С.Наранцогт: Ажлаа олигтой хийдэггүй, ахиц гардаггүй, ажилдаа сэтгэлгүй ханддаг, үүрэг даалгавар биелүүлдэггүй, хов ярьдаг хүмүүстэй хамтарч ажиллахгүйгээ мэдэгдсэн
Сүүлийн өдрүүдэд Эрдэнэс Монгол ХХК-ийн дотоод асуудалтай холбоотой мэдээллүүд цахим сүлжээгээр түгэх болсон. Тухайлбал, Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг ажилчдаа дарамтладаг, үндэслэлгүй халдаг зэрэг асуудлууд нийтийн сүлжээгээр мэдээлэгдэж байна. Өчигдөр гэхэд ажлаасаа халагдсан нэгэн ажилтан нь түүний тухай ил захидлыг бичсэн байв. Тэгвэл С.Наранцогт ажлаар гадаадад яваа бөгөөд өөрийн цахим хаягтаа дараах зүйлийг онцолж бичээд байна.
С.Наранцогт: “Боомтын сайдын бүрэлдэхүүнд багтаж томилолтоор гадаадад ажилтай яваа араар Эрдэнэс Монгол ХХК-ийн дотоод шийдвэр, хүний нөөцтэй холбоотой мэдээллийг нэлээд давс хужиртайгаар задруулж, сэвжээ. Миний хувьд, ажлаа сайн хийгээд үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээд явж байгаа хүмүүстэй зарчмаа бариад хэвийн ажиллаад явдаг.
Харин үндсэн ажлаа олигтой хийхгүй, хариуцсан ажил дээр нь ахиц огт гардаггүй, гүйцэтгэл үр дүн байхгүй хэрнээ энэ тэрүүгээр элдэв хов живийн чанартай юм ярьж, хамт олныг хагаралдуулдаг, нэрээ нуусан бот хаягаар дотоод хурал, шуурхай дээр яригдсан зүйлсийг тараадаг, ингэхдээ мушгиж гуйвуулдаг, бусдыгаа доромжилдог, хамгийн гол нь ажилдаа сэтгэлгүй ханддаг, үүрэг даалгавар биелүүлдэггүй хүмүүстэй цаашид хамтарч ажиллах боломжгүйгээ мэдэгдсэн болно.
Яг энэ шалтгаанаар хагас жилийн хугацаанд ажлын байрныхаа шаардлагад тэнцэхгүй, ур чадвар, мэдлэг туршлагын хувьд дутмаг гэдэг нь олон зүйлээр нотлогдоод буй 2 ахлах менежерийг өнгөрсөн долоо хоногт ажлаас чөлөөлөх тушаал гаргасан юм. Тэдний ажил дээрээ гаргасан алдаа дутагдлыг тухай бүрт өөрсдөд нь хэлж сануулж, сайжруулах нөхцөл боломж, хугацаа гаргаж өгсөн ч үр дүн гараагүй тул Хугацаатай хөдөлмөрийн гэрээ цуцлахаар шийдвэрлэсэн болно.
Ахлах менежерээр ажиллаж байсан Г.Х нь өөрийн ур чадвар, ажилдаа хандах хандлага, алдаа дутагдалд дүгнэлт хийхийн оронд бурууг бусдаас хайж, өнгөрсөн хагас сайн өдөр бүх ажилтан руу дотоод сүлжээгээр захидал гээчийг бичсэн юм байна. Түүнийгээ зарим нэг сайтаар өгч сэвүүлж байх шиг байна. Тэрхүү захидал нь бүхэлдээ буруу ташаа мэдээлэлтэй, миний болоод нэр бүхий ажилтнуудын нэр хүндэд халдаж, гүтгэж гүжирдсэн нь зөвхөн хувь хүмүүсийн биш, компанийн нэр хүндтэй холбоотой асуудал тул “шаардлагатай бол” баримт, нотолгооны хүрээнд хариу тайлбар хийхэд бэлэн байгаа төдийгүй нэр хүндэд халдсан асуудлыг холбогдох байгууллагад гарган тавих болно. Яг одоогоор жиргээ бүрт хариулах завгүй, ялангуяа ботуудад хариулах боломжгүй явна.”