ҮЕРИЙН БУРУУТАН, ХОТЫН ОРЛОГЧ АСАН Н.БАТАА СЭЛБЭ ГОЛЫН ЭРЭГТ 24 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦ БАРЬЖЭЭ

0

-“S.OUTLET” ДЭЛГҮҮРТ СЭЛБЭ ГОЛЫН ГОЛДИРОЛД ГАЗАР ОЛГОЖ, НИЙСЛЭЛИЙГ ҮЕРТ ЖИВҮҮЛСЭН ХОТЫН ОРЛОГЧ АСАН Н.БАТАА ӨӨРӨӨ СЭЛБЭ ГОЛЫН ЭРЭГТ 1443М2 ГАЗАРТАЙ, 16 ДАВХАР ОРОН СУУЦТАЙ БОЛЖЭЭ-

       Хотын дарга Д.Сумъяабазар Сэлбэ голын голдирлыг хааж барьсан “Ссайн” ХХК-ийн “S.Outlet” дэлгүүрийн барилгыг нураах захирамж гаргаад буй. Мөн “Ссайн” ХХК-д Сэлбэ голын голдирол дотор хууль зөрчиж газар олгосон албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллад өгч, шалгуулж эхлээд байгаагаа мэдэгдсэн. 

“S.Outlet” дэлгүүр буюу “Ссайн” ХХК-ийн эзэн, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч асан Д.Батзоригт Сэлбэ голын голдиролд 2009 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга  Г.Мөнхбаяр А/275 тоот захирамжаар 1665м2 газар олгож, улмаар 2015 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүлийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Н.Батаа А/990 тоот захирамжаар 2409м2 болгож нэмж олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ зуны үеийн гол буруутан “S.Outlet” дэлгүүрийн эзэн Д.Батзоригч гэгчид Сэлбэ голын голдирол дотор хууль бусаар газар олгосон хэргээр Хотын дарга асан Г.Мөнхбаяр, Хотын орлогч асан Н.Батаа нар нэн түрүүнд хууль хяналтын хаалга татах нь тодорхой болоод буй. 

Тэгвэл “S.Outlet” дэлгүүрийн эзэн Д.Батзоригт Сэлбэ голын эрэгт хууль бусаар 2409м2 газар олгож, нийслэлийг үерт живүүлсэн Н.Батаа гэгч нь 2012-2016 оны хооронд Хотын орлогчоор ажиллахдаа өөрөө Сэлбэ голын эрэгт газартай болж, тэндээ 16 давхар орон сууц барьж худалдсан ноцтой баримтыг дэлгэж байна. 

ХОТЫН ОРЛОГЧ АСАН Н.БАТАА ХОЁР ДАВХАР ХАУСАА 24 ТЭРБУМЫН ОРОН СУУЦ БОЛГОЖ ХУДАЛДСАН БАРИМТ

     Түүх сөхвөл, 2012 оны наймдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-үүл томилогдож, тэр өдрөө анхны захирамжаараа өөрийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Н.Батааг томилж байв. Э.Бат-Үүл, Н.Батаа хоёр цэцэрлэгт нэг ангид хүмүүжиж, 1975 онд Нийслэлийн 1-р сургуулийг нэг ангид төгссөн, багийн найзууд. Нөгөөтээгүүр, 2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргаар Э.Бат-Үүл, Тэргүүн дэд даргаар нь Н.Батаа ажиллаж байв. Тиймдээ ч Э.Бат-Үүл Засаг дарга болсон эхний өдрөө багийн найз, намын нөхөр Н.Батаагаа өөрийн орлогчоороо томилсон хэрэг. 

Тайлбар: 1970 он, Нийслэлийн 1-р сургууль, сурагч Н.Батаа, Э.Бат-үүл нар

Тайлбар: 2016 он, Хотын дарга Э.Бат-Үүл, орлогч Н.Батаа нар

Ийнхүү багийн найзынхаа буянаар Хотын орлогч болж дэвшсэн Н.Батаа СБД-ийн 8-р хороо, хуучнаар Төв бассейны чанх урд Сэлбэ голын эрэгт хоёр давхар хауст амьдардаг болжээ. 

Тайлбар: 2014 он, Хотын орлогч Н.Батаагийн амьдарч байсан хоёр давхар хаус

Улмаар Н.Батаа 2014 оны долдугаар сарын 25-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээр А\645 тоот захирамжаар гаргуулж, хоёр давхар хаусныхаа 1443м2 газрыг өөрийн “Шим” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй болгожээ. Ингээд болоогүй, жилийн дараа буюу 2015 оны нэгдүгээр сарын 19-нд “Шим” ХХК-ийнхаа нэр дээрх 1443м2 газар дээрээ 12 давхар орон сууц барихаар тухайн үеийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржоор “Архитектур төлөвлөлтийн даалгавар” батлуулж авсан байна. 

Тайлбар: Хотын орлогч асан Н.Батаагийн “Шим” ХХК-ийн бүртгэл

Тайлбар: Н.Батаа “Шим” ХХК-ийнхаа нэр дээр газар, барилгын “А” даалгавар авсан баримт

Ийнхүү Хотын орлогч байхдаа Сэлбэ голын эрэгт хоёр давхар хаус бүхий 1443м2 газартай болж, тус газар дээрээ орон сууцны “А” даалгавар батлуулж авсан Н.Батаа ажлаа өгснөөсөө хоёр жилийн дараа буюу 2018 онд өнөөх хоёр давхар хаусаа нурааж, оронд нь “Star tower residence” нэртэй тансаг зэрэглэлийн 16 давхар орон сууц барьжээ. Н.Батаагийн барьсан “Star tower residence” нь тус бүр 147м2 талбай бүхий таван өрөөтэй, нийт 30 айлын орон сууц бөгөөд нэг бүрийг нь 800 сая төгрөгөөр худалджээ. Өөрөөр хэлбэл, Н.Батаа Хотын орлогч байхдаа өөрийн болгосон хоёр давхар хаусныхаа газар дээр 30 айлын 16 давхар орон сууц барьж, нийт 24 тэрбум төгрөгөөр худалдсан байна. 

Тайлбар: Хотын орлогч Н.Батаагийн Сэлбэ голын эрэгт барьсан 24 тэрбум төгрөгийн орон сууц

“S.Outlet” дэлгүүрийн эзэн Д.Батзоригт Сэлбэ голын голдиролд 2409м2 газар олгосон хэргээр хууль хяналтынханд шалгагдаж эхэлсэн Хотын орлогч асан Н.Батаа өөрөө Сэлбэ голын эрэгт 1443м2 газрыг яаж авсан, 16 давхар тансаг зэрэглэлийн орон сууцыг ямар санхүүжилтээр барьсан асуултуудад хариулах шаардлагатай болох нь бололтой. 

Эх сурвалж: ergelt.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *