Ц.Пүрэвтүвшин: 2024 онд хайгуул хийхгүй, ЗГ-ын бодлого, чиглэлийг харж байж ажлаа төлөвлөнө

0

“Газрын ховор элементээрээ монгол дэлхийд гангарна” гэсэн мессэж уг нь Засгийн газрын өөрийнх нь гаргасан эерэг агуулга юм. Гэвчиг газрын ховор элементийн төслүүд монголд одоогоор эхэлсэн зүйлгүй. Хайгуулын түвшинд яваа төсөл орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдалтай байна.

Бид энэ асуудлаар төр ба хувийн хэвшлийн байр суурийг тэнцвэржүүлэн хүргэх зорилгоор “Монголиан нэшнл рийр ийрт” компани удирдлага Ц.Пүрэвтүвшинтэй холбогдож, тодрууллаа.


-“Халзан бүргэдэй” ордын хайгуулын ажил одоо ямар түвшинд яваа вэ. Өрөмдлөгөө өнгөрсөн хавраас эхлүүлсэн гэж ойлгох нь зөв үү?

-Яг одоогоор хайгуулын талбайд зургаан туслан гүйцэтгэгч компанийн 60-70 ажилтан ажиллаж, 24 цагаар гүний өрөмдлөг хийж байна. 2023 онд батлагдсан хайгуулын ажлын төлөвлөгөө ёсоор 56 өрмийг 11 мянган тууш метр хамруулан хийх юм. Төлөвлөгдсөн өрөмдлөгөө хийгээд бараг дуусч байгаа. Биднийг “Өрөмдлөгөө зогсоо” гээд мэдэгдвэл татгалзах зүйл байхгүй.

-УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын өгсөн мэдээллээр /линк/ танайх дөрвөн төрлийн үйл ажиллагааны зөрчил гаргасан учраас хайгуулыг зогсоож буйгаа мэдэгдсэн. Компанийн зүгээс хайгуул хийх явцдаа зөрчлүүдээ арилгачхаж болоогүй юм уу?

-Ж.Ганбаатарын сайдын өгч байгаа мэдээллүүд ерөнхийдөө үнэн. Хайгуулын талбайд өнгөрөгч дөрөвдүгээр сард ажлын хэсэг очиж, акт тавьсан. Уг акт дээр дөрвөн зөрчил байгааг тэмдэглэсэн. Компанийн зүгээс эдгээр дөрвөн зөрчлийг арилгах чиглэлд шуурхай ажилласан. Дөрвөн зөрчлийн тухайд,

Нэгдүгээрт, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг яам биш шууд сумын засаг дарга баталсан гэх зөрчил.

  • Бид акт гарснаас хойш долоо хоногийн дараа БОАЖЯ-аар батлуулж, зөрчлөө арилгасан. Зөрчлөө арилгах хугацаанд хайгуулын ажиллагааг зогсоосон. Энэ бол акт тавьсан гол шалтгаан байсан.

Хоёрдугаарт, Усны хэрэглээгээ Ховд голоос зөөврөөр ашиглах гэрээ байгуулсан ч талбай дээр гүний ус ашигласан байх магадлалтай гэх зөрчил.

  • Анх Ховд голоос ус зөөх зөвшөөрлийг бид авсан. Ус зөөх явцад 20-30 км-ийн зайнд тоос ихээр босч, малчдад хүндрэлтэй байна гэсэн. Ингээд бидэнд “Худгаа өөрсдөө гаргаж хэрэглэ” гэх шаардлагыг тавьсан. Энэ дагуу худаг гаргаж, бид хайгуулын усны хэрэгцээгээ ханган, холбогдох зөвшөөрлүүдээ авсан байгаа. Уг нь худаг гаргаж, хайгуул хийдэг тохиолдол харьцангуй цөөн. Зардлаа нэмээд, хайгуулын талбай дотроо худаг гаргаад, зөвшөөрөгдсөн хэмжээгээрээ хэрэглэж байгаа.

Гуравдугаарт, Газар ашиглах зөвшөөрөл байхгүй гэх зөрчил.

  • А лицензтэй компани газар ашиглах гэрчилгээ авах шаардлага нь хэзээ бий болох вэ гэхээр тухайн байршилдаа объект барихаар төлөвлөсөн тохиолдолд. Одоогийн байдлаар орон нутгаас бид түр кемп байгуулах зөвшөөрөл авч, лицензийн талбай дотроо байршуулсан байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ компани газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр сумын ЗДТГ-т хандсан. Сумын ИТХ-аар газар олголтыг өгдөг учир хүлээлт үүссэн асуудал бол бий. Гэхдээ ахуйн хэрэглээний газрын зөвшөөрөл авах асуудал хайгуулын үйл ажиллагааг зогсоох үндсэн шалтгаан болохгүй гэж бодож байгаа.

Дөрөвдүгээрт, Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд орон нутагтай гэрээ байгуулаагүй гэх зөрчил.

  • Компани энэ гэрээг байгуулах хүсэлтээ 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр анх гаргасан. Уг гэрээг байгуулахгүй байх шалтгаан огт байхгүй. Хүсэлтийг 3, 5 дугаар сарын сумын ИТХ-аар хэлэлцсэн. Сумын засаг даргын эрх хэмжээнд уг гэрээг байгуулах боломжтой гэсэн ч албажаагүй. Гэрээг байгуулчихвал компанид ч илүү олон зүйл тодорхой болж, орон нутагтай хэрхэн хамтран ажиллах зарчмууд үүсчих тул үүнийг албажихыг хүлээж байгаа.

Хавар өрөмдлөг эхэлснээс хойш иргэд жагсах, эсэргүүцлээ илэрхийлэх үйлдэл хийсэн үү?

-Хайгуулын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Иргэдийн жагсаал цуглаан болоогүй.

Иргэдтэй ойлголцох, мэдээлэл хүргэх чиглэлд хэрхэн ажиллаж байна. Малчдад гурил будаа, гарын бэлэг тараагаад лоббидчихно, ойлголцол үүсгэчихнэ гэж харахгүй байгаа биз дээ?

-Үнэхээр тэгж харахгүй байгаа. Иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх зөвлөмжийг бидэнд ирүүлсээр байгаа. Хайгуулын талбай байрладаг Мянгад сумын Гахайт баг нь нийт 50 айл өрхтэй. Бид багийн хурал дээр хоёр удаа мэдээлэл өгсөн. “Инвест Ховд” үйл ажиллагааны үеэр төслөө танилцуулж, нийт 180 мянга орчим иргэнд мэдээллээ хүргэж ажиллаж байна. Өнгөрсөн өвөл бол эсэргүүцэл байсан, үүнээс хойш мэдээллээ зөв ойлгуулах ажлыг эрчимжүүлж, ойлголцлыг сайжруулсаар байгаа.

Цацрагийн хяналтаа хийж байгаа гэж ойлголоо. Яг мал ахуй, хүнд хортой нөхцөл байдал илэрсэн үү?

-Цацрагтай холбоотой ажил гүйцэтгэж буй ажилтнуудыг тусгай төхөөрөмжөөр хянаж, Цөмийн энергийн газарт сар бүр шинжлүүлээд явж байгаа. Одоогоор ямар нэгэн хортой нөхцөл илрээгүй. Хордсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Улирал бүр МУИС-тай хамтран, цацраг идэвхийн судалгаа хийлгэж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээндээ суулгаж өгдөг.

-Цаашид орон нутгийн иргэдийн саналд үндэслээд, үйл ажиллагааг тань зогсоовол хувийн хэвшил хэдий хэмжээний эдийн засгийн хохирол амсахаар байгаа вэ?

-Асар их хэмжээний зардал гарсан ч яг аудитаар магадлаагүй байна. Хайгуулын 2023 оны төлөвлөсөн ажил бол дуусч байгаа. Бид 2024 онд хайгуул хийхгүйгээр төлөвлөсөн. Энэ хугацаанд Мянгад сумын иргэдийн санал хүсэлтийг зөвөөр тодорхойлох ёстой байх. Тодорхой хугацааны дараа хайгуулын үр дүн гарч, ТЭЗҮ хийгдлээ гэж бодоход бид Засгийн газрын бодлого чиглэлд л нийцүүлнэ. Макро түвшинд манай улс газрын ховор элементийн технологийн байдлаа ямар хэлбэрээр шийдэх юм. Хаанаас технологи авах юм, хүнд элементээ бид салгах юм уу. Маш их хэмжээний цахилгаан эрчим хүч шаарддаг хүнд элементийн салгалтаа манай улс хийж чадах уу. Татварын бодлогоо хэрхэн шийдэх юм зэрэг тодорхойгүй асуудлууд бий. Төсөл ийм хэмжээнд тодорхой болтлоо 3-5 жил зарцуулахаар харагдаж байгаа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *