Ромын пап энэ долоо хоногт манай улсад айлчилж, католик шашинтай 2 тэрбум гаруй хүн Монгол Улсыг мэдэж, сүсэглэнэ

0

Манай улс энэ долоо хоногт дэлхийн 2 тэрбум гаруй католик шашинтуудын анхаарлын төвд орж, Улаанбаатар хотын зочид буудлууд ч захиалгатаа дарагдаад байна. Учир нь Католик шашны тэргүүн, Ромын их хамба лам, тусгаар тогтносон Ватикан Улсын тэргүүн Францис энэ долоо хоногийн Бямба, Ням гараг /2023.09.02-03/-т Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. -ВАТИКАН ХОТ УЛС БОЛ 2 ТЭРБУМ ГАРУЙ КАТОЛИК ШАШИНТНЫ ОЮУН САНААНЫ ТӨВ-Вати­каны хот улс нь Ита­лийн нийслэл Ром хотноо байх дэлхийн хамгийн жижиг улс юм. Харин тус улс дэлхийн 2 тэрбум гаруй католик шашинт­ны оюун санааны төв гэдгээрээ алдартай. Сонирхуулахад, Ватикан хот улсын хүн ам нь сүмийн өндөр хэргэмтэн болох кардинал, сан­ваар­тан, гэлэнмаа, мөн уламжлалаараа Ромын папыг хамгаалж ирсэн швей­царь хамгаалагч нар гээд 830 хүнтэй бөгөөд улсын гадна ажилладаг 3000 ажилтантай талаар 2011 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тус улсад айлчлах үеэр “Өдрийн сонин”-ы нийтлэлч асан Э.Энэрэл бичиж байжээ.

Мөн нийслэлд Ватикан Улсын элчин сайдын яам үйл ажиллагаагаа явуулж, тус улсаас Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд суудаг гэдгийг тэр бүр хүн мэддэггүй байх.

Өдгөө тус улсын элчин сайдаар манай улсад Альфред Ксереб ажиллаж байгаа юм. Харин Католик шашны тэргүүн Ромын пап манай улсад анх удаа, түүхэн айлчлалыг хийх гэж байна. -РОМЫН ПАПЫН МАГТААЛЫН МӨРГӨЛД ОРОЛЦОХ ГЭСЭН КАТОЛИК ШАШИНТНУУДЫН ЗАХИАЛГАД УЛААНБААТАРЫН ЗОЧИД БУУДЛУУД ДАРАГДААД БАЙНА-Тэгвэл Ромын их хамба лам Францис манай улсад энэ долоо хоногийн Баасан гараг /2023.09.01/-т “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм. Харин түүнийг угтах албан ёсны ёслол Бямба гараг /2023.09.02/-ийн 09:00 цагт Сүхбаатарын талбайд болно. Улмаар энэ өдрөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах бол, түүнд УИХ-ын дарга, Ерөнхий сайд бараалхах бол, мөн тэрээр дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй  уулзалт хийнэ гэж байгаа. 

Харин айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу Ням гараг /2023.09.03/-т “Магтаалын мөргөл”-ийг хийх бөгөөд энэхүү арга хэмжээнд оролцохоор католик шашинтуудын төлөөллүүд манай улсад ирээд байгаа бөгөөд Улаанбаатар хотын зочид буудлууд дүүрэхээр захиалгатай байгаа талаар БОАЖЯ-наас мэдэгдсэн.

Харин Ромын папын айлчлалын геополитикийг зарим судлаачид “Монгол Улсын ардчиллыг дэмжих, нөгөө талаар өмнө нь Католик шашны өмнөх тэргүүн манай улсад айлчлахаар төлөвлөж байгаад насан эцэлсэн тул, үүнийг нь гүйцэлдүүлэх гэж байгаа” хэмээн тайлбарлаж буй юм. Ямартай нь энэ долоо хоногт дэлхийн 2 тэрбум гаруй католик шашинтууд Монгол Улсыг таньж, харж, сүсэглэх бололтой. Мөн манай улс ч Ромын их хамба ламын айлчлалд сайтар бэлтгэж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *