“ШУТИС-ийг Шархад руу, МУБИС-ийг ХМК руу нүүлгэвэл түгжрэл буурна”

0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа.

Эрх зүйн хөтөлбөр 70, Эдийн засгийн хөтөлбөр 60, Эрүүл засаглал хөтөлбөр 40 гаруй хувьтай хэрэгжиж буй. Эрх зүйн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны гишүүдийн дэмжлэгтэйгээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Мөн Засгийн газар 2021 оны тавдугаар сарын 19-ний өргөтгөсөн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг анх удаа цогцоор нь хэлэлцээд, хотын түгжрэлийг шийдэхэд жил бүр 420 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтыг үлдээх түүхэн шийдвэр гаргасан юм. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэд Бодлогын судалгаа, шинжилгээний төв үйл ажиллагаа явуулж, гадаад, дотоодын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэр гаргаж байгааг Хотын дарга онцолж байлаа.

Их дээд сургуулийг нүүлгэнэ 

Өнгөрсөн гурван  жилийн хугацаанд  ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 5300, цэцэрлэгийн орыг 3605-аар нэмэгдүүлсэн. Тодруулбал, дөрвөн сургууль, 14 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн долоон цогцолбор, монгол өв, уламжлал ёс заншлын 11 өргөө байгуулсан юм. Мөн нийтийн тээвэрт иж бүрэн парк шинэчлэл хийж байна. Нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийхээс одоогийн байдлаар 415 автобус оруулж ирээд буй. Үлдсэн 810 автобусыг энэ онд оруулж ирнэ.  Энэ үеэр Хотын дарга “Шархад, Улиастай, Сэлбэ зэрэг дэд төвүүд бий. Энэ дэд төвүүдэд суурилсан их, дээд сургуулиудыг гаргах бодлогыг хиймээр байна. Дархан, Багануур хөдөө орон нутагт шилжүүлнэ гэж олон жил ярьсан. Одоо үүнийгээ болиод Улаанбаатар хотдоо, ШУТИС-ийг Шархад руу, АШУҮИС-ийг Амгалан руу, СУИС-ийг Сэлбэ рүү, МУБИС-ийг Ханын материал руу зэргээр их, дээд сургуулиудаа хэдэн тийш нь гаргах нь төвийн дүүргийн төвлөрлийг сааруулах хамгийн зөв шийдэл гэж харж байна. Богино хугацаанд хийгдэх шинэчлэлтийн ажил болно” гэлээ.

2040 онд Улаанбаатар хотын хүн амын тоо 2.6 саяд хүрнэ. Нийслэлийн орлогын эх үүсвэрийн 91.6 хувь нь татварын, 8.4 хувь нь татварын бус орлого байна. Хотын эдийн засгийн өнөөгийн байдал төсөв “шүтсэн” байгаа юм. Иймээс үе шаттай төлөвлөлт хийх, санхүүгийн олон эх үүсвэртэй болгон хөгжүүлж, хотын хөгжлийг индексжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд нийслэл анх удаа үнэт цаас гаргах эрхтэй болсон бөгөөд энэ нь ажил хэрэг болж буй. Ингэснээр санхүүгийн нэмэлт эх үүсвэр бий болно. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл чухлыг онцоллоо.

Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 86 үзүүлэлтээр тодорхойллоо

Улаанбаатар хотын хөгжлийн индекс 0.464 байна. Тиймээс шалтгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

Токио хот гэхэд зургаан бүлэг 70 шалгуур үзүүлэлтээр хөгжлийн индексээ тодорхойлж, хамгийн тулгамдаж буй асуудалдаа хөрөнгөө хуваарилдаг. Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглал хэмээх зургаан төрлийн 86 шалгуур үзүүлэлтээр тодорхойлжээ. Улмаар Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 2025 онд 0.570, 2030 онд 0.630, 2050 онд 0.930-д хүргэхээр зорьж байна.

Хотын зорчилт хөдөлгөөнд өдөрт дунджаар давхардсан тоогоор 2.8 сая хүн оролцож байгаа бөгөөд таван томоохон байршлаас хотын төв рүү чиглэдэг. Тодруулбал, иргэд ажилдаа явах, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх, оюутан залуус хичээлдээ явах, төрийн үйлчилгээ авах, худалдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх гол бүс нь Сүхбаатар дүүрэг болж, хотын төв хэсэг рүү хэт их бөөгнөрөл үүсэж байгаа юм.

Хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөөний нийт 48.2 км замаар 1042 автобус 107 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахын тулд эхний ээлжид дараах дөрвөн өргөн чөлөөг гурван эгнээ болгож  өргөтгөн шинэчлэх шаардлагатай байна. Нэг эгнээгээр нь дан нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд эхний ээлжид эдгээр дөрвөн өргөн чөлөөний 13.7 км авто замыг өргөтгөх хэрэгтэй. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл найман хувиар буурч, дундаж хурд 11.7 км цагт хүрэх юм. Мөн нийтийн тээврийн хүртээмжгүй, гэр хорооллын алслагдмал бүсүүд рүү богино эргэлтийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний түгжрэл зургаан хувиар буурах тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл, богино эргэлтийн 181 автобусны зогсоол байгуулж, нийт 86.1 км авто зам шинээр тавьснаар нийтийн тээврийн хүртээмжийг тэлэх боломжтой.

Гэр хорооллын бүсэд 52 сургууль байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэнэ

750-3500 хүртэлх сурагчтай, хүчин чадал нь хэтэрсэн  ерөнхий боловсролын 169 сургуульд 313,473 сурагч суралцаж байгаа бөгөөд эдгээр нь хотын төвд төвлөрсөн байгаа юм. Энэ бол түгжрэлд нөлөөлөх нэг том хүчин зүйл. Учир нь сургуулийн хүртээмжгүй бүсүүдээс ойролцоогоор 91 мянга гаруй хүүхэд тус сургуулиудад ирж, суралцаж байна. Тиймээс гэр хорооллын бүсэд ерөнхий боловсролын 52 сургууль нэмж байгуулснаар боловсролын хүртээмж нэмэгдэж, түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө гарах юм.

Мөн дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, их, дээд сургуулиуд болон лицей сургуулиудыг нүүлгэх шаардлагатай байна. Тухайлбал, Баянхошуу дэд төв рүү МУБИС, ХҮИС, Сэлбэ дэд төв рүү СУИС, Шархад дэд төв рүү ШУТИС, АШУҮИС-ийг нүүлгэж, 41 мянган оюутныг хотын төвөөс гаргаж чадвал түгжрэл, төвлөрлийг бууруулж, дүүрэг, орон нутгийн эдийн засгийг тэлэх боломж бүрдэнэ.

Эрсдэлийн үнэлгээ дахин хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай

Улаанбаатар хотод голын, шар усны болон уруйн үер гэсэн гурван төрлийн үерийн эрсдэл бий. Тодруулбал, найман байршилд голын үер, гурван байршилд шар усны, 75 байршилд уруйн үер болох эрсдэлтэй. Дээрх 75 байршлаас хүн ам төвлөрсөн, эрсдэл өндөртэй нь 20 байршил байгаа бөгөөд өдгөө Улаанбаатар хотод 107.6 км үерээс хамгаалах байгууламж бий. Энэ хэмжээг 345 км-т хүргэж, голын сав газрын үерийн эрсдэлийн үнэлгээг дахин хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна.

Д.Сумъяабазар: Хуулийг цогц байдлаар нь баталж чадвал эдийн засаг, засаглалын хувьд цэгцрэх боломж бүрдэнэ

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж, газрын тухай хууль, барилгын тухай хууль, усны тухай хууль, авто тээврийн тухай хууль, эрчим хүчний тухай хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, улсын бүртгэлийн ерөнхий хуулийг цогц байдлаар нь баталж чадвал эдийн засаг хийгээд засаглалын хувьд цэгцрэх боломж бүрдэнэ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд боловсруулсан судалгаа, тооцоолол, хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсож, Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцэхүйц хот болгох зорилтод үргэлж бодлогын дэмжлэг үзүүлж байдаг Улаанбаатар хотоос сонгогдсон, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүддээ баярлалаа. Хот бол том айл. Нийслэлийн харьяа 123 байгууллагад 48 мянган албан хаагч ажиллаж байна. Тиймээс өнөөдрийн танилцуулсан дөрвөн зорилт, зургаан бүлгийн 86 шалгуур үзүүлэлтийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийг нэг чигт харуулах боломжтой” хэмээсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *