Э.ХҮРЭЛБААТАР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРООР ХОЁР ЖИЛ АЖИЛЛАХДАА ОРОН СУУЦНЫ ХОТХОНТОЙ, ЕСӨН ДАВХАР ОФФИСТОЙ БОЛЖ АМЖЖЭЭ

0

    Бид үе үеийн Нийслэлийн Ерөнхий архитекторуудын ноцтой баримтуудыг цувралаар дэлгэж байгаа. Өмнөх дугаартаа бид Нийслэлийн Ерөнхий архитектор асан М.Цэлмэг, Н.Нацагдорж нарын нийслэлээс “халаасалсан” нууц хөрөнгүүдийг дэлгэсэн. Тухайлбал, М.Цэлмэг Нийслэлийн Ерөнхий архитектороор ажиллаж байх үедээ хүү Ц.Эсэнгийнхээ “Тектоник” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 3-р хороо, “Home plaza”-гийн урд 2.7 га газар авч, “Khans Vill” хэмээх хотхон барьж худалдсан. Харин Нийслэлийн ерөнхий архитектор асан Н.Нацагдорж хүү Н.Тэлмүүнийхээ “Нүхт ресурс” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 4-р хороо, Богдхан уулын Нүхтийн аманд 9983м2 газар авч, 980м2 талбайтай, 30 өрөөтэй хаус барьсныг бид илчилсэн. Тэгвэл энэ удаад М.Цэлмэг, Н.Нацагдорж нарын орыг залгаж томилогдсон Э.Хүрэлбаатар Нийслэлийн Ерөнхий архитектороор ажиллаж хугацаандаа есөн давхар оффистой, орон сууцны хотхонтой болсон баримтыг дэлгэж байна. 

М.Цэлмэгийн нийтлэлийг энд дарж уншаарай

Н.Нацагдоржийн нийтлэлийг энд дарж уншаарай

Э.ХҮРЭЛБААТАР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРООР АЖИЛЛАЖ БАЙХДАА “МОНРЕ КОНСТРАКШН” ХХК-ИЙНХАА НЭР ДЭЭР ГАЗАР АВЧ, ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРИУЛЖЭЭ 

        Э.Хүрэлбаатар 2009 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын Барилга хот байгуулалт хариуцсан зөвлөхөөр томилогдсон. Гэтэл ганцхан жил зөвлөх хийгээд 2010 онд Нийслэлийн Ерөнхий архитектор болж дэвшсэн байдаг. Улмаар Г.Мөнхбаярыг Хотын даргаас чөлөөлөгдсөнөөс хоёр сарын дараа буюу 2012 оны арвандугаар сард шинэ Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Нийслэлийн Ерөнхий архитекторын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Э.Бат-Үүл АН-ынх, Э.Хүрэлбаатар МАН-ынх учраас таарч, тохироогүй. Нөгөөтээгүүр, тухайн үед Э.Бат-Үүл хууль бусаар баригдсан хэд хэдэн барилгыг нураах шийдвэр гаргасан ч Э.Хүрэлбаатар тухайн барилгуудыг хамгаалж, ашиг сонирхлын зөрчил гаргасан учраас учраас ийнхүү албан тушаалаас нь чөлөөлсөн гэдэг. Тэгвэл Э.Хүрэлбаатар 2010-2012 онд Г.Мөнхбаярын баруун гар болж, Нийслэлийн Ерөнхий архитектороор хоёр жил ажиллахдаа халаасаа түнтийлгээд амжжээ. 

Тодруулбал, Нийслэлийн Ерөнхий архитектор асан Э.Хүрэлбаатар төрсөн дүү Э.Мөнхбаатар, Э.Болдбаатар нарын хамт “Монре” ХХК, “Монре констракшн” ХХК-уудыг эзэмшдэг. Гэтэл Э.Хүрэлбаатар Нийслэлийн Ерөнхий архитектор болоод хэдхэн сарын дараа буюу 2010 оны аравдугаар сарын 27-нд Хотын дарга Г.Мөнхбаяраар захирамж гаргуулж, “Монре” ХХК-ийнхаа нэр дээр “А” зэрэглэлийн бүс буюу Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороололд “Худалдаа, үйлчилгээ, орон сууцны цогцолбор” зориулалтаар 300м2 газар авчээ. Улмаар 2011 оны нэгдүгээр сарын 17-нд Э.Хүрэлбаатар Нийслэлийн Ерөнхий архитекторын хувиар өөрийнхөө “Монре” ХХК-д орон сууцны хотхон барих зөвшөөрөл буюу “Архитектур төлөвлөлтийн даалгавар” баталж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Э.Хүрэлбаатар Нийслэлийн Ерөнхий архитектор болмогцоо л “Монре” ХХК-ийнхаа нэр дээр “А” зэрэглэлд буюу 13-р хороололд газартай, орон сууцны хотхонтой болжээ. 

Цаашилбал, Э.Хүрэлбаатар “Монре констракшн” ХХК болон төрсөн дүү Э.Төмөрбаатарынхаа ““И Би Өү фэнсинг” ХХК-ийн нэр дээр орон сууцны хотхон барих хэд хэдэн газар авч амжээ. Тухайлбал, “Монре констракшн” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 34-р хороо буюу Найрамдал зуслан өгсөх Баянголын аманд “Үйлчилгээтэй орон сууц” зориулалтаар нийт 4.8 газар эзэмшдэг бол “И Би Өү Фэнсинг” ХХК нь Хан-Уул дүүргийн 16-р хороо, “Буянт-Ухаа-1” хорооллын зүүн талд  “9 ба түүнээс дээш давхар орон сууц” зориулалтаар 1360м2 газар эзэмшдэг ажээ.  

Э.ХҮРЭЛБААТАР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР БАЙХДАА “МОНРЕ КОНСТРАКШН” ХХК-ААРАА “АРХИТЕКТОРУУДЫН ОРДОН” НЭРЭЭР ЕСӨН ДАВХАР ОФФИС БАРИУЛЖЭЭ

      “Монголын архитекторуудын эвлэл” гэх байгууллагыг 1956 онд БНМАУ-ын Сайд нарын тушаалаар байгуулсан байдаг. Гэтэл 67 жилийн түүхтэй энэ байгууллага Э.Хүрэлбаатар гэх ганц хүний хувийн компани болжээ. Тодруулбал, Э.Хүрэлбаатар Нийслэлийн Ерөнхий архитектороор томилогдсоныхоо дараа жил буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 6-нд “Монголын архитекторуудын эвлэл”-ийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлж, Ерөнхийлөгчөөр нь ажиллаж эхэлжээ. Харин өнгөрсөн 2022 онд Э.Хүрэлбаатар халаагаа  өгч “Монголын архитекторуудын эвлэл”-ийнхээ шинэ Ерөнхийлөгчөөр Нийслэлийн Ерөнхий архитектор асан Н.Нацагдоржийг томилсон аж. Хамгийн ноцтой нь, Улсын бүртгэлд “Монголын архитекторуудын эвлэл”-ийн эцсийн өмчлөгчөөр Э.Хүрэлбаатар өөрөө бүртгэлтэй байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, өнгөн талдаа Н.Нацагдоржоор удирдуулж байгаа боловч энэ эвлэлийн эзэн нь Э.Хүрэлбаатар гэсэн үг юм. 

Тэгвэл Э.Хүрэлбаатар Нийслэлийн Ерөнхий архитектороор ажиллаж байхдаа “Монголын архитекторуудын эвлэл”-ийнхээ нэр дээр Сүхбаатар дүүргийн 8-р хороо буюу Улаанбаатар чуулгын зүүн талд, Сэлбэ голын эрэгт 382м2 газар авчээ. Улмаар Нийслэлийн Ерөнхий архитекторын албан тушаалаасаа чөлөөлөгдмөгцөө энэ газар дээрээ өөрийнхөө “Монре констракшн” ХХК-аар “Архитектор ордон” гэх есөн давхар барилга бариулж, 2014 онд ашиглалтад оруулжээ. Өдгөө “Архитектор ордон” гэх энэ барилга Э.Хүрэлбаатарын эзэмшдэг “Монголын архитекторуудын эвлэл”-ийн нэр дээр гэрчилгээтэй. Мөн энэ барилгад   Э.Хүрэлбаатарын “Монре” ХХК,  “Монре констракшн” ХХК болон төрсөн дүү Э.Мөнхбаатарынх нь “И Би Өү фэнсинг” ХХК, “Гео аналитик” ХХК, “Гран тэмүн” ХХК-ууд оффислож, үйл ажиллагаа явуулдаг ажээ. Товчхондоо, “Архитектор ордон” гэх энэ барилга Э.Хүрэлбаатарын эзэмшил гэсэн үг юм. Сонирхуулахад, Э.Хүрэлбаатарын “Архитектор ордон”-ы 250м2 талбайтайгаа оффисын өрөө нь 1.1 тэрбум төгрөгийн үнэтэй байдаг аж. 

Энэ мэтээр Э.Хүрэлбаатарын хөрөнгүүдийг шүүж үзвэл, Нийслэлийн Ерөнхий архитектороор хоёрхон жил ажиллах хугацаандаа “Монре” ХХК-ийнхээ орон сууцны хотхонтой, “Монре констракшн” ХХК-ийнхаа нэр дээр 4.8 га газартай, “Монголын архитекторуудын эвлэл”-ийнхээ нэр дээр есөн давхар оффистой болж амжжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *