СУРВАЛЖИЛГА: Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаанд төмс 800-1500 төгрөгөөр худалдаалагдаж байна
Хүнсний дэлгүүрүүдэд төмсний үнэ дор хаяж 1800 төгрөгөөр худалдаалагдаж буй. Тэгвэл шинэ ургацын ногоонууд эхнээсээ гарч, нийслэл хотод хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа хэдийнээ гараад эхэлжээ. Жилээс жилд шинэ ургацын ногоо гарахад төмс, лууван, манжин, байцай гээд бүх төрлийн хүнсний ногооны үнэ буурдаг ч энэ жил төдийлөн буурч байгаа нь ажиглагдсангүй. Өнөө л хүнсний дэлгүүрүүдэд зарагддаг хуучин үнээрээ байгааг хүн бүр анзаарч буй биз.
Тэгвэл энэ жил зохион байгуулагдаж буй “Алтан намар 2023” үзэсгэлэн худалдаа БЗД-ийн хэд хэдэн цэгт зохион байгуулагдаж буй бөгөөд “Тэнгэр плаза” худалдааны төвийн гадна талбайд нээгдсэн үзэсгэлэн худалдаанд тариаланчид маань төмсөө 800 төгрөгөөр худалдаалж буй аж. Иймд UBN.mn сайтын сурвалжлах баг “Алтан намар 2023” үзэсгэлэн худалдаанаас дараах сурвалжилгаа бэлтгэлээ.
Баянзүрх дүүргийн хувьд,
- Гуравдугаар хороо Сансарын үйлчилгээний төвийн гадна талбай
- Дөрөвдүгээр хороо Жуковын талбай
- Зургаадугаар хороо Бөхийн өргөөний гадна талбай
- 39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төв зэрэг байршлуудад хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдаж буй аж. Иймд бид дээрх цэгүүдээс сонгон Тэнгэр худалдааны төв болон Сансарын үйлчилгээний төвийн гадна талбайд нээгдсэн үзэсгэлэнг зорив.
БЗД, 39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төв
Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд Сэлэнгэ, Ховд зэрэг аймгуудаас цугласан олон тариаланч шинэхэн ургацын ногоогоо авч ирж, ард иргэддээ худалдаалж байв. Хамгийн сонирхол татсан зүйл нь Тэнгэр худалдааны төвд үйлчилж буй худалдаачид төмсөө 800 төгрөгөөр худалдаалж байсан бөгөөд үйлчлүүлэгчид ч олон байв.
Бид худалдан авалт хийж буй нэгэн иргэнээс тодруулахад,
Төмс 800 төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь сайхан санагдлаа
“Шинэ ургацын ногоо гарсан учраас амт чанар ч гэсэн сайхан байгаа гэж итгэж байна. Үнийн хувьд ч мөн маш боломжийн байна. Ялангуяа энд төмс 800 төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь сайхан санагдлаа. Үнийн хөөрөгдөл ихтэй энэ үед ард иргэдээ бодож байгаад тариаланчдадаа талархаж байна. Уг нь цаашдаа ч мөн хүнсний ногооны үнэ буурвал ард иргэдэд хэрэгтэй юм даа” гэв.
Тэнгэр худалдааны төвийн гадна талбай дахь үзэсгэлэнд,
- Төмс 800 төгрөг
- Лууван, сонгино, манжин 2500 төгрөг
- Байцай, 1200-1500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байв.
Харин худалдаа эрхлэгч, тариланч,
Шинэ ургацын ногоо учир дэлгүүрээс хямд үнэтэй зарагдаж байна
“Жил бүр “Алтан намар” үзэсгэлэнд оролцохоор зорьж ирдэг. Сэлэнгэ аймгаас оролцож байна. Ард иргэддээ шинэ ургацын эрүүл хүнсийг худалдаалахаар ирсэн. Тиймдээ ч энд зарагдаж байгаа хүнсний ногоонууд дэлгүүр болон худалдааны төвүүдээс хямд үнэтэй байгаа. Дээр нь төмс 800 төгрөгөөр худалдаалж байгаа учир иргэд ч их худалдан авч байна” хэмээсэн юм.
“Алтан намар 2023” үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгаас 27, Ховд аймгаас найм, Дархан-Уул аймгаас гурван тариалан эрхлэгч ирж оролцож байгаа аж.
БЗД, Гуравдугаар хороо Сансарын үйлчилгээний төвийн гадна талбай
Бид үргэлжлүүлэн Сансарын үйлчилгээний төвийн гадна талбайд дэлгэгдсэн үзэсгэлэнд очиход худалдан авагч тун цөөн байв. Учир нь уг байршилд 3-4 тариаланч өөрсдийн шинэ ургацын ногоогоо авч ирсэн байсан бөгөөд хөл хөдөлгөөн ч байсан юм.
Бид худалдаа эрхлэгчтэй ярилцахад,
Хүнсний ногооноос гадна нарийн ногоог ч мөн авч ирсэн
“Сэлэнгэ аймгийн Зүүн хараагаас анх удаа ирж оролцож байна. Дандаа шинэ ургацын ногоонууд байгаа. Хүнсний ногоо, нарийн ногоо гээд бүх төрлийн ногоо байгаа. Үнийн хувьд,
- Төмс 1500 төгрөг
- Лууван 3500 төгрөг
- Байцай 1500 төгрөг
- Манжин, сонгино 3000 төгрөг
- Шийгуа Ховдын үрээр тарьсан, 3500 төгрөг
- Сармис 30,000 төгрөг, сүлжээсээрээ 25,000 төгрөг /Дотроо 25 ширхэгтэй/
- Жижиг гахай огурцы 2500 төгрөг
- Помидор 8000 төгрөг хил тус бүрийн үнээр ийнхүү зарагдаж байна” гэлээ.
Харин өөр нэгэн худалдаачин,
Тариланчил ширхэг төмс тарихад ч хүртэл маш их хүч хөдөлмөрөө зориулдаг
“Зарим үзэсгэлэн худалдаан дээр төмс ногооны үнэ өөр, өөр байгаа гэж байсан. Гэхдээ тариаланч бид нэг ширхэг төмс тарихад хичнээн их хүч хөдөлмөр, хүн хөлс урсгадаг вэ гэдгийг хүмүүс сайн мэддэггүй юм. Ганцхан хүн ногоо тарихгүй шүү дээ. Маш олон хүний хүч хөдөлмөр хэрэгтэй, бас хурааж авахад хүртэл техник технологи, бензин тос их шаардана шүү дээ. Тиймээс энд үнэтэй байна, тэнд хямдхан байна гэж харьцуулахаасаа урьтаж, тариаланчид ямар их хүч хөдөлмөр зарцуулдаг вэ гэдгийг эхлүүд сайн ойлгоосой гэж хүсэж байна” гэв.
Бидний сурвалжилга бэлтгэсэн хоёр үзэсгэлэн худалдааны хувьд үнэхээр үнийн хувьд өөр өөр байсан юм. Түүнээс гадна иргэд ч мөн адил шинэ ургацын ногоо авахаар үзэсгэлэн худалдааг зорих нь их байв. Мөн энэхүү үзэсгэлэн худалдаа аравдугаар сарыг дуустал үргэлжлэх төлөвтэй байгаа юм.