Н.Энхбаяр: Иргэд хөрөнгө оруулалтын санд нэгдэж байж том компаниудыг задалдаг нь дэлхийн практик
Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Уул уурхай тойрч эргэсэн эдийн засгийг төрөлжүүлэхгүй бол нийт иргэдэд хүртэх өгөөж нь бага хэвээр ахиад хэчнээн жил болохыг таамаглахад хэцүү байна л даа. Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд бид яах ёстой юм бол?
-Эдийн засгийн ухааны докторуудын хийсэн янз бүрийн судалгаа олон. Монгол банкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очирын сүүлд хийсэн эдийн засгийг хэрхэн тогтворжуулах чиглэлд анхаарсан судалгаа бий. Энэ бүх судалгаанаас нэг зүйл тод анзаарагддаг. Манай улсын эдийн засагт хоёр л гол салбар байна. Баялаг бүтээж буй гол салбар нь уул уурхай, мөнгөний эргэлтийг хангаж яваа нь банк. Мөнгөний хоёр гол урсгал энэ хоёр салбар дээр тогтож байгаа.
Энэ өрөөсгөл байдлаас гарахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх ёстой нь үнэн л дээ. Төрөлжүүлнэ гэхээр өөр салбарыг хөгжүүлнэ гэсэн үг. Өөр салбар хөгжихийн тулд хөрөнгийн урт хугацааны хямд эх үүсвэр хэрэгтэй. Банкны салбараас ийм эх үүсвэр гарахгүй. Гарч байгаа эх үүсвэр нь дандаа богино буюу хоёр жилийн хугацаатай, өндөр хүүтэй. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд өгч буй зээлийн эх үүсвэр нь гаднын санхүүжилт юм уу төсөв байдаг. Тэгж байж 4-5 жилийн бага хүүтэй зээл гардаг. Тэгэхээр одоогийн гаргаж буй мөнгө эдийн засгийн шинэ салбарыг бий болгоход нөлөө үзүүлэх боломжгүй.
Уг нь 2010, 2011 онд төсвийн тогтворжуулалтын, тогтвортой байдлын сан гэж байгуулсан нь уул уурхайн салбарт эргэлдэж байгаа мөнгийг бусад салбарт шилжүүлэх гэсэн л оролдлого. Хөгжлийн банк гэж байгуулсны цаана ч ийм шалтгаан бий. Харамсалтай нь зөв явж чадахгүй байна л даа. Ингээд харахаар эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой ганц салбар нь хөрөнгийн зах зээл. Банкны салбарт байгаа мөнгө яг тэр хүрээндээ эргэж байгаа нь бодитой үнэн. Өнөөдрийн тухайд уул уурхай, барилга, банк гэсэн гурван салбарын хооронд л мөнгө эргэж байна.
Баялаг бүтээж буй гол салбар нь уул уурхай, мөнгөний эргэлтийг хангаж яваа нь банк. Мөнгөний хоёр гол урсгал энэ хоёр салбар дээр тогтож байгаа.
-Гуравхан том салбарт хамаг мөнгө эргээд нийт эдийн засаг уруугаа орохгүй яваа нь өнөөдрийн маш том асуудал л даа, яалт ч үгүй. Нийт эдийн засаг руу тэр их мөнгийг оруулах гол шийдэл нь хөрөнгийн зах зээл гэж ойлголоо. Тэгвэл хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гол шийдэл нь юу байж болох вэ?
-Зөвхөн уул уурхай, банк, барилга биш бусад салбаруудад хувьцаа гаргах хэрэгтэй. Хамгийн их мөнгө хийж байгаа салбар уул уурхай, банк гэж өмнө хэлсэн. Энэ салбарынхны хувьд хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргахад хялбар байна. Нэгэнт хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэж байгаа бол Санхүүгийн зохицуулах хороо шаардлагатай салбарт хэрхэн хувьцаа гаргах вэ гэдэгт анхаарч, чиглүүлж өгөх хэрэгтэй. Аль ч олон улсын байгууллагын судалгаанаас харахад цаашдаа эдийн засгийг төрөлжүүлэх гол салбарт хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг онцолдог. Тэнд эргэлт нь бий..
СЗХ лангуун дээр тавих бүтээгдэхүүнээ бэлдэх ёстой. Дахиад хэлэхэд тэр бүтээгдэхүүн нь хөнгөн аж үйлдвэрийн салбарт байна. Хөрөнгийн зах зээл дээр хэрхэн бүтээгдэхүүн болгож тавихаа хөнгөн аж үйлдвэрийн салбарынхан мэдэхгүй байна. Ийм боломж бийг СЗХ компаниудад хэлж чиглүүлээд өгвөл үр дүн гарна.
Иргэдэд ч энэ чигийн ойлголт мэдээллийг өгөх хэрэгтэй. Тэгж байж хөрөнгийн зах зээл олон нийтэд хүртээмжтэй болно. Ингэвэл малчдад мөнхийн эрсдэлд байдаг мал хэмээх хөрөнгийнхөө тодорхой хувийг хөрөнгийн зах зээл рүү оруулах сонирхол төрнө. Хөнгөн аж үйлдвэрийн хувьд огцом ашиг өгөхгүй ч тогтвортойгоор ашгаа өгөөд явдаг онцлогтой учраас онцлоод байгаа юм. Тэдгээр үйлдвэрийг бий болгох хөрөнгө нь манай малчдын гар дээр бий. СЗХ үүнд анхаарч, холбогчийнхоо үүргийг гүйцэтгэх цаг нь ирсэн.
-Та түрүүн дурдлаа л даа. Санхүүгийн зохицуулах хороо АПУ, Мах импекс биш юм аа гэхэд хөдөө орон нутгийн хүнсний үйлдвэрүүдээ хөрөнгийн зах зээлд хөтлөх ёстой гэж. СЗХ аймгуудын хүнсний үйлдвэрээс гадна үндэсний том компаниудыг хөрөнгийн зах зээл рүү хөтлөх цаг нь ирсэн шиг санагддаг. Ашиг орлого нь тодорхой болчихсон топ компаниуд хөрөнгийн зах зээл дээр шил даран гарч ирвэл хувьцааг нь худалдаж авах иргэдийн сонирхол өндөр байх нь тодорхой. Ер нь өндөр ашигтай үндэсний том компаниудаа задалж, хувьцааг нь хөрөнгийн зах зээлийн гол бүтээгдэхүүн болгож байж эдийн засагт эргэлдэж буй их мөнгө нийт эдийн засагт буюу иргэдэд хүртээмжтэй болох юм биш үү?
-Таны хэлээд буй том компаниудын хувьд хөрөнгийн зах зээл дээр гарах сонирхол байхгүй байна л даа.
Эдийн засгийг төрөлжүүлэх боломжтой ганц салбар нь хөрөнгийн зах зээл. Банкны салбарт байгаа мөнгө яг тэр хүрээндээ эргэж байгаа нь бодитой үнэн.
-Тэгвэл тэдний сонирхлыг төрүүлэх ямар гарц шийдэл байна?
-Сонирхол төрөхгүй байгаа нь ганцхан шалтгаантай. Том компаниудад хямд эх үүсвэр олдоод байна л даа. Хөрөнгийн баталгаатай том төсөл нь байна. Тэгэхээр өнөөхөндөө ажил болохгүй шийдэл болов уу. Үүний цаана бас нэг учир бий. Засаглал сайжирч байж том компаниудад хөрөнгийн зах зээл рүү гарах сонирхол төрнө. Засаглал муу байгааг бид сая Хөгжлийн банкны кейсээс тодорхой харлаа.
-Байгаа эх үүсвэрийг нь том компаниуд улстөрчидтэй нийлээд авчхаж байна гэж үү?
-Тодорхой харагдаж байна шүү дээ, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мөнгийг том компани авчихсан байх жишээний. Засаглал муу гэсэн нь ийм учиртай. Том компани, эрх мэдэлтэй цөөн хүнд л бага хүүтэй урт хугацаатай зээлийн эх үүсвэр олдох магадлал маш өндөр байна. Хэрвээ засаглал нь зөв байсан бол том компаниуд өөр эх үүсвэр хайна.
-Өөдрөгөөр харъя л даа. Засаглалын хувьд улстөрчид, том бизнес эрхлэгчдийн халаас, эрх ашиг тусдаа болоод асуудал эерэг зүг рүүгээ эргэчихлээ гэж төсөөлье. Тийм нөхцөлд том компаниуд хөрөнгийн зах зээлд олноороо гарч байж л цөөхөн хүнд төвлөрсөн баялгийн өгөөжийг нийтээрээ хүртэх боломж нээгдэх байх тийм үү. Том компаниудаа задалж байж л хөрөнгийн зах зээл хөгжих юм биш үү?
Том компани, эрх мэдэлтэй цөөн хүнд л бага хүүтэй урт хугацаатай зээлийн эх үүсвэр олдох магадлал маш өндөр байна. Хэрвээ засаглал нь зөв байсан бол том компаниуд өөр эх үүсвэр хайна.
-Тэгнэ. Том компаниуд хувьцаагаа гаргаж байж л эдийн засгийн өгөөж иргэдэд хүртээлтэй болно гэдэгтэй санал нэг байна. Ер нь том компаниудаа задалж байж л хөрөнгийн зах зээл хөгжинө гэдэг үнэн л дээ. Улстөрчид ярьдаг шигээ үнэхээр л улс орныхоо төлөө зүтгэж яваа бол бизнесмэнүүдээ өөрсдөдөө татахаа болих хэрэгтэй. Дараагийн сонгуулиас эхэлж том бизнесмэнүүдээсээ татгалзаж, нэр цэвэр залуусыг гаргаж ирвэл байдал өөрчлөгдөнө. Нэг удаа ялагдлаа гэхэд дараа нь улс даяараа цэвэрших эерэг нөлөөтэй. Энэ алхмыг хууль гаргаж хийхгүй. Парламентад суудалтай намуудын л зориглож хийх ажил. Жаран онд Сингапурт хийсэн зүйлийг өнөөдөр хийх хэрэгтэй. Парламентад суудалтай хоёр гол нам, товчхондоо зуун гэр бүлийн л шийдэх асуудал. Бүр тодруулж хэлбэл тэр зуугаас хориос гучийг нь жийж гаргах тухай асуудал л даа. Мөнгөөрөө хэлхэлдчихсэнд л хамаг учир байна. Төрийн албанд суучхаад тэрбумтан болчихсон хүмүүс өчнөөн бийг бултаараа ярьдаг ч тэр хүмүүс өндөр суудалдаа суусаар байгаа. Тэр хүмүүсээ жийж гаргаж байж улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй, боловсролтой хүмүүс гарч ирж байж л байдал өөрчлөгдөнө.