Өмнөх жилүүдтэй харьцуулшгүй хүнд өвөл болж байна
Мал тооллогын урьдчилсан дүнгээр энэ онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдсон мэдээлэл өнгөрсөн оны сүүлчээр гарсан. Энэ нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. 2022 оны жилийн эцэст нийт мал сүрэгт:
Адуу 4.8 сая – 6.8%
Үхэр 5.5 сая – 7.7%
Тэмээ 470.4 мянга – 0.7%
Хонь 32.7 сая – 46%
Ямаа 27.6 сая – 38.8%-ийг эзэлжээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:
Хөвсгөл аймаг 6.3 сая толгой мал
Архангай аймаг 5.9 сая толгой мал
Төв аймаг 5.11 сая толгой мал
Хэнтий аймаг 5.1 сая толгой мал
Сүхбаатар аймаг 4.6 сая толгой мал тоолуулсан байна.
Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал:
2013 онд 45.1 сая
2014 онд 51.9 сая
2015 онд 55.9 сая
2016 онд 61.5 сая
2017 онд 66.2 сая
2018 онд 66.4 сая
2019 онд 70.9 сая
2020 онд 67 сая
2021 онд 67.3 сая толгой мал тоологдож байсан түүхтэй.
Энэ нь оны төгсгөлд биднийг баярлуулсан бас нэг үзүүлэлт байсныг үгүйсгэхгүй. Угаасаа мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, малчдын мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийг тооцоод зогсохгүй малчин өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх үүсвэр болдгоороо онцлогтой. Мал аж ахуйн эдийн засагт оруулах нөлөөллийг авч үзвэл, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлдэг байна.
Гэтэл оны сүүлчийн мал тооллогоос хойш цас зудны байдлаас болж, баруун аймгуудын нутагт мал ихээр хорогдож эхэлсэн. Үүнтэй холбогдуулаад улсын хэмжээнд малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15 мянган тонн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 60 хувийн зарцуулалттай байгаа гэсэн судалгаа гарчээ.
Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны 10 дугаар сарын 25-ны байдлаар 21.3 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 27.3 мянган тонн өвс, 10.8 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 70 хувь, тэжээлийн 64 хувийг зарцуулжээ. Одоогийн байдлаар 8.1 мянган тонн өвс, 4 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна. Тэгвэл Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Улсын өвс, тэжээлийн фонд бол мал тэжээх зориулалтгүй юм шүү дээ. Тийм их өвс, тэжээл бэлдэх боломж ч байхгүй. Манай мал аж ахуй бол фермерийнх биш, нүүдлийнх. Фондыг яаж ашигладаг вэ гэвэл малыг зудтай нутгаас гаргаж, өнтэй газар хүргэх замд л тарааж тавиад шинэ нутагт хүртэл тэжээх байдлаар л ашиглах ёстой. Өөрөөр бол яагаад ч хүрэхгүй шүү дээ. Одоо манайхан өвөлжөөнд нь тэжээх гэж аманд ч үгүй, хамарт ч үгүй фондоо үрээд байх юм” гэжээ.
Малын хорогдол хэр байна вэ?
Он гарсаар 233,213 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь тав хоногийн өмнөх буюу хамгийн сүүлчийн мэдээллээр 92,603 толгойгоор нэмэгджээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.3 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Архангай /33426/, Сүхбаатар /24809/, Завхан /23769/, Увс /21023/, Ховд /16229/ аймаг байна. Хамгийн сүүлчийн буюу ХХААХҮЯ-наас гаргасан тав хоногийн өмнөх албан ёсны мэдээ. Өнгөрсөн зун гандуу байсан, өнөө өвөл зудтай байгаагийн улмаас мал ийн хорогдож байна. Энэ нь нөгөө талаар малыг чанар чансааг нь харгалзаж өсгөхгүй бол тооны хойноос хөөцөлдөх аюултайг дахин сануулсан хэрэг юм.
Энэ талаар ХААХҮЯ-ны Мал аж ахуй, бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын ахлах шинжээч Д.Батмөнх “Манай орны 15 аймгийн 190 гаруй суманд зудын эрсдэлтэй гэсэн дүн судалгаагаар гарсан. Энэ жил 11 аймгийн 160 гаруй суманд нийтдээ 35,5 сая толгой мал өвөлжиж байгаагаас 5,5 сая нь отроор өвөлжиж байна гэсэн тооцоо байна. Өнөөдрийн байдлаар68 мянга гаруй мал зүй бусаар хорогдоод байна. Зуншлага харьцангуй тааруу байснаас ихэнх нутагт өвөлжилт хүндэрсэн. Улсын хэмжээнд бэлтгэсэн өвсний 50 хувийг зарцуулаад дууссан. Үүнээс үзэхэд нөхцөл байдал нэлээд хүнд гэж үзэж болно. Яалт ч үгүй, 2021, 2022 оны өвөлжилтөөс илүү хүнд байна гэдгийг хэлэх байна” гэсэн юм.
Зуданд малаа барж, хотоо харлуулсан иргэд амьдрал хайж нийслэлд ирдэг. Их хотын амьдралтай зохицохын тулд тэд бас зовдог. Их ачааллаа даахгүй нийслэл ч бас “зовдог”. Ингэхээр яах ёстой вэ? Малынхаа тоо толгойг нэмээд, мянгат малчид олноор төрүүлээд байх уу, чанартай фермерийн аж ахуйд шилжиж, дэлхийн жишгийг дагах уу?