ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 161 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЭН ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

0

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.408, мөрдөн байцаалтын 2260 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73, Өмчлөх эрхийн эсрэг 42, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Хүүхдийн эсрэг 2, Соёлын өвийн эсрэг 1, нийт 161 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.     

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас иргэн Б.Б нь БНХАУ-ын иргэн З.Р-ын захиалгаар БНХАУ-ын иргэн З.В-г үйл ажиллагаа эрхлэхэд нь саад учруулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн Б.О, Ю.У, Х.А, С.Ш, Б.М нар нь иргэн Ш-ыг бусдаас зээлсэн мөнгөө өгөхийг шаардаж, түүнийг хууль бусаар хорих, хүч хэрэглэн айлган сүрдүүлж, заналхийлэх, олон нийтийн хэв журмыг зөрчсөн, мөн архины онцгой албан татварын тэмдэгтүүдийг хуурамчаар бэлтгэж ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/, 13.5 дугаар зүйлийн 1, 2.1 /Заналхийлэх/, 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/, 20.16 дугаар зүйлийн 1, 2 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Иргэн Д.Э, М.А нар нь урьдчилан үгсэн тохиролцож НТӨ VII-III зуунд хамаарах чулуун сүх, хаш эдлэл, Эртний Ромын үе буюу НТ IV зуунд хамаарах ногоон болон хөн өнгийн шилэн гүц зэрэг археологийн олдвор болох Соёлын биет өвийг худалдахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *