Говь-Алтайн иргэд шударга ёсны тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийллээ

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавьж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. 
 
Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, авлигын эсрэг тэмцлийг идэвхжүүлэн, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох зэрэг олон арга хэмжээ авсны үр дүнд эерэг өөрчлөлтүүд гарч байна. 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4.6 хувьтай байсан бол 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувьд хүрч өслөө. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ч өсөж 2023 онд анх удаа 5000 ам.долларт хүрээд байна. Засгийн газраас бүс нутаг, хөдөөгийн хөгжилд онцгойлон анхаарч 2022 онд “Мянганы зам” төслийн хүрээнд 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбож дууссан бол цаашид 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж бүх аймаг, боомтуудаа автозамаар холбон, дулаан цахилгаанаар бүрэн хангах зорилт тавьж буйг Ерөнхий сайд танилцууллаа.



Говь-Алтай аймаг 58.257 хүн амтай. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, ногоон эрчим хүч, уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл болон БНХАУ-ын Ганьсу муж, Шинжаантай хиллэдэг тул хил орчмын худалдаа, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Засгийн газраас тус аймгийн Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулахаар судалж байна. Тайширын УЦС-ыг төвийн бүсийн эрчим хүчний системтэй холбосноор 44 сум, суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Шинээр тус аймагт “Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орж, эрчим хүчний хосолсон эх үүсвэртэй болоод байна.
Иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны төлөөх тэмцэл, нээлттэй үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бодит амьдралтай уялдуулан хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, малын түүхий эдийг үнэд хүргэх, тэтгэврийн шударга тогтолцоо, орон нутгийн бичил уурхай эрхлэлтэд анхаарахыг хүслээ. Ерөнхий сайд, холбогдох сайд нар иргэдийн асуултад хариулж мэдээлэл өглөө.

Энэ үеэр Ерөнхий сайд төрийн алба улс төржихгүй хуулийн хүрээнд ажиллах, зөрчвөл хатуу хариуцлага тооцдог байх зарчим үйлчлэх ёстойг хэллээ. Иргэдийн тавьсан зарим асуудлыг судалж, хамтарч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

2024 оны улсын төсвийг боловсруулж буй энэ цаг үед Ерөнхий сайд УИХ, Засгийн газрын холбогдох гишүүдийн хамт орон нутагт ажиллаж иргэдийн саналыг авч байна. Говь-Алтай аймгийн иргэдийн санал асуулгаар Алтай хотын төвийн 2-р хэлхээний ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, Алтай хотын төвийн хатуу хучилттай авто замын 2-р үе шат, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн барилга, Сумдын орон сууцны хорооллын гадна ус, дулаан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, гадна холбооны угсралт, сумдын цэвэрлэх байгууламж, /Говь-Алтай,Жаргалан, Шарга, Чандмань, Төгрөг/, Эрдэнэ сумын сургуулийн барилга, Дэлгэр, Цээл сумын дотуур байр, Тайшир, Баян-Уул сумын ЗДТГ-ын байрны барилгын ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай хэмээн эрэмбэллээ.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хамтран хэрэгжүүлж улс орноо, хандлагаа өөрчлөх реформд нэгдэхийг уриаллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *