ТОДРУУЛГА: Хотын даргыг хүн дайрсан гэх асуудлыг нарийн шалгасан ч зам тээврийн осол болсон нь ТОГТООГДООГҮЙ. Мөн сэтгүүлч Т.Шинэбаяраас нотлох баримт авахаар дуудсан ч мэдүүлэг өгөхөөс татгалзсан

0

Олон нийтийн сүлжээнд “Хотын дарга, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нь согтуудаа хүн дайрсан гэх хэргийг хааж” шийдвэрлэсэн талаар нийтлэгдсэн. Энэ талаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатараас тодрууллаа.

-Нэр бүхий сэтгүүлч өөрийн цахим хуудсанд “хохирогчтой, баримттай, олон гэрчтэй, ноцтой, санаатайгаар үйлдсэн хэргийг прокуророос хааж шийдвэрлэлээ… гэмт хэргийг дахиж нээлгэнэ” гэх утга бүхий зүйлийг нийтэлсэн байсан. Сэтгүүлчийн мэдээлэлд дурдагдсан зам тээврийн ослын талаарх дуудлага, мэдээлэл, гомдол цагдаагийн байгууллагад ирээгүй, бүртгэгдээгүй байсан.

Тээврийн цагдаагийн албанаас сэтгүүлч Т.Шинэбаярын цахим хуудастаа бичсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, осол болсон гэх газрын автозамын хяналтын камерын бичлэг, Нийслэлийн түргэн тусламжийн газар болон Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн өвчтөн хүлээн авсан бүртгэлд үзлэг хийсэн, мөн гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагаа явуулсан материалыг хянахад зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдоогүй. Мөрдөгчийн санал үндэслэлтэй байсан тул хуульд заасан эрхийн хүрээнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах шийдвэрийг гаргасан.

-Сэтгүүлч Т.Шинэбаярын зүгээс цагдаагийн байгууллагад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Мөн өөрт нь нотлох баримт байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Мөрдөгч, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг сэтгүүлч Т.Шинэбаярт мэдэгдэж, зам тээврийн ослын талаар гэрчийн мэдүүлэг авах, мөн өөрт нь байгаа ослын талаарх нотлох баримтуудыг гаргуулан авахаар дуудсан боловч мэдүүлэг өгөхөөс татгалзаж, нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Түүний олон нийтийн сүлжээгээр гаргаад байгаа зам тээврийн ослын талаарх мэдээлэл үнэн бодитой эсэхийг тогтоох, нотлохын тулд мөрдөгч хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулж бүх талаас нь шалгасан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *