“АН-ын даргын зөвлөх бол асар том хариуцлага”

0

Ардчилсан намын даргын зөвлөх Ж.Баясгалантай ярилцлаа.


-Ардчилсан намын дарга Л.Гантөмөр дөнгөж сая таныг Нийгмийн бодлого хариуцсан зөвлөхөөрөө томилсон гэдгээ мэдэгдлээ. Юуны өмнө шинэ албан тушаалд томилогдсон танд баяр хүргэе?

-Баярлалаа. Шинэ албан тушаалд томилогдсон явдлыг шинэ үүрэг хариуцлага ирлээ хэмээн бодож байна. Даргын зөвлөх гэдэг бол харилцан ярилцаж, зөв, оновчтой шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг учраас асар том хариуцлага ногдож байна.

-Монгол Улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Саяхныг болтол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг нийгмээс тусад нь авч үзэж тэднийг бусдын адил тэгш эрхтэйгээр нийгмийн харилцаанд орох ёстой гэхээс илүүтэй тусгайлчилан авч үзэх хандлага түлхүү байсан. Тэгэхээр эдгээр иргэдийн үгийг төрд хүргэх, асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг хүлээх нь гэж ойлголоо?

-Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “тахир дутуу” иргэд хэмээн нэрлэж байсан. Одоо ч зарим хуулийн нэр томьёонд энэ хэллэг орчихсон явж байгаа. Өөрөөр хэлбэл, нэр томьёоноосоо эхлээд асуудалтай байсан цаг үе бий. Түүнчлэн нийгмээс гадуурхагддаг хүүхдүүд сургууль дээрээ очоод бусаддаа шоолуулдаг, дооглуулдаг үүнээсээ болоод боловсрол эзэмшиж чаддаггүй, нийгмийн харилцаанд орохоосоо бишүүрхдэг, сэтгэлзүйн хувьд дарамтад ордог байсан. Харин 2020 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харах өнцөг өөрчлөгдөж, нийгэмд тэдний хүлээж авах хандлага харьцангуй өөрчлөгдсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусдаас ялгаж авч үзэх хандлага арилахын хэрээр тэдний нийгмийн амьдралд оролцох идэвх сэргэж эхэлсэн. Тухайлбал 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болоход сонгууль өгөх насны  80 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 49.2 хувь нь санлаа өгсөн байдаг. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох, сонгогдох эрхээ эдэлж сонгуульд ямар идэвхитэй оролцож байгаа нь харагддаг.

Аль нэг намын буюу АН, МАН-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх ойлголт хэзээ ч байж болохгүй.. Монгол Улсад амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж бий.  Тэр хүмүүст өдөр бүр тохиолдож байгаа хүндрэл бэрхшээлийг өөрийн биеэр мэдэрдэг хүий хувьд тулгамдсан асуудлуудыг нь шийдүүлэх, хууль эрх зүйн орчныг нь сайжруулахын төлөө дуу хоолойгоо өргөх болсондоо баяртай байна.

МАН-аас саяхан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаалтын эхний тавд багтааж оруулж ирнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, төлөөллийн зарчмыг хангасан маш чухал шийдвэр. Үг хэл, үзэл бодлоо чөлөөтэй, тэгш хүргэх эрхийг нээж өгсөн ойлголт боллоо. Ардчилсан намын тухайд 2020 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг УИХ-д нэр дэвшүүлж байсан. Тийм учраас улс төрийн хоёр том хүчин нийгмийн төлөөллийг тэгш хамруулсан парламент бүрдүүлэхэд ижилхэн байр суурьтай байгаа гэж ойлгож байна.

-Тусгай хэрэгцээд иргэддээ ээлгүй нийгмийг бий болгосон, төрийн бодлого шийдвэр ч тэгж гардаг. Цаашид Ардчилсан намаас гарах бодлого шийдвэр бүр тусгай хэрэгцээт иргэдийн эрх ашгийг хангасан, тэдний дуу хоолойг тусгасан байна гэж ойлгож болох уу. Тусгай хэрэгцээт иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд юу байна гэж харж байна?

-Тусгай хэрэгцээт иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд маш олон бий. Номер нэг асуудал бол хүртээмжийн асуудал байдаг. Тэдэнд нийгмийн харилцаанд бусдын дэмжлэггүйгээр оролцох ямар ч боломж байдаггүй.  Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд , харааны бэрхшээлтэй иргэд, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, дэд бүтэц хомс байна. төрийн болоод хувийн хэвшлийн албан байгууллага, үйлчилгээний газруудад тэдэнд зориулсан дэд бүтэц алга. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдахад Монголын төмөр замын тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу зам нь ерөөсөө л гулсуур байх жишээтэй. Гэтэл стандартын дагуу налуу зам 8-10 радус байх ёстой. Гэтэл 45-аас дээш радустай налуу зам барьж байгуулах нь гулсуур хийж байгаа хэрэг. Энд стандарт мөрдөгдөхгүй байгаагийн тод илрэл. Энэ мэт маш олон жишээ дурдаж болно. Энэ мэт дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас үүдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хөгжих, амрах бүхий л эрх нь алхам тутамдаа зөрчигдөж байна.

-Цаасан дээр бичигдсэн ч амьдралд хэрэгжихгүй байгаа хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангахад хэрхэн анхаарал хандуулах вэ. Олон улсын туршлага юу байна?

-Олон улсын туршлагаас харахад шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулахаас эхэлдэг.

Япон, БНСУ, Дани гэх мэт олон оронд хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээтээ иргэдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд буюу парламентын гишүүнээр ажилладаг. Тэдний төлөөллийг парламентад багтааснаар хууль тогтоох байгууллагаас батлагдан гарч байгаа шийдвэр бүрт тэдний эрх ашиг хөндөгдөж, тэдэнд ямар асуудал тулгарч болохыг тал талаас нь бодож шийдвэр гаргахад тусгадаг.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд давуу тал олгож байгаа хэрэг огт биш бөгөөд тэдний бусадтай яг ижил бусдын оролцоо дэмжлэггүй нийгмийн харилцаанд оруулах тухай асуудал юм. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг аваад үзэх юм бол нэг үеэ бодоход сайжирсан. Хөгжлийн бэрхшээлийн түвшин харилцан адилгүй байдаг. Харин тухайн түвшин түвшиндээ тохирсон хүртээмжийг нэмэгдүүлэх, хуульчилж өгсөн эрхээ хангуулахын төлөө дуу хоолойгоо өргөж, өөрсдөө оролцох ёстой. Аль нам төрийн эрхийг барьж байгаагаас үл хамаарч өөрсдийн эрхийг хангуулахын төлөө дуу хоолойгоо өргөх ёстой.

-Сонгуулийн тухай хууль болоод Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж нийгмийн бүхий л төлөөллийн дуу хоолойг парламентадаа оруулахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлооход чухал алхам болсон гэж харж байна уу?

-Тэгэлгүй яахав. Нийгмийн бүхий л төлөөллийг парламентадаа оруулах шийдвэр гаргасан нь маш том алхам, амжилт, ололт.  Гэхдээ жагсаалтаар оруулж ирэх нэрэнд хэн нэгэн дарга, хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнийг багтаахаас илүү эмч, багш, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт нийгмийн төлөөлөөс бүрдэх ёстой. Нийгмийн бүхий л төлөөлөл багтаж байж асуудлыг олон талаас нь харж чадна.  Миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй болсон цагаасаа эхэлж энэ чиглэлийн хууль тогтоомжийг нарийн судлах ёстойгоо ойлгосон. Цаашлаад нарийвчлан сурах, судлах ёстой гэж үзсэн учраас эрхзүйч мэргэжлээр суралцаж байна. Ирэх арванхоёр дугаар сард сургуулиа төгсөнө. Монгол Улс анх удаа нийгмийн бүхий л төлөөллөөс бүрдсэн парламент байгуулах хууль эрхзүйн орчинг бүрдүүлсэн нь парламентын засаглалд чухал дэвшил боллоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *