв. Түүнчлэн хөршүүдээ захирах төдийгүй бие даасан байдлаа монгол төвөөс хамгаалж чадахуйц баян чинээлэг, хүч чадалтай болсон юм. Гэхдээ тогтвортой байдлаа хангахын тулд Зүчийг залгамжлагч удирдагчид Чингис хааны бусад үе залгамжлагчидтай харилцаагаа сайжруулж, Арал нуур, Хар тэнгисийн хоорондох хотууд болон худалдааны гол замуудад хяналтаа тогтоож, аюулгүй байдлыг нь хангаж байв. Эндээс Алтан Орд нь Евроазийн эх газрын худалдаанд давамгайлж, улмаар XVI зууныг хүртэл Орос болон Төв Азийн хөгжлийн баримжааг тодорхойлсон юм.
XIII зууны хоёрдугаар хагасаас эдийн засгийн солилцоо Евроазийг бараг бүхэлд нь хамааран идэвхжиж, хүмүүс тэмээн жингээр Италиас Хятад хүртэл аюул осолгүй зорчдог болсон байв. Түүхчид энэ үеийг Pax Mongolica буюу “Монголын их амар амгалан” хэмээн нэрлэдэг. Энэхүү “Монголын их амар амгалан”-г “Монголын их солилцоо” гэж болно. Учир нь Транс Сахарын худалдаа, эсвэл Колумбын солилцоо зэрэг дэлхийг хувьсгасан үйл явдалтай эн зэрэгцэхүйц түүхэн асар том үзэгдэл, Чингис хааны угсааныхны бүтээсэн их үйлс юм. Чухамдаа “Монголын их солилцоо” нь урлаг цэцэглэн хөгжих, нарийн гар урлал, ургамал судлал, эм зүй, одон орон сурдлал, хэмжилтийн систем болон түүх бичлэг зэрэг олон салбарт судалгаа шинжилгээ хөгжихөд таатай нөлөө үзүүлсэн аугаа өөрчлөлтийг авчирсан юм” хэмээж байна.
Мари Фавэрутай хөөрөлдөхүй
“Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номыг 2023 оны 5 дугаар сард “Монсудар” хэвлэлийн газраас орчуулагч Ч.Баатар, Ш.Номиндарь нарын орчуулгаар монгол хэлээр хэвлэн гаргасан юм. Уг ном худалдаанд гарсан цагаас уншигчдын сонирхлыг татаж, сүүлийн үед хэвлэгдсэн номуудаас хамгийн их борлуулалттай баримтат 10 номд багтсаар байна.
Эл номоо монгол хэлээр хэвлэн гаргах ажилд гар бие оролцох, улмаар Улаанбаатар хотод номынхоо нээлтийг хийх ажлаар Мари Фавэру Монгол Улсад 5 дугаар сарын дундуур ирж, 20 орчим хоногийг Улаанбаатарт өнгөрүүллээ. Энэ үеэрээ тэрбээр Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочилж, ярилцлага өгсөн юм. Мөн “Чингис хаан” музейд Алтан Ордын талаарх дундад зууны үеийн анхдагч эх сурвалжуудын талаар лекц уншиж, эрдэмтэн судлаачидтай судалгааныхаа ажлын талаар санал бодлоо солилцлоо.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье. Бидний ярилцлага Таны Монгол судлалтай хэрхэн холбогдсон замналын талаар эхэлбэл зүгээр юм уу гэж бодож байна…
-Миний бие монгол судлалтай нэр холбогдоод 2О жилийг өнгөрөөсөн байна. Анх Парисын Соробонны Их сургуульд мастерийн зэрэг хамгаалахаар элсээд судалгааны ажлын сэдэв сонгох шаардлага гарсан юм. Оттоманы эзэнт гүрэн, Францын колончлолын түүх гээд судалгаа хийж болох олон сэдвүүд байсан. Эдгээрийн дотор дэлхийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн нь Монголын эзэнт гүрэн байлаа. Тиймээс би Монголын эзэнт гүрний түүхийн судлагаа хийх замыг нь сонгосон юм. Энэ цагаас хойш Монголын түүх, монгол судлалтай ажил, амьдралаа тодорхой түвшинд холбоод явж байна.
-Энэ удаа Таныг өөрийн судалгааны гол бүтээл болох “Алтан Орд” номоо монгол хэлээр хэвлэн гаргах ажилд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн гэж ойлгож байгаа. Уг бүтээл ч саяхан монгол хэлээр хэвлэгдэн гарч уншигчдын хүртээл боллоо. Таны сэтгэгдэл ямар байна?
-Тийм ээ, миний энэ удаа Монголд ирсэн зорилго бол “Алтан Орд” номоо монгол хэлээр хэвлэн гаргах ажилд оролцох байлаа. Уг ном маань анх англи хэлээр хэвлэгдэн гарсныг Та бүхэн мэднэ. Франц хүний хувьд англи хэлээр судалгааны номоо гаргах хэцүү байсан ч тэр бүхнийг даван туулж, номоо англи хэлээр гарган олны хүртээл болгосон. Бас ном маань франц хэлээр хэвлэгдсэн. Мэдээж миний өөрийн орчуулга. Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал нь монгол хэлээр зөв орчуулуулж, монголчуудад ойлгомжтойгоор номоо гаргах явдал байлаа. Энэ зорилгодоо амжилттай хүрлээ гэж бодож байна.
Номын судалгаа болон орчуулгын багаа зөв сонгосон минь зорилгодоо хүрэхэд хамгийн их тусаллаа. Энэ ажилд надад франц болон англи хэлтэй орчуулагч Ш.Номиндарь хамгийн их тусалж дэмжиж, чухал үүрэг гүйцэтгэснийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна. Мөн хамтран ажилласан “Монсудар” хэвлэлийн газрын бусад ажилтан, орчуулагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Миний хувьд өөрийн биеэр Монголд ирж номын нээлтээ хийх нь их чухал байсан. Тиймээс орчуулгын баг болон номын редакц, хэвлэн гаргах ажлыг хариуцан ажилласан “Монсудар” хэвлэлийн газрынхантай уулзаж, өөрийн санаа бодлоо хэлж харилцан ойлголцохыг гол зорилгоо болгосон. Бид харилцан ойлголцож, хамтран ажиллаад их ажлын ард гарч чадлаа. Энэ ажилд алсаас биш, өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсондоо үнэхээр их баяртай байна.
“Алтан Орд” ном хэвлэлтээс гарах үед Улаанбаатарт жил бүр болдог “Номын баяр-2023”-ын хаврын арга хэмжээ тохиож, энэхүү номын баяр дээр уншигчидтайгаа уулзан, номоо танилцууллаа. Олон хүмүүст номоо тайлбарлаж, хэвлэл мэдээллийнхэнд ном болон судалгааныхаа ажлын талаар товч ярилцлагууд өглөө. Зөвхөн эрдэмтэн судлаачид бус энгийн иргэд ч номыг маань унших боломжтой болсонд баяртай байгаагаа дахин илэрхийлье.
-Таны “Алтан Орд” ном монгол хэлээр хэвлэгдэн гарах үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад айлчилсан үйл явдал тохиосон. Хэдийгээр цаг хугацааны хувьд маш богино хугацаанд айлчлал болоод өнгөрсөн ч Та Монгол, Францын Ерөнхийлөгч нарт өөрийн номоо гардуулж өгч амжсан байна лээ…
-Үнэхээр зол завшаантай явдал тохиосон шүү. Тиймээс энэ явдлыг хувь хүний хувьд маш их бэлгэшээж, цаашдын уран бүтээл, судалгааны ажил маань амжилт бүтээлээр дүүрэн байх үүд хаалга нээлттэй байгаа юм байна гэсэн сэтгэлээр хандаж байгаа. Би монголын түүхийг судалдаг францын иргэн хүн. Тэгтэл миний эх орон Франц улсын маань ерөнхийлөгч намайг монгол хэлээр номоо гаргах цаг үетэй давхцаад Монголд айлчилсан. Хоёр улсын Ерөнхийлөгчийг “Чингис хаан” музей үзэх үеэр “Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номынхоо франц хэлээрх хэвлэлийг нь Ерөнхийлөгч Э.Макронд, монгол хэлээрх хэвлэлийн дээжийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн барьж товч танилцуулсан нь нэр төрийн хэрэг байлаа.
-Та монгол судлалтай хувь заяагаа холбоод 20 жил болжээ. Мэдээж Монголд олон удаа ирсэн байх. Энэ удаа хэд дэхээ ирж байна вэ?
-Анх Монголын эзэнт гүрэн, тэр дотроо Алтан ордын түүхийг судалж эхлэхэд архив болон бусад материалуудыг үзэх шаардлага гарсан. Тэгэхэд миний судалгааны ажилд тусалж, чиглүүлж байсан профессорууд “Чиний сонгож авсан сэдвээр судалгаа хийхийн тулд Монгол руу заавал явах шаардлагагүй ээ. Харин Орос, Турк, Укриан, Итали болон Европын архивуудад маш их мэдээлэл цугларсан байдаг, тэднийг түлхүү үз” гэсэн юм. Тиймээс судалгаа хийх явцдаа Монгол руу явахыг хүссэн ч цаг хугацаа давчуу байсан тул чадаагүй. Дараа нь их сургуульд профессор болж, Монголыг илүү гүн гүнзгий судалсан. Тэгээд Ковидын дараа л Монголд ирсэн. Энэ удаа тав дахь удаагаа ирж байгаа юм байна.
-Монголчуудын, тэр тусмаа бидний өвөг дээдсийн хүчирхэг эзэнт гүрэн байгуулж дэлхий дахинаа алдраа дуурсгаж явсан үеийн түүхийг судалдаг хүний хувьд өнөөгийн монголчуудын талаарх өөрийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач…
-Би бол монголчуудын түүхээр бахархдаг, монголчуудын ирээдүйг ч өөдрөгөөр хардаг хүн л дээ. Судалгааны хүрээнд Франц, Монгол хоёр улсын судлаачид олон талаар хамтран ажиллаж, дундын асуудлуудаа харилцан хуваалцаж шийдвэрлэдэг. Мэдээж хажуугаар нь бага зэргийн тулгамдсан асуудлууд байдаг ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны соёлыг эвтэй, зөв талаас нь урлаж байгаа гэж хардаг.
Монголд ирэхэд надад гэртээ ирсэн юм шиг л сэтгэгдэл төрдөг. Тиймээс монголчуудтай холбогдсондоо баяртай байдаг. Монголчууд намайг ирэх бүрд их эелдэг найрсагаар хүлээн авч, байнга тусалж дэмждэг. Монголд байхад ямар ч айдас байдаггүй.
Дээрээс нь монголчууд одоо ч Чингис хааны түүхтэй холбоотой, тэрхүү түүх соёлоо мэддэг, ажил, сургууль, гэр бүлийнхээ хүрээнд түгээж, хүндэлж дээдэлж явдаг нь бахархалтай байдаг. Монголчууд яриасаг, ярих дуртай хүмүүс. Янз бүрийн сэдвээр ярилцахад хэзээ ч бэлэн байдаг. Тэр яриан дундаа жирийн ард иргэд ч түүхээ оруулж, түүхээсээ эш татаж оруулдаг. Түүх судлаачийн хувьд энэ нь их сонирхолтой,, хэзээ ч ярианы сэдэв гаргаад ярианд оролцоод явчих боломжтой байдаг нь их чухал санагдсан. Нөгөө талаар түүх судлаачийн хувьд монгол хүмүүсийн ярианы сэдвийн нэг хэсэг нь түүх байгаад баярладаг. Монголчууд бол түүхээ дээдэлдэг ард түмэн гэж боддог.
-Эзэнт гүрний үр хойчисыг Та цаашид ямар байгаасай гэж хүсэж байна вэ?
-Би бол Монголчуудыг эртний сайхан ёс зан заншил, түүх соёлоо өөртөө шингээж, Монголдоо үлдээсэй гэж хүсдэг. Өнөөгийн нийгэм их цахимжиж байна. Ийм үед номтойгоо илүү ойр байж, түүх, эх хэл, бичиг, соёлоо битгий алдаасай, энэхүү үнэт зүйлсүүдээ цааш нь улам их хөгжүүлээсэй гэж хүсдэг. Ингэж чадна гэдэгт ч итгэдэг.
Монголчуудад нэг давуу тал байдаг. Эргэн тойронд юу болж байгааг маш соргогоор мэдэрдэг. Цаашид хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, монгол бичгээ түлхүү сурах тал дээр анхаарна гэж найдаж байна. Монгол бол онгон дагшин байгальтайгаараа дэлхийд алдартай орнуудын нэг. Мөн монголын түүх, соёл бол бас л дэлхийд алдартай. Тиймээс хүн болгон дор бүрнээ Монголоо хайрлах сэтгэлтэй, Монгол гэсэн бүхнээ хайрладаг, хамгаалдаг байгаасай гэж хүсэж байна.
-Таны судалгааны гол бүтээл “Алтан Орд” ном хэвлэгдсэн даруйдаа монгол судлаачид, монголын түүхийг сонирхогчдын анхааралд өртсөн. Та энэ судалгааны бүтээлдээ дэвшүүлсэн хамгийн гол санаануудаа товч тайлбарлаж өгөөч?
-Миний судалгаа Монголын эзэнт гүрэн, тэр дотроо Алтан Орд улсын судалгаа дээр суурилсан. Үүнийг судлах болсон шалтгаан нь Монголчууд Алтан ордыг байгуулахдаа хамт өөрсдийн төр барих арга барил, үзэл бодол, хэл, соёл, худалдаа, харилцаа холбоо, шашин шүтлэг бүгдийг авчирсан. Өөрөөр хэлбэл, Монголын гол онцлог болох нүүдэлчдийн соёлыг европ руу авч ирсэн байдаг. Европт нүүдэлчдийн өвөрмөц ахуй соёл Монголчуудтай хамт орж ирсэн. Энэ бол судалгаа хийх нэг гол сонирхолтой өнцөг нь байсан.
Монголчуудын энэ европт авчирсан соёл, бусад үнэт зүйл нь бүр гурван зууны турш үргэлжилж, тэндэхийнхээ цаашдын хөгжлийн эх суурь нь болж үлдсэн. Тиймээс үүн дээр тулгуурлан номоо сэдэвлэж бичсэн юм.
Бид, ялангуяа европт ихэнхдээ Монголын эзэнт гүрний эзлэн түрэмгийлэл, мандал бууралтын түүхийг чухалчилж судладаг. Миний судалгаа бол Монголын эзэнт гүрний тэлэлтээс үлдсэн Алтан Орд хэмээх хүчирхэг төр улс Евроазийг дамнан 300 жил оршин тогтнож, тэндээс үлдсэн өв нь өнөөгийн дэлхий ертөнцийн зарим дэг журмыг тогтооход, түүх соёлыг бүтээж, баяжуулж, газар нутаг, хил хязгаарыг үлдээхэд тодорхой хэмжээнд тусалсан юм гэдгийг бодит баримтуудад тулгуурлан гаргаж тавихыг зорьсон юм.
-Алтан Ордын талаар урьд өмнө маш олон судалгаа хийгдэж, ном бүтээлүүд гарсан. Таны судалгаа тэдгээрээс юугаараа онцлог, юугаараа өөр, юугаараа шинэлэг гэж үзэж байна вэ?
-Мэдээж өнгөрсөн хугацаанд Алтан Ордын талаар маш олон судалгаа хийгдэж, ном бүтээлүүд гарсан. Эерэг, сөрөг олон талаас нь энэ үеийн түүхийг авч үздэг. Гэхдээ Алтан Ордын үлдээсэн өв, түүний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг их бүрхэгдүүлдэг.
Монголын эзэнт гүрэн бол XIII-XV зуунд болж өнгөрсөн дэлхийн түүхийн нэг хэсэг. Гэтэл XIII-XV зуун байсан болохоор XVI зуун гарсан байж таарна. Дэлхий ертөнцийн хөгжил ингэж үе шаттайгаар уламжилж явдаг зүй тогтолтой. XVI зуунд Европт сэргэлт мандалт бий болсон. Энэ бүхэн нь яван явсаар өнөөгийн бидний шинэ эринийг авчирсан.
Сэргэн мандалт бий болсон шалтгаан нь Монголчуудын нэвтрүүлсэн дэг журам, ёс заншил, соёл, хэл, шашин шүтлэг зэрэг нь европчуудад нөлөөсөн. Үүнээс үүдэлтэйгээр тус бүс нутагт чөлөөтэй сэтгэх сэтгэлгээ бий болж, мэдлэг боловсролыг дээдлэн, ирээдүйн зорилгоо тодорхойлох үндсийг тавьсан гэж боддог. Хэрвээ монголчууд европчууд бидэнд мэдлэг мэдээлэл, чөлөөт худалдаа, ирээдүйг өөрөөр харах үндэс суурийг тавьж өгөөгүй бол сэргэн мандалт, шинэ эрин гэж байх байсан эсэх нь эргэлзээтэй. Тиймээс европчуудын өнөөгийн хөгжил дэвшлийн үндэс монголчуудаас гаралтай гэсэн санааг би ихэд чухалчилж, энэхүү номдоо тодотгож өгсөн.
Ер нь эзэнт гүрэн гэдэг нэг өдөр бий болоод нэг л өдөр байхгүй болчихдог зүйл гэж би боддоггүй. Монголын эзэнт гүрний байлдан дагуулал ч нэг өдөр болоод өнгөрсөн зүйл биш юм. Бүтэл бүтэн дөрвөн үеэрээ дэлхийн ертөнцийн тодорхой хэсгийг байлдан дагуулах үйл явц өрнөсөн. Мэдээж энэ бүхний эхлэлийг Чингис хаан болон түүний ойрийн түшмэд, ноёдууд тавьж өгсөн. Алтан Орд бол үүний нэг хэсэг нь. Монголын эзэнт гүрний байлдан дагуулал, газар нутгаа тэлэх үйл явц дундаас энэ улс бий болсон байдаг.
Оросын судалгаанд монголчуудыг зэрлэг балмад, эвдэн сүйтгэгч байсан мэтээр их харуулдаг. Хүмүүс ч олон жил энэ өнцгөөр нь монголчуудын байлдан дагууллын түүхийг төсөөлж ирсэн. Үүнийг би буруу гэж боддог. Монголчуудын байлдан дагуулал бол алж хядах, эвдэж сүйтгэх зорилготой байгаагүй. Нүүдэлчин ард түмнээ нэг удирдлага дор захирах, хяналтдаа байлгах, дэлхий дахинд тодорхой дэг журам тогтоох, үүгээрээ дамжуулан гадаад харилцаа, эдийн засаг, худалдааны аюулгүй, амар хялбар тогтолцоо бий болгох бодлоготой байсан. Тэр бодлого дундаас Алтан Орд улс байгуулагдсан гэж үздэг.
Үнэхээр ч Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үед ч, Алтан Ордын үед ч монголчууд эвдэн сүйтгэж, алж хядах замаар газар нутгаа тэлэх, хяналт тогтоох бодлого барьж байгаагүй. Харин ч эзлэн суусан орнууддаа дэг журам тогтоож, тэр олон угсаа гарвалтай, соёл, шашинтай ард түмнүүдийг нэгтгэхдээ үндсэн соёл, шашныг нь хүндэтгэж хүлээн зөвшөөрдөг, тухайн орнуудын иргэдэд амьдарч буй газар нутагтаа урьдын адил амьдралаа үргэлжлүүлэхэд саад болдоггүй, худалдааны харилцааг ямар ч саад бэрхшээлгүй явуулахад анхаарлаа хандуулдаг байсан. Энэ ч утгаараа дэлхийн түүхэнд дурдсан цаг үеийг Pax Mongolica гэдэг шүү дээ.
Номынхоо гол санаануудыг товчхон дахиад нэг хэлэхэд, өнөөдрийн бидний Орос гэдэг тэр улс хэн байв? Одоогийн Монголын газар нутгаас гадна оршин тогтнож байсан Монголчууд дэлхийн түүхэнд ямар өв үлдээсэн юм бэ гэдгийг энэ номоороо дамжуулан тайлбарлахыг хичээсэн юм.
Юуны түрүүнд Монголчууд яаж XIII-XV зууныг өөрчилсөн бэ? Яаж энэ олон төрлийн шинэчлэлийг дэлхий дахинд авчирсан вэ гэдгийг харуулахыг хичээлээ. Түүнчлэн тэр үеийн Алтан Ордын геополитикийн байрлал хэр чухал байсан гэдгийг энэ номдоо тусгасан. Дараа нь өнөөдрийн бидний амьдарч буй орчин үеийн нийгэмд байгаа олон үнэт зүйл Алтан Ордоос улбаатай, Алтан Ордын үед бүтээж бий болгосноос үүсэлтэй юм гэдгийг номдоо тодотгосон. Мөн эдгээрт холбогдох архивын баримтуудыг шинээр гаргаж тавьсан. Ер нь судлаач хүнд архиваа хэрхэн үнэн зөв үнэлэх вэ гэдэг их чухал байдаг. Би бол түүх судлаач хүн. Тиймээс ярьсан, бичсэнээ батлахын тулд надад заавал нотолгоо байх ёстой. Энэ нотолгоо маань архив. Өмнө нь хаалттай байсан, музейд л зөвхөн үзүүлдэг, эсвэл тоосонд дарагдаад номын сангийн хаа нэгтээ байсан архивын материалуудыг энэхүү номоороо дамжуулж олон нийтэд ил гаргаж хүргэж байгаа юм
-Алтан Орд бол 300 жил оршин тогтносон улс. Монголын эзэнт гүрэн ч ийм удаан оршин тогтноогүй. Алтан Орд ингэж Монголчуудын байгуулсан төр улсуудаас хамгийн удаан оршин тогтносны нууц нь юу байсан юм бэ?
-Алтан Ордыг өнө удаан оршин тогтноход нөлөөлсөн наад зах нь хоёр хүчин зүйл байсан гэж би үздэг. Нэгдүгээрт, Зүчийн үед улс хооронд бий болгосон бие биеэсээ хамаарал бүхий хүчирхэг худалдаа, эдийн засгийн харилцаа. Алтан орд нь Европыг Азитай, өмнөдийг хойдтой холбосон геополитикийн хувьд маш чухал байрлалтай байсан. Энэхүү дипломат болон худалдаа, зах зээлийг бие биетэй нь нягт холбож өргөжүүлсэн бодлого нь Алтан Ордыг 300 жил оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Хоёрдугаарт, Алтан Орд нь хяналтаа тогтоосон бүс нутгууд болон хөрш зэргэлдээ нутаг орондоо хэнийг ч ялгаж үздэггүй, одоогийнхоор бол маш сайхан дипломат бодлоготой байсан. Хэнийг ч нутаг ус, угсаа гарал, шашин шүтлэгээр ялгаж байгаагүй. Тус улсад христ болон исламын шашинтнууд их байсан. Гэвч Алтан Орд өөрт нь үнэнчээ илэрхийлсэн хэнийг ч хүлээн зөвшөөрдөг бодлоготой байсан нь олон ард түмэн, улс үндэстнийг цуглуулж хүчирхэгжин хөгжихөд нь том түлхэц болсон. Эдгээр хүчин зүйлсээс улбаалан Алтан Орд 300 гаруй жилийн хугацаанд оршин тогтнож чадсан гэж үздэг.
-Тэгвэл Алтан Ордын нөлөөлөл буурч, тарж бутран бусдын эрхшээлд орох болсон гол шалтгаанууд юу байсан гэж Та үздэг бэ?
-Дээр хэлсэнчлэн Зүчийн үндэслэсэн эдийн засаг, худалдааны хүчирхэг харилцаа холбоо бол Алтан Орд оршин тогтнох гол үндэс байсан. Гэтэл XV зуунд европ даяар хар тахал дэлгэрсэн. Тэрхүү тахлаас үүдэлтэй Алтан Ордын гадныхантай хийж ирсэн худалдаа, эдийн засгийн харилцаа нь хэцүү байдалд орсон. Хамтрагч улсууд нь тахалд нэрвэгдээд юун худалдаа хийх манатай юм болсон хэрэг. Европыг нөмөрсөн хар тахлын нөлөөгөөр улс орнуудын харилцаа холбоо муудаж, хүн амын өсөлт буурсан. Алтан Орд бол олон улсын холбоо байсан. Эхнэр авахдаа хүртэл зүүн талынх нь баруунаас, өмнөд нь хойноос гэх мэт авдаг байсан. Энэ бүхэн байхгүй болсон. Ингээд Алтан Ордын нөлөө буурах эхлэл тавигдсан. Яг энэ үетэй зэрэгцээд Оттоманы эзэнт гүрэн хүчирхэгжсэн нь Алтан Ордын задрал бутралыг бүр түргэтгэх нэг шалтгаан болсон гэж үздэг. Оттоманы эзэнт гүрэн нь XV зуунд Хар далайд хяналтаа тогтоосон. Хар далай бол Алтан Ордын улсуудын хувьд гол хаалга, олон улсыг хооронд нь холбогч харилцаа, худалдаа, эдийн засгийн чухал боомт байсан юм.
Түүнчлэн Алтан Орд хүчирхэг байхад дам нөлөөлж байсан Монголчуудын байгуулсан Юань гүрэн, Ил хаадын улс зэрэг нь мөхөж, хүчин доройтсон зэрэг олон хүчин зүйлс Алтан Ордыг бага багаар сульдуулж, хүч нь суларсаар тарж бутрахад хүргэсэн болов уу гэж үздэг.
-Та Оксфордын их сургуулийн “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” төслийн гишүүн. Алтан Ордын судалгаа энэ төслийн нэг хэсэг нь тодорхой. Тэгэхээр цаашид ч Таны монгол судлал, монголын түүхтэй холбоотой судалгааны ажлууд үргэлжлэх байх. Таны Алтан Ордын судалгаа цаашид ямар өнцгөөр үргэлжлэх вэ?
-Би өмнө нь Египет, Мисирийн судалгаа дээр түлхүү ажилладаг байсан. Тэр үед Монголын эзэнт гүрэн их сонирхол татаж байсан юм. Тэгээд судлаачидтай эзэнт гүрний талаар яриа өдөхөөр ихэнх нь “Энэ одоо үед тийм ч чухал сэдэв, мөхсөн гүрний юуг нь судалдаг юм. Одоо тийм гүрэн байхгүй шүү дээ” гэж их хэлдэг байсан. Нэг үгээр хэлбэл, эзэнт гүрний талаар ярилцахаар судлаачид тийм ч чухал биш судалгааны ажил мэтээр хүлээж авдаг байлаа.
Дараа нь би өөрөө Оксфордын судалгаанд орж ажилласан чинь бусад хүмүүс ч бас над шиг эзэнт гүрэн гэдгийг шинээр судлах шаардлагатай, шинэ гаргалгаа гаргах хэрэгтэй гэсэн бодолтой байсан шүү. Эзэнт гүрэн гэдэг бол зүгээр нэг мөхдөг зүйл биш, мөхчихсөн зүйлийг ч хэлдэггүй, өнөөдрийн энэ нийгэмд ч эзэнт гүрэн, эзэнт гүрний нөлөөлөл байдаг гэдгийг нотлох үндсэн дээр Оксфордийн их сургуулийн “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” төсөлд оролцож, Алтан Ордын судалгаа руу гол анхаарлаа хандуулаад байна.
Миний хувьд Алтан Орд гэдэг үгийг их чухал үг гэж бодож, утга санааг нь чухалчилдаг. Энэ Алтан Орд хэмээх үгийн утгад нүүдэлчид, нүүдэлчин ард түмний амин сүнс нь байгаа гэж боддог. Тиймээс судалгааны гол ажил маань мэдээж цаашид үргэлжилнэ.
Би энэхүү номоо дөнгөж эхлэл гэж бодож байгаа юм. Цаашид нэгдүгээрт, Алтан Орд болон Монголын эзэнт гүрэн хоорондын хэлхээ холбоог судлахыг хүсэж байна. Хоёрдугаарт, Хятадууд Юань гүрний түүхийг, Оросууд Оросын эзэнт гүрнээ судалж байгаа. Энэ бүх судлаачид бас хоорондоо холбогдож, өөр өөрийн судалгааны хүрээнд гаргаж ирсэн ажлуудаасаа бусдынхаа судалгаанд хэрэг болох зүйлүүдийг хуваалцаасай гэж боддог. Ийм дундын судалгааны баазыг гаргаж ирж, санаагаа нэгтгэдэг ажлыг бий болгох, тус тусын судалгаанд уялдуулан ашигладаг болгох ажлыг хийх зорилго надад байна. Тухайлбал, Юань гүрний түүх, Оросын эзэнт гүрний түүх Алтан Ордын түүхтэй хэрхэн холбогдож байгаа юм бэ гэдгийг энэ дундын судалгааны баазаас нөхөж болно шүү дээ. Гуравдугаарт, миний хувьд Туркийн архиваас хуучин турк бичгээр Алтан Ордын үеийн мэдээ мэдээллийг олж авдаг. Тэнд байгаа Алтан Ордод холбоотой хэрэглэдэг байсан үг хэллэгүүд тухайн үед хэрэглэдэг байсан монгол хэллэгтэй таарч байна уу? Ямар үгнүүд нь таарч байна, ямар нь зөрж байна вэ, яагаад гэдгийг цэгцэлж, дэлхийн түүхэнд үнэн зөвөөр нь танилцуулах нэг том ажил байна. Дөрөвдүгээрт, Монголын эзэнт гүрэн, Алтан ордын үр нөлөө нь өнөөдрийг хүртэл хүчтэй хэвээрээ байгаагийн нууц юунд байна вэ гэдгийг хүмүүст хүргэх талаар судалгаагаа үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа.
Миний судалгаа бол Алтан Орд дээр тулгуурласан Монголын эзэнт гүрний оршин тогтнолын түүхийн судалгаа. Энэ агуулгаараа зөвхөн Монголын эзэнт гүрэн, Алтан Ордын судалгаа биш Монголчуудын бүх цаг үеийн түүхийн судалгаа болж байгаа юм.
Хатагтай Мари Фавэрутай ийнхүү хөөрөлдлөө. Тэрбээр Монголын түүхээс гадна Мисир, Оттоманы эзэнт гүрний түүхийг бас судалдаг, Каир, Крым, Вена, Истанбул, Санкт-Петербург, Москва, Варшав зэрэг олон газрын архивт сууж судалгаа хийдэг хүн. Мисир хийгээд Оттоманы эзэнт гүрний түүхийг судлах явцад мөнөөх л Монголын эзэнт гүрэн, Ил хаадын улсын түүх гараад ирдэг нь мэдээж.
Ярилцлагынхаа төгсгөлд тэрбээр, миний түүх судалдаг гол зорилго бол түүх гэдэг нь зөвхөн өнгөрсөн цагийг цаасан дээр буулгаад мартдаг зүйл биш, өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож өгдөг хэлхээ юм гэдгийг олон нийтэд ойлгуулах. Үнэхээр түүх бол өнгөрсөн-одоо-ирээдүй хэлхэж байдаг гол зүйл. Тиймээс түүх одоо болон ирээдүйн хүн төрөлхтөний амьдралд хэрхэн хэрэг болж нөлөөлөх талаарх судалгаа түлхүү хийдэг хэмээсэн юм.