ШӨХТГ: ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ШӨХТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тодруулбал, Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор томоохон байгууллага, ААН, худалдаа эрхлэгч нар үнийг зохиомлоор хөөрөгдөхөөс сэргийлэх, мөн арилжааны банкууд иргэдэд хэрэглээний зээл олгохдоо үндэслэлгүй шимтгэл авдаг байдлыг цэгцлэх, холбогдох хууль, тогтоол, дүрэм болон “Стандарт-хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж буй байдалтай танилцлаа.
Тэрбээр, өмнө өгсөн үүрэг даалгаврын хүрээнд шударга өрсөлдөөнийг хангах байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллаж, ямар үр дүн гарч, хариуцлага хүлээлгэж буй байдлыг ШӨХТГ-ын удирдлагуудаас сонслоо.
Тус байгууллагаас “Стандарт-хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй 6 мянга гаруй стандартыг хүнс, бусад бараа, ажил үйлчилгээнд мөрдүүлж, ялангуяа эмнэлгийн салбар стандартыг мөрдүүлэн хангуулан ажиллахад анхаарч, Стандарт, хэмжил зүйн газарт холбогдох саналаа өгч буйг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан хэлэв. Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийг хангах дээр томоохон сүлжээ дэлгүүр, супер маркетуудад лангуун дээрх барааны үнийн дүн касс дээр зөрөх байдал, зөрчил гарсаар байна.
Шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэх, шүүхийн шийдвэр болон шүүхийн шатанд байгаа хэргүүдийн тухайд хуулиар олгосон эрхийн хүрээнд торгууль ногдуулсан ААН-үүд шүүхэд хандах эрх нь нээлттэй. Энэ хүрээнд ШӨХТГ хуулийн газраар дамжуулан улсын байцаагч нарын тавьсан торгууль, шийдвэрийг хамгаалах байдлаар явж байна. ШӨХТГ-ын улсын байцаагч нараас зөрчил гаргаж буй ААН-үүдэд тавьж буй торгууль, шийдвэрийн 75 хувь нь хууль зүйн үндэстэй байна. 13 хувь нь торгууль, шийдвэрийг үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийг шаардлагыг хангаагүй гэж үзжээ.
Шадар сайд С.Амарсайхан, бүх ажил Улаанбаатар хотод өрнөдөггүй, 21 аймгийн иргэдийн эрх ашгийг орхигдолгүйгээр ханган хүрч ажиллахыг үүрэг болгов. Сүхбаатар аймагт нохойд хазуулсан 7 иргэнд галзуугаас урьдчилсан сэргийлэх гээд сүрьеэгийн вакциныг нэг тунгаар бус 30 дахин тунгаар илүү хийсэн. Нэг сувилагч биш, 5 өөр сувилагч хийсэн, иргэдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулсан зөрчил, байж болохгүй алдаа гараад байхад ШӨХТГ, холбогдох байгууллагууд ямар хариуцлага хүлээлгэж ногдуулсан бэ, дуугүй л явж байна хэмээн шүүмжлэлттэй хандаж байлаа.
Тэрбээр мөн стандартыг ижил, тэгш мөрдүүлж ажиллахыг даалгалаа. Гадаад экспортолж буй бараа, бүтээгдэхүүнд стандарт, тохирлын үнэлгээний баталгаажуулалт хийдэг. Гэтэл дотоодод орж ирж буй бараа, бүтээгдэхүүнийг баталгаажуулахгүй, дөнгөж 10 хувьд баталгаажуулалт хийж буй статистик мэдээлэл байгааг дуулгалаа. Тиймээс стандарт мөрдүүлэх дээр хянаж ажиллахыг үүрэг болгов.
ШӨХТГ-ын “Хэрэглэгчийн мэдээллийн-115 төв”-д өнгөрсөн 7 хоногт нийт 183 иргэн хандан гомдол тавьжээ. Үүнээс 120-д нь мэдээлэл өгч, 34 иргэний гомдол мэдээллийг судалж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан мэдээллээ. Мөн 15 иргэний барааг сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх зэргээр шийдвэрлэж, 5.2 сая төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулжээ.
Сүүлийн өдрүүдэд иргэдээс худалдаа үйлчилгээ, тэр дундаа сар шинийн баяртай холбоотойгоор хонины ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ эрс нэмэгдсэн талаарх мэдээлэл нэмэгджээ. Тодруулбал, “Дэнжийн-1000” худалдааны төвд хонины ууцыг 500-600 мянган төгрөг, ааруулыг кг-ыг нь 50-60 мянган төгрөгөөр худалдаж буйг иргэд мэдээллээд байна.