Монголын анхны гадаадын хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн схем
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэний дараа 1993 онд анхны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталжээ. Энэ цагаас Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт бага багаар идэвхжиж, 2012 онд хамгийн оргил үедээ хүрч байв. Харамсалтай нь, энэ цагаас гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос үргэсэн. Хөрөнгө оруулагчид Монголоос үргэх шалтгааныг хууль эрх зүйн орчин тогтворгүйгээс гадна гадаадын хөрөнгө оруулагчийг луйварддаг, гэмт хэрэгтэн болгож байгаад хөрөнгийг нь, газрыг нь дээрэмддэг явдал нэг биш, нэлээд олон давтагдсантай холбоотой. Жил орчмын өмнө Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Тухайн ажлын хэсэг 2012-2022 оноос хойш гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой иргэний болон эрүүгийн хэргүүдтэй танилцаж, хөрөнгө оруулагчийг хохиролгүй болгохоор хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулагчийг тонон дээрэмдсэн 50 гаруй хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа аж. Эдгээрийн дунд Суруга корпорацийн захирлыг гэмт хэрэгт гүтгэн газрыг нь хуваан авсан хэрэг багтаж байгаа аж. Сануулбал, Суруга корпорацийн Хара Цунэакегийн буудаллаж байсан өрөөний орны матрас доор мансууруулах бодис байршуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гүтгэсэн гэх хэрэг. Энэ явдлын дараа Суруга корпорацийн Хан-Уул дүүрэгт эзэмшиж байсан 83 га газрыг Монголын нэр бүхий 10 гаруй ААН хуваан авсан байдаг. Энэ асуудалд хууль, хүчний байгууллага удирдаж байсан зарим хүн нэр холбогдоод байгаа. Хохирогч Япон улсын иргэн Хара Цунэаке нь нас барсан тул түүний хүүг хохирогчоор тогтоож, эл хэргийг дахин шалгасан байна. Удахгүй шүүх эцэслэн шийднэ.
Тэгвэл эл хэрэгтэй тун төстэй үйл явдал 1999 онд гарч байжээ. Монгол Улсад хөрөнгө оруулсан Канадын улсын иргэн учир битүүлгээр амиа алдсаны дараа монгол хувьцаа эзэмшигчид хөрөнгийг нь дээрэмдсэн гэх баримтыг сийрүүлье. Хэрэг хуучирдаггүй гэдэг дээ.
Канадын хөрөнгө оруулагч Арманд Бодуэн ба БАРМАШ ХК
Канадын иргэн Арманд Бодуэн нь 1997 онд Монголын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн Бармаш ХК-ийн нэг сая хувьцааг 200 сая төгрөгөөр (тухайн үеийн ханшаар) худалдан авч, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь болжээ. 1990 оны эхэн үед Бармаш улсын мэдлийн пүүс байсан. Харин 1991 оны сүүлээр Бармаш пүүсийг татан буулгаж, Бармаш компани болгон өөрчлөн байгуулсан байдаг. Ингээд өмч хувьчлалаар Канадын хөрөнгө оруулагч Амранд Бодуэн өөрийн эзэмшдэг Голден Тайгер корпорациар дамжуулан Бармаш ХК-ийн дийлэнх хувьцааг худалдан авчээ. Ингэхдээ нэр бүхий таван иргэний нэр дээр үнэт цаасаа тараан байршуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Бармаш ХК-ийн хувьцааг дараах байдлаар эзэмшүүлжээ.
-Арманд Бодуэн 19.6 хувь
-Арманд Бодуэны төрсөн хүү Гэри Бодуэнд 19.3 хувь
-Австралийн иргэн Жон Херберт 17.2 хувь
-Монгол Улсын иргэн Ч.Хажидсүрэнд 18.8 хувь
-Монгол Улсын иргэн Г.Ганбаатарт 19.2 хувь
-Ажилчид болон жижиг хувьцаа эзэмшигчид (300 орчим хүн)5.9 хувийг тус тус эзэмшиж байжээ.
Гэтэл гол хөрөнгө оруулагч Арманд Бодуэн нь 1999 оны долдугаар сард учир битүүлгээр нас барсны дараа түүний хөрөнгийг дээрэмдэх хууль бус ажиллагаа эхэлжээ.
Бармаш ХК-ийг хувьцаа эзэмшигчдийг Монгол Улсын Үндэсний цаасны хороонд бүртгүүлэх өргөдөл
Баримт 1
Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь Арманд Бодуэн нас бараад жил болоогүй байхад тухайн үеийн Бармаш ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ч.Хажидсүрэн нэр бүхий нотариатчтай нийлж Армандын хувьцаа болон эд хөрөнгө өвлөгдөх эрхийг Индонез улсын иргэншилтэй эхнэрийнх нэр дээр шилжүүлэх замаар талийгаач Арманд Бодуэн болон түүний хүү, найзынх нь хувьцааг өөртөө шилжүүлэн авчээ. Ингэхдээ 1998 онд Армандын эхнэрийнх нь нэг удаа Монгол Улсад нэвтэрсэн гадаад паспортыг нь ашиглан нотариатчаар өвлөх эрх болон эрх залгамжлалыг баталгаажуулсан нь улсын архивт баримт болон үлджээ. Гэтэл 1999 онд Армандын эхнэр Индонез бус Канадын иргэн болсон байжээ. Тэгэхээр нотариатч хууль бус, хүчин төгөлдөр бус паспорт ашигласан болж таарав.
Монгол Улсын хуульд Өвлөх эрхийн гэрчилгээг тухайн иргэнийг нас барснаас хойш нэг жилийн дараа олгох хуулийн зохицуулалттай. Хамт амьдардаггүй өвлөгчийн өвлөх эрх, гомдлын шаардлага гаргах хугацаатай уялдаж, нэг жилийн дараа олгодог. Иргэний хуульд өвлөх эрхийн гэрчилгээг нэг жилээс өмнө олгож болох нэг л заалт байдаг байна. Тэр нь цорын ганц өвлөгч байх. Гэхдээ цорын ганц өвлөгч гэсэн нотлох баримтыг өвлөгч нотолсон байх шаардлагатай байдаг аж. Өвлөх эрхийн гэрчилгээг зөвхөн нотариат олгодог. Дээрх хуулийн заалтыг зөрчөөд зогсохгүй эхнэрийнх нь итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн байгаа юм.
Арманд нас барснаас дөрвөн сарын дараа буюу 1999 оны арваннэгдүгээр сард наториатч Ц.Цэрэнжээ өвлөх эрхийг гэрчилгээг Армандын эхнэрийн нэр дээр олгосон байна. Гэвч өмчлөх эрх болон эрх залгамжлалыг шилжүүлж авсан Арманд Бадуэны эхнэр, түүний хүү энэ талаар огт мэдээгүй, өнөөдөр хохирогчоор гомдол гаргаж, хэрэг бүртгэлт нээжээ.
Баримт 2
Арманд Бодуэн нас барснаас гурван жилийн дараа буюу 2002 онд Бармаш ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулжээ. Ингэхдээ хувьцаа эзэмшигчдийн итгэмжлэлийг нотариатаар дахиад хуурамчаар баталгаажуулан, жижиг хувьцаа эзэшигчдэд танилцуулжээ. Тухайлбал, Арманд Бодуэны өвлөх эрхийг шилжүүлэн авсан гэх Армандын эхнэр Русмини Сусиловатигийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Хажидсүрэн, Армандын хүү Гэри Бодуэнийг төлөөлж Г.Ганбаатар, Жон Хербертийг төлөөлж Бармаш ХК-ийн ахлах нягтлан бодогч Ц.Алтанцэцэг нар хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон гэжээ. Ийнхүү хувьцаа эзэмшигчдийн хурлаас Бармаш хувьцаат компани (ХК)-ийн хэлбэрийг хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болгох өөрчлөлтийг 100 хувь дэмжсэн протокол үйлдэж, Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар (эхнэр нөхөр хоёр) нар Бармашийг 100 хувь өөрсдийн болгох ажлаа гүйцэлдүүлсэн байна. Ч.Хажидсүрэн нэр бүхий хүмүүстэй хуйвалдан хурлын протоколыг хуурамчаар үйлдсэн байх ч магадлалтай гэж хохирогчийн тал үзэж буй аж.
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ингэж өөрчлөгдсөн
Баримт 3
Нотариатч Ц.Цэрэнжээ 1999 оны арваннэгдүгээр сард Арманд Бодуэны Монгол Улсад худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрхийг эхнэр Русмини Сусиловатид шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн 1-р хороо С-61 дүгээр байранд хоёр өрөө байртай байж. Компанийн хэлбэр өөрчлөгдсөний дараа Ч.Хажидсүрэн уг байрыг Бармаш компанийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан, хувьцаа эзэмшигчдийн хуралд Армандын найз Жон Хербертийг төлөөлсөн Ц.Алтанцэцэгт шилжүүлсэн байна. Ингэхдээ дахиад Армандын эхнэр Русмини Сусиливатийн итгэмжлэлийг хуурамчаар үйлдэж үл хөдлөх хөрөнгийг нь бусдад шилжүүлсэн байгаа юм. Ц.Алтанцэцэг нь уг байраа түрээслүүлж байгаад хожим нь тухайн орон сууцны газар өндөр барилга барихаар болж Хан-Уул дүүрэгт дөрвөн өрөө байр болгон сольсон байна. Хамгийн хачирхалтай нь, удаа дараа хуурамч итгэмжлэлийг хийсэн нотариатч нь АН-аас 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Одонтунгалаг байсан байна. Харин Ц.Алтанцэцэг нь одоо АН-ын санхүү эрхэлсэн дэд захирлаар ажилладаг аж.
Баримт 4
Канадын хөрөнгө оруулагч Арманд Бодуэн өөрийн эзэмшлийн хувьцаагаа тараан эзэмшүүлсэн Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд 2022 оныг хүртэл Бармаш ХХК-ийг хариуцаж иржээ. Бармаш ХХК нь Хан-Уул дүүрэгт 30 мянга орчим метр квадрат бүхий үйлдвэрийн газар, объект, тоног төхөөрөмжтэй томоохон шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бааз юм. Гэр бүлийн энэ хоёр эрхэм Арманд Бодуэны өв шилжүүлэх, залгамжлалх эрхийг нотариатчтай хуйвалдан хуурамчаар үйлдэж, Бармаш ХК-ийг ХХК болгоод бүрэн өөрсдийн эзэмшлийнх болгосон түүх энэ. Тэд 2022 онд Бармаш ХХК-ийг Монкон группт худалдсан байна. Улсад 8.5 тэрбум төгрөгөөр худалдсан гэж мэдүүлж татвар төлсөн ч албан бус мэдээллээр 40 орчим тэрбум төгрөгөөр худалдсан байх магадлалтай аж.
Баримт 5
Уг хэргийн талаар Арманд Бодуэны ар гэрийнхэн Монголын хууль хяналтын байгууллагад хандсан байна. Уг асуудлаар Эрүүгийн цагдаагийн алба хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаа аж. Хохирогчийн талаас Армандын Бодуэны Монгол Улсад эзэмшиж байсан Бармаш компанийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, өвлөх асуудлаар ямар ч мэдээлэл аваагүй, итгэмжлэл хийгээгүй гэдгээ илэрхийлж байгаа аж.
Хохирогч талын өмгөөлөгч Н.Мандахын хэлснээр “Армандыг өнгөрснөөс гурван жилийн дараа 2002 онд Бармаш ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсон. Гэхдээ энэ хурал тухайн үед үйлчилж байсан Компанийн тухай хуулийн дагуу болоогүй. Учир нь, амьд сэрүүн байсан хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нас барсан Арманд Бодуэны хувьцааны эрх шилжүүлсэн хууль бус нотариатын үйлдлээр далимдуулж Ч.Хажидсүрэн гэж хүн өөртөө шилжүүлж авсан. Ийм хууль бус үйлдлээр 2002 онд Бармаш ХК-ийг ХХК болгож шилжүүлсэн. Үүний цаана жижиг 300 гаруй жижиг хувьцаа эзэмшигч, мөн нэр бүхий дөрвөн том хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хөндөгдөж байна. Хамгийн том хувьцаа эзэмшигч Арманд Бодуэн нас барахад хууль ёсны дагуу хувьцаа, хөрөнгө нь өвлөгдөн шилжсэн үү гэдэг асуудал хөндөгдөж байна.
Хохирогчийн талаас өвлөх эрхийн гэрчилгээ, эрх залгамжлал шилжүүлэхээс эхлээд бүх үйл явдал хууль ёсны бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзэхээр мэдээлэл, авагдсан баримтыг үндэслэн Монголын хууль хяналтын байгууллагад хандсан” гэсэн юм.
Энэ бол Монголд анхны гэж болохоор их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэний үхлээр далимдуулан хөрөнгийг нь дээрэмдсэн тод жишээ. Монголоос яагаад хөрөнгө оруулалт дайжсаныг итгэх нэг баримт юм. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татна, авлига, хээл хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж лоозон болтол ярьж буй. Тэгвэл энэ мэт хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон хэргүүдийг шийдэж, үр дүн гарсан цагт хөрөнгө оруулалт эргэн сэргэж, дахин ийм гэмт хэргүүд гаргахгүй байхад сургамж болно.