“ЗАЛУУ МАЛЧИН” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ Х.БОЛОРЧУЛУУН САЙДАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Залуу малчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гүйцэтгэсэн Залуу малчин сургалтын хөтөлбөрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд өнөөдөр гардуулан өглөө.
Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Увс, Хөвсгөл аймгийн 74 сум тус бүрээс нийгмийн идэвх, манлайлал сайтай 22-35 насны залуу малчныг сонгон шалгаруулж, тэдний оролцоотой сургалтын хэрэгцээг тодорхойлон чадамжийн 9 нэгжтэй “Залуу малчин” сургалтын хөтөлбөрийг боловсруулах, турших ажлуудыг 2022 онд гүйцэтгэсэн.
Төслийн зүгээс эдгээр 74 залуу тус бүрд өвөлжөөний хөл бууцанд ногоон тэжээл тарих дадал эзэмшүүлэхийн тулд тус бүрд нь нэг шуудай хошуу будааны үр, арьс, нэхий элдэх бага оврын машин, хонины ноос хяргах цахилгаан машиныг тус тус олгосон.
Энэ онд хүлээгдэж буй чухал үр дүнгийн нэг нь залуу малчдын туршлага судлах аяллыг зохион байгуулах юм. Одоогийн байдлаар зүүн болон төвийн бүсийн залуу малчдын туршлага судлах аялал танхимын сургалтыг зохион байгуулаад буй бөгөөд баруун аймгуудын сургалт, аяллыг 9, 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.