“Эмэгтэйг хазсан нохдыг устгасан”
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт иргэнийг дэлгүүрийн хажуугаар явж байхад 5-6 нохой дайрч, хазаж гэмтээсэн. Тухайн иргэн одоогоор арваад оёдол тавиулсан, эмчилгээ хийлгэж биеийн байдал хэвийн эмнэлэгт байгаа.
Хэрэг явдал болсон даруйд аймгийн засаг дарга Р.Сэддорж холбогдох арга хэмжээг авч ажилласан. Тодруулбал, тэрбээр нохойд хазуулсан иргэний биеийн байдалд анхаарах, тусламж үзүүлээгүй жолоочийг олж хариуцлага тооцох, золбин нохдыг устгах, гэрийн нохдыг уяж эздийг хариуцлагажуулах зэрэг үүрэг өгсөн.
Бид холбогдох эх сурвалжуудаас тодруулахад “Эмэгтэйг хазсан нохдыг олж, устгах чиглэл өгсөн. Иргэдийн ярьж буйгаар өнөөдөр тэрүүгээр ямар ч нохой харагдахгүй байна гэнэ. Тийм учраас устгажээ гэж ойлгож байгаа” гэлээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд наймдугаар сарын 14-28-ны хооронд 600 нохой утсгасан бөгөөд жилд хоёр удаа эзэнгүй нохой устгах ажлыг зохион байгуулдаг аж.