Тогтвортой хөгжлийн зорилгыг дунд, богино хугацааны бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулан эрчимжүүлнэ 

0

Өнгөрсөн долдугаар сарын 10-20-д Тогтвортой хөгжлийн төлөөх Улс төрийн дээд түвшний чуулга уулзалт АНУ-ын Нью-Йорк хотноо болж, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын (ТХЗ) хэрэгжилтийг үнэлсэн Үндэсний сайн дурын илтгэлээ танил цуулсан. Уг илтгэлийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас ахлан боловсруулсан бөгөөд ажлын хэсгийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа.

-Үндэсний сайн дурын илт гэл гэж юу вэ?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны чуулга уулзалтын үеэр дэлхийн 193 гишүүн орны тэргүүн нар оролцож 17 зорилго, 169 зорилт, 248 шалгуур үзүүлэлт бүхий, 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн зорилго” хөтөлбөрийг тунхаглан баталсан. 

Дэлхийн улс орон бүр эдгээр зорилгыг үндэсний хөгжлийн бодлоготойгоо уялдуулан тусгаж, төлөвлөн хэрэгжүүлж байна. НҮБ-аас Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд гишүүн улс орнуудыг хөгжлийн зорилгоо хэрэгжүүлэхэд гарч буй ахиц дэвшил, саад бэрхшээлийн талаарх үнэлгээг үндэсний түвшинд, тогтмол хийхийг сайшаан дэмждэг. 2016 оноос эхлэн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд гарсан ахиц дэвшил, сургамж, тулгамдаж буй сорилт бэрхшээлээ Үндэсний сайн дурын илтгэлээр дамжуулан үнэлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтын үеэр танилцуулдаг болсон. Үндэсний сайн дурын илтгэл нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гаргасан амжилт, сорилт, туршлагаа хуваалцахын зэрэгцээ тухайн улс орны хөгжлийн бодлого, институцийн тогтол цоог бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд олон талын хамтын ажиллагааг сайжруулах чухал ач холбогдолтой байдаг. Монгол Улсын хувьд Үндэсний сайн дурын анхдугаар илтгэл (ҮСДИ)-ээ 2019 онд танилцуулж байсан бол хоёр дахь удаагийн илтгэлээ өнгөрсөн оны долдугаар сард зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн төлөөх Улс төрийн дээд түвшний уулзалтад амжилттай танилцууллаа.

-Сайн дурын хоёрдугаар илтгэлийг хэрхэн бэлт гэ сэн бэ?

-Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны 2022 оны наймдугаар сарын 11-ний хуралдаанаар Монголын Засгийн газрын Үндэсний сайн дурын илтгэлийг боловсруулах, шаардлагатай бэлтгэл ажлыг ханган ажиллахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Эдийн засаг, хөгжлийн сайдын 2022 оны есдүгээр 30-ны А/92 дугаар тушаалаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний сайн дурын илтгэл бэлтгэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж, олон талын оролцоог ханган илтгэлийг боловсрууллаа. Боловсруулах ажлын хүрээнд олон талын оролцоог бодитой хангахыг чухалчилсан бөгөөд нийт 10 гаруй удаагийн үндэсний болон орон нутгийн хэлэлцүүлэг, нээлттэй уулзалт, олон удаагийн групп ярилцлага, хамтын ажиллагааг зохион байгуулсан бөгөөд иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид идэвхтэй оролцсон. Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэл бүтцийн хувьд удиртгал, зургаан бүлэг, дүгнэлт, цаашид авах арга хэмжээний санал гэсэн бүтэцтэй.

-ҮСДИ бэлтгэх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам ахлан, хариуцан ажиллаж байна. Өөр бусад ямар байгууллага оролцсон бэ?

-Хөгжилд хүн бүрийн л оролцоо чухал. Хөгжлийн асуудал бол зөвхөн Засгийн газрын ажил биш. Энэ ажилд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид гээд бүх талын бүтээлч оролцоог хангах асуудал нэн чухал. ҮСДИ-ийг бэлтгэх явцад олон талыг оролцуулж, тэдний санал, санаачилгыг тусгаж байгаа нь хөгжлийн асуудлуудаар цаашид хэрхэн хамтран ажиллах зураглалаа гаргаж, гүйцэтгэх үүрэг, оруулах хувь нэмрээ тодорхойлж буй хэрэг юм. Илтгэлийн агуулгын тодорхойлохоос эхлээд НҮБ-д тайлагнах хүртэлх бүх үйл ажиллагаа, үе шат бүрт дээрх бүтээлч оролцоог бүрдүүлэхийг зорьсон. Оролцогч талууд ч идэвх санаачилгатай ажилласан. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын байгууллагууд, Гадаад хэргийн яам, Үндэсний статистикийн Хороо, Жендерийн үндэсний Хороо, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар зэрэг олон байгууллагыг энд дурдаж болно.

-Илтгэлд тусгагдсан гол агуулгыг дурдвал?

-Илтгэлийн нэгдүгээр бүлэгт ҮСДИ-ийг боловсруулахад олон талын оролцоог хангах үйл явц болон илтгэлийг бэлтгэхэд ашигласан арга зүйг тусгасан. Арга зүйн хувьд ТХЗ-ын хэрэгжилтийн ахиц, дэвшлийг үнэлэх, Бүс, орон нутгийн хөгжлийн шинжилгээний арга зүй, Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлан боломжийн тэгш бус байдлын шинжилгээний арга зүйгээр тус тус шинжилгээ хийлээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн эрх зүйн орчин, Тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах үйл явц, тогтвортой хөгжлийг хангах институцийн тогтолцоонд гарсан өөрчлөлт, ахиц дэвшил, олон талын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх чиглэлд гарсан ахиц дэвшлийг хоёрдугаар бүлэгт тусгасан. Гуравдугаар бүлэгт Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг шалгуур үзүүлэлт бүрээр үнэлж, үр дүнг тусгасан.

ТХЗ-ын хэрэгжилтийн ахиц, дэвшлийг үнэлэх арга зүйг ашиглан одоогоор тооцох боломжтой 191 шалгуур үзүүлэлтээс хоёр болон түүнээс дээш жилийн динамик мэдээлэл бүхий 83 зорилтын хувьд 2010-2021 оны мэдээлэлд тулгуурлан ТХЗ-ын хэрэгжилт үндэсний түвшинд хэрхэн хангагдаж байгааг шинжилсэн. Үүнээс үзэхэд 32 зорилт нь зорьсондоо хүрэх явцад, 36 зорилт нь хэрэгжилтийг хурдасгах шаардлагатай бол 15 зорилт ухралттай байна. Зорилгын хувьд Монгол Улсад тодорхойлсон 16 зорилгын 15 нь хэрэгжилт тодорхой түвшинд ахицтай, нэг зорилго зорилго хэрэгжилт бууралттай үнэлэгдсэн. Мөн цар тахал, геополитикийн зөрчилдөөн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд хэрхэн нөлөөлсөн талаарх шинжилгээг дөрөвдүгээр бүлэгт хийсэн. Тухайлбал, цар тахлаас өмнө нэг ажилчинд ногдох бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, эдийн засгийн бодит гүйцэтгэл сайжирч байсан ч 2020 онд эдийн засаг 4.6 хувиар агшсан. Харин Засгийн газраас хэрэгжүүлсэн, эдийн засгаа богино хугацаанд сэргээх бодлогын арга хэмжээний дүнд 2022 онд эдийн засаг 4.8 хувиар өссөн.

Түүнчлэн хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсний үр дүнд цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулж чадсан. Гэвч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай хүргэх нөөц, хангамж дутагдалтай байсан нь эрүүл мэндийн бусад үйлчилгээний хүртээмжид нөлөөлсөн байна. Боловсролын хүртээмж нэмэгдэж, сургалтын шинэлэг арга хэрэгслийг нэвтрүүлснээр цар тахлын үед цахим сургалтын орчин илүү сайжирсан ч боловсролын тэгш бус байдал нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарсан. Илтгэл бүрт ТХЗ-ын хэрэгжилтийг хязгаарлагч хүчин зүйлийг сонгон авч шинжилгээ хийдэг. Энэ удаад Бүс, орон нутгийн хөгжлийн асуудлыг сонгон авч, хэрэгжилтэд саад учруулж буй бүс, орон нутгийн хөгжлийн тулгамдсан найман зангилаа асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх шийдэл, зөвлөмжийг тавдугаар бүлэгт тусгасан. Түүнчлэн “Хэнийг ч орхигдуулахгүй байх зарчим” баримтлан хөгжлөөс орхигдох эрсдэлтэй хүн амын бүлгийг LNOB буюу боломжийн тэгш бус байдлыг үнэлэх арга зүйг ашиглан ТХЗ-ын шалгуур үзүүлэлтийн хүрээнд үндэсний болон бүсийн түвшинд тэгш бус байдлыг үнэлэхийн зэрэгцээ нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжээс хамгийн хол хоцорсон бүлгүүдийг тодорхойлж тусгайлан зургадугаар бүлэгт тусгалаа.

-Дээрх олон судалгаа, шинжилгээнээс ямар дүгнэлт, зөвлөмж гаргасан бэ?

-Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахын тулд дунд, богино хугацааны бодлогын чиглэлтэй уялдуулан хяналт, тайлагналын тогтолцоог сайжруулж, үнэлгээг тогтмолжуулах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын орчныг тодорхой болгож, оролцоог идэвхжүүлэх хэрэгтэйг онцолсон. Бид ч энэ тал дээр анхаарч дунд хугацааны хөгжлийн бодлого Хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн төслийг боловсруулахдаа дээрх асуудлыг цөм болгон авч үзэж ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, зөрчил, мөргөлдөөн, байгалийн гамшигт үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, эрсдэл ийг даван туулах, өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн олон улсын түншлэл, бүс, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, нөөц эх үүсвэрийн бэлэн байдлыг хангах зэргээр нийгэм, эдийн засгийн суурь чадавхыг бэхжүүлэх хэрэгтэй. Мөн хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмын хүрээнд бүс, орон нутгийн хөгжлийн ялгаатай байдлыг бууруулах, уул уурхайн болон уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тээврийн дэд бүтэц, ложистикийн сүлжээг бий болгох, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг бүх хүн амд тэгш хүртээх зэрэгт хүчин чармайлт гаргах шаардлагатай байна гэж дүгнэсэн. Иймд бид ТХЗ-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллах хэрэгтэй.

-ҮСДИ-ийг НҮБ-д танилцуулсан талаар тодруулна уу.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн төлөөх улс төрийн дээд түвшний чуулга уулзалт 2023 оны долдугаар сарын 10-20-нд АНУ-ын Нью-Йорк хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ чуулганаар 39 улс болон Европын холбоо “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ дүгнэж ҮСДИ-ээ тайлагнаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. Уг чуулга уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ тайлагнаж, хоёр дахь удаагийн ҮСДИ-ээ амжилттай танилцуулсан. 
 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *