Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар мэдүүлгээ нэгтгэж, Ерөнхийлөгчөөс хамгаалалт хүсжээ
Нүүрсний сонсгол болоогүй байгаа ч 11 хүнд холбогдох нэг хэрэг шүүхийн шатанд хянагдаж, олны анхаарлыг татаж байна. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нар яллагдагчаар татагдсан. Үүнээс гадна ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хэрэг тусдаа шүүхэд шилжээд байгаа.
Б.Ганхуягийн хувьд есөн сар хоригдож байна. Харин Т.Аюурсайханы УИХ-ын гишүүний бүрэн эрх өнгөрөгч хавар түдгэлзсэн. Мөн ХНХ-ын сайдаас ч буусан юм. Өчигдөр тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Улмаар шүүх хурлыг ирэх сарын 12 хүртэл хойшлуулан шийдвэрлээд байна.
Шүүх хурлын үеэр Б.Ганхуяг санал хэлсэн бол Т.Аюурсайхан сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм. Мэдээж тэд өөрсдийгөө нүүрсний хэрэгт огт холбоогүй хэмээн дурдаж байна. Мөн өөр нэг нэгдмэл байр суурь нь, шүүх хурлыг нээлттэй явуулах санал юм.
Мэдүүлгээ нэгтгэж, Т.Аюурсайхан Ерөнхийлөгчөөс хамгаалалт хүсэж байна
Тэгвэл, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар хуулийн байгууллагад өгөх мэдүүлгээ нийлүүлж буй тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Мөн Ерөнхийлөгчөөс тодорхой хамгаалалт хүсэж, удаа дараа хандаад буй гэдэг ч мэдээлэл байгаа юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд Т.Аюурсайханыг хамгаалах үндэслэлтэй. Товчхон дурдахад, 2018 онд У.Хүрэлсүх Засгийн газраа тэргүүлэхэд Ерөнхийлөгч асан Н.Багабанди дэмжсэн байр суурийг ил илэрхийлж байлаа. Үүнийхээ хариуд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирлаар Х.Бадамсүрэнг үлдээх, Т.Аюурсайханаар дамжуулан ЭТТ ХК дахь нөлөөллөө чангатгах тохироо хийсэн гэгддэг. Т.Аюурсайхан Н.Багабандийн туслахаар ажиллаж байсан намтартай.
Харин Б.Ганхуягийн хувьд өнгөрсөн хугацаанд бүтэн хоригдсон гэхээсээ “Интермэд” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэргээр чөлөөтэй байсан гэгдэж байна. Энэ хугацаандаа Т.Аюурсайхантай мэдүүлгийн агуулгаа нэгтгэж буйг дээр дурдсанчлан эх сурвалжууд дурдаж байгаа юм.
Тэдний шалгагдаж буй хэрэг, хардах үндэслэл юу вэ
Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд,
Б.Ганхуягийг,
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд нь ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэргээр
Т.Аюурсайхан нарыг,
“Улс төрд нөлөө бүхий этгээд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх хэргээр тус тус шалгаж байгаа юм.
Б.Ганхуягийн хувьд ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал байхдаа мөнгө угаасан, хахууль авсан олон кэйс яригддаг. Мөн урьдчилсан байдлаар “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржоор дамжуулан “Regis Palace” барилгаар мөнгө угаасан байж болзошгүй асуудал анхаарал татаад буй.
Энэ талаар бэлтгэсэн Б.Ганхуяг, Б.Хишигдорж нар ЭТТ-н нүүрсийг “Regis palace” босгох барилгын материал болгосон уу өмнөх контентыг ЭНД ДАРЖ уншаарай.
Харин Т.Аюурсайханы хувьд 11 хүний бүлэг гэмт хэрэг гэдэг утгаараа яллагдах ихээхэн эрсдэлтэй гэж үзэж байгаа юм байна. Тэр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудалд өөрийн ХОМ-ийг асуудалгүй шалгуулна, баталж нотолно гэдэг байр сууриа илэрхийлжээ. Харин “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэдэг нь өнгөрсөн өвлийн нүүрсний жагсаалд холбогдож байгаа юм.
Тодруулбал, нүүрсний жагсаалыг ЭТТ ХК, Монголын оюутны холбоо тэргүүтэй байгууллагаас санхүүжсэн хүмүүс санаатайгаар турхирсан, зохион байгуулсан гэдэг асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Т.Аюурсайханы хувьд уг жагсаалын үеэр Сингапур луу очсон гэх баримтыг сэтгүүлчид дэлгэж байв. Мөн түүний ойрын хамаарал бүхий хүмүүс Монголын оюутны холбоо хийгээд ЭТТ ХК-д сүүлийн жилүүдэд томилогдон ажиллаж байсан байж болзошгүй холбоо хамаарлыг хэвлэл олонтой дэлгэсэн билээ.
Бүлэг хэргийн шүүх хурал сунжрах төлөвтэй
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Б.Ганхуяг цагдан хорих арга хэмжээгээ өөрчлүүлэх санал гаргасан ч хэвээр үлдээсэн.
Харин хэрэгт холбогдсон 11 хүний нэг нь яллагдагч Т.Аюурсайханы дүү Т.Түвшинбаатар юм. Тэгвэл түүний өмгөөлөгч н.Саруултөгөлдөр нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй, хурал давхацсан гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийг хангаж, урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. 11 хүний бүлэг хэрэг учир шүүгдэгчдийн өмгөөлөгчид өөр хэрэгт давхар ажиллаж буйгаас шалтгаалж ихээхэн сунжрах магадлалтай байгаа.
Харин Б.Ганхуяг тусдаа шүүгдэж буйн хувьд шүүх хуралдааныг аль болох шуурхай үргэлжлүүлэх хүсэлтэй, өөрийгөө “Нэг шанага ч нүүрстэй холбоогүй” хэмээн мэдэгдээд амжсан.
Мэдээж хуулийн байгууллагын өмнө шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх бүрэн эрхтэй. Гэхдээ тэдний нүүрсний хэрэгт холбогдсон бат нот үндэслэлүүдийг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй юм.