Т.Аюурсайхан: Морины жүчээг найз нөхөдтэйгөө хамт өөрийн хөлс, хөдөлмөрөөрөө байгуулсан

0

Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг тус шүүхэд өнөөдөр болж байна.. Урьдчилан хэлэлцүүлэгт оролцохоор УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан иржээ.

Тэрбээр “Миний хувьд шүүх хурлыг сунжруулах хүсэлгүй байна. Олон нийт энэ хэргийн талаар үнэн, зөвийг богино хугацаанд мэдэх ёстой. Хэтэрхий олон сар энэ хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Надад “Нүүрсний” гэх хэрэгтэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа 11 хүн байна. Гэтэл зөвхөн надтай холбоотой мэтээр тайлбарлаад байгаа. Шүүх хурлыг нээлттэй явуулахаар хэн нь ямар асуудалд холбогдсоныг олон нийт хүссэн, хүсээгүй мэднэ. Миний хувьд анхнаасаа шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байсан, энэ байр сууриндаа бат зогсоно.

Жижиг, том гэлтгүй орд газар завшсан, хөрөнгөтэй гэх асуудал бий. Үүнийгээ нийтээрээ шалгуулах ёстой.

Надад зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж бусдыг элсүүлсэн гэх заалтаар яллах дүгнэлт үйлдсэн  байна, санаанд оромгүй л юм. Үндсэн хуулиараа хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Гэтэл үүнийх нь төлөө хэнийг ч мөрдөн, мөшгөхийг хориглоно гэж заасан байдаг. Энэ бол хүнийг маш аймшигтайгаар гүтгэн доромжилж, харлуулж нэг ёсны эрүү шүүлт тулгаж байгаа хэлбэр. Гэхдээ би шударгаар шийдэх байх гээд иргэний ёсоор л шалгуулаад явж байна.

Дараагийн нэг заалт нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэнэ. Жижиг, том гэлтгүй орд газар завшсан, их хөрөнгөтэй гэх асуудал яригддаг. Үүнийгээ нийтээрээ шалгуулах ёстой гэдэг байр сууринаас хандаж ирсэн. Шүүхээс эдгээр асуудлыг дэнслэх ёстой гэвэл надад татгалзах зүйл үгүй. Би хуулийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандана. Өнгөрсөн хугацаанд Аюурсайханд авлига, албан тушаалын асуудал байна уу гээд хангалттай л шалгалаа шүү дээ, тийм зүйл байхгүй. Морины жүчээтэй гэх асуудал яригдаад байгаа. Тэр бол найз нөхөдтэйгөө хамтраад өөрийн хөлс, хөдөлмөрөөр л бий болгосон аж ахуй шүү дээ” гэж байр сууриа илэрхийллээ.

Шүүх хурлын урьдчилан хэлэлцүүлэг өнөөдөр 09:00 цагт эхэлсэн ч нэг шүүгдэгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул эл хүсэлтийг шүүх хүлээж авах эсэхийг хэлэлцэхээр 13:30 цаг хүртэл хойшлоод байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *