Гадаад худалдааны бараа эргэлт 11.8 тэрбум ам.доллар байна
Монгол Улс энэ оны эхний хагас жилд 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 11.8 тэрбум, үүнээс экспорт 7.6 тэрбум, импорт 4.3 тэрбум ам.доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (27.9 хувь) тэрбум, экспорт 2.3 (42.5 хувь) тэрбум, импорт 325.6 (8.2 хувь) сая ам.доллароор нэмэгджээ. Энэ оны 6 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 88.4 (7.4 хувь) сая, импорт 8.6 (1.1 хувь) сая ам.доллароор өсөв.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хагас жилд 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (2.4 дахин) тэрбум ам.доллароор өсжээ. Өнгөрсөн 6 дугаар сард 472.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 79.8 (20.3 хувь) сая ам.доллароор өссөнийг ҮСХ мэдээллээ.
Тухайлбал, БНХАУ-тай энэ оны эхний хагас жилд 8.6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 73 хувийг эзэлж байна. Үүний 61.4 хувийг чулуун нүүрс, 19.1 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт эзэлжээ.
Энэ оны эхний хагас жилд экспорт өмнөх оны мөн үеийнхээс 2.3 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 2.1 тэрбум, газрын тос 162.9 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 82.1 сая, жоншны хүдэр ба баяжмал 70.8 сая, төмрийн хүдэр, баяжмал 55.3 сая, адууны мах 52.2 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.
Энэ оны 6 дугаар сард алтны хилийн дундаж үнэ өмнөх сарынхаас кг тутамд 2.3 мянган ам.доллароор, төмрийн хүдэр, баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 15.5 ам.доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 7.7 ам.доллароор буурч, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 0.4 ам.доллароор өсөв. Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн 6 дугаар сард 5.6 сая тонн болж, өмнөх сарынхаас 1.4 сая тонноор, үнийн дүн 718.7 сая ам.доллар болж, 139.5 сая ам.доллароор өсжээ.
Импортын дүнд энэ оны эхний хагас жилийн байдлаар БНХАУ 39.2, ОХУ 26.6, Япон 8, БНСУ 4.6, АНУ 3.6, ХБНГУ 2.5 хувийг тус тус эзэлж, нийт импортын 84.4 хувийг бүрдүүлж байна. ОХУ-аас импортолсон барааны 71.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 72.7 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10 хувийг ачааны автомашин эзэлжээ.
Импорт өмнөх оны мөн үеийнхээс 325.6 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 128.2 сая, ачааны автомашин 68.4 сая, суудлын автомашин 51 сая, бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 31.5 сая ам.доллароор өссөн нь нөлөөллөө.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 94.2 хувийг эзэлж байгаа бол импортын 77.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байна.