П.Батчулуун: Эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай 900 гаруй хүн хүлээх жагсаалтад байна

0

ЭМЯ-ны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба 2018 онд байгуулагдсан. Энэхүү  албыг байгуулсан гол зорилго нь Донорын хуулийг болон донорын үйл хэргийг таниулах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох иргэдийн нэгдсэн нэг хүлээх жагсаалт үүсгэх, амьгүй донор буюу тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг зохицуулан зангидаж байх зорилготой юм.

Ингээд Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн Шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Төрийн соёрхолт, Хүний гавъяат эмч П.Батчулуунтай ярилцсанаа хүргэе. 

———————————————–

Иргэдийн дунд амьгүй донорын талаарх ойлголт хэр байна вэ. Талийгаачийн биеийг хөнддөггүй гэх мэт уламжлалт сэтгэлгээнээсээ салж, асуудалд илүү шинжлэх ухаанчаар хандаж чадаж байна уу. Ер нь ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авдаг вэ гэдгээс ярилцлагаа эхэлье ? 

Ер нь манайх буддын шашинтай орон. Бурхан багш хүртэл өөрийнхөө өрөөсөн нүдийг бусдад хандивласан түүх бий. Эд, эрхтэний донорыг дээдийн дээд буян хийсэнд тооцдог. Амьгүй донор болохыг зөвшөөрсөн гэр бүлийнхэн ихэнхдээ “Миний хүүхдийн зүрхийг нь авах уу”  гэж их асуудаг.  Хүү, охиныхоо зүрхийг хэн нэгний биеэнд цохилоод явахыг нь сонсох юмсан гэлцдэг. Манай улсад зүрх шилжүүлэн суулгах баг дөнгөж байгуулагдаад бэлтгэл ажлаа хангаад явж байна. Энэ жилийн сүүл юм уу ирэх жилийн эхээр зүрх шилжүүлэн суулгах эмчилгээг хийнэ. Ар гэр нь бөөр, элэг шилжүүлэн суулгах эмчилгээнд орсон хүмүүсийн талаарх мэдээллийг авч болох уу ч гэдэг. Энэ нь мэдээж нээлттэй. Танай хүү, охины элэгийг тэдэн настай хүнд өглөө, мэс заслын үр дүн ийм байлаа гээд эргээд мэдээлэл өгдөг. 

Мэдээж хайртай хүн нь нас барчихаад байхад эрхтэнийг нь өгчих өө гээд зориглоод яриад суух нь ширэн нүүр л дээ. Гэхдээ би өөрийнхөө  үнэмлэхийг үзүүлээд төрийн өмнөөс  буюу хуулийн нэрийн өмнөөс та бүхэнтэй уулзаж байна гэж хэлдэг.

Тиймээс ар гэр нь ойлгодог. Ойлгохгүй нэгэн нь ч байна.  Зарим гэр бүл “Зүрх нь цохилоод, амьсгалаад байхад яаж донор болгох вэ” ч гэлцдэг. Энэ нь үндсэндээ тархи нь үхсэн ч амьсгал болон зүрхийг эмийн хүчээр барьж байгаа хэрэг л дээ.  Манай монголчууд ямар зүйл дээр их зөрчилддөг вэ гэхээр талийгаачийн биед мэс хүргэхгүй гэдэг. Зарим гэр бүлүүд оршуулгын зардалд дэмжлэг үзүүлэх үү гэж асуудаг.  2023 оны 1 сарын 1-ээс амьгүй донорын гэр бүлд оршуулгын зардалд 3 сая төгрөгийг олгодог болсон. Он гарсаар харамсалтай нь ганц амьгүй донор олж 2 хүнд бөөр, 1 хүнд элэг шилжүүлэн суулгасан. Дэлхийн анагаах ухааны салбар аль 1963 оноос амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгаж эхэлсэн бол манайд бараг хагас зуун жилийн дараа хөгжих гээд л  явж байна. 

 Манай алба таван жилийн хугацаанд 220 гаруй амьгүй донор илрүүлсэнээс 58 гэр бүлтэй уулзаж 26 гэр бүлээс амьгүй донор болох зөвшөөрөл авсан.  26 амьгүй  донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг  буюу нийт 55 хүнд амьдрал бэлэглэсэн байна. 

-Тэгвэл амьгүй донорыг хэрхэн илрүүлдэг вэ. Энэ нь мэдээж хүнд ажил байх. 

ДЭМБ-аас санал болгож байгаа гол зөвлөмж нь тархины үхэлтэй донорыг эрхтэн шилжүүлэн суулгаж ажиллагаанд аль болох түлхүү ашиглах юм. Донорыг дотор нь амьд болон амьгүй донор, цусны гээд гурван янзаар ангилж үздэг. Амьд донор нь өвчтөний ойр төрлийн гэр бүлийн гишүүд хос эрхтнийхээ нэгийг болон цуллаг эрхтнийхээ талыг өгдөг. Харин амьгүй донорын талаар олон нийтийн дунд ойлголт хангалтгүй. Тиймээс энэ талын ойлголт, Хуулийн заалтуудыг нийтэд таниулж сурталчлах хэрэгтэй байгаа юм.  Амьгүй донор гэдэг бол тархиндаа ямар нэг байдлаар гэмтэл авч, тархины эд эс нь үхсэн донор. Эсвэл тархинд цус харваснаас үүдэн тархи нь үхэжсэн хүнийг тархины үхэлтэй гэж оношилдог.

Тархины үхэлтэйг оношилж тодорхойлдог тусгай багууд байгуулагдсан. Тархины үхэлтэй гэдгийг нь маш нарийн шалгуураар тогтоох ёстой. УНТЭ, Нэгдсэн III, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг дээр тархины үхэл тодорхойлох баг ажиллаж байгаа. Энэ багуудтайгаа хамтраад ажиллаж, боломжит донорыг илрүүлэх, Донорын хуулийн дагуу гэр бүлээс зөвшөөрөл авч, зөвшөөрсөн тохиолдолд хүлээх жагсаалтад байгаа эмчлүүлэгч нараас хэнд илүү тохирох, хэрхэн яаж хуваарилах вэ гэдгээ тэр Нэгдсэн бүртгэлийн сангийн автомат программаар шийднэ гэсэн үг.

-“Хүлээх жагсаалт”-д өнөөдрийн байдлаар хичнээн хүн байна вэ?

-Энэ жагсаалтад орж байгаа хүн нэгдүгээрт, цусны бүлэг, хоёрдугаарт хувийн эд нийцлийн тохироо, нас болон бүртгэгдсэн он сар өдрөөрөө эрэмбэлэгдээд донороо хүлээгээд байж байна гэсэн үг. Хүлээх жагсаалтад байгаа хүмүүсийн ихэнх нь амьд донор буюу ар гэрийнхнээсээ эрхтэн шилжүүлэн авах боломжгүй гэсэн үг шүү дээ. 

Өнөөдрийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 600, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай 300 хүн байна.

Харамсалтай нь жил бүр элэг шилжүүлэн суулгах жагсаалтад байсан хүмүүсээс 75-80 хүн нас бардаг.  Гэтэл цаана нь зүрх, нойр булчирхай дараагийн 5-10 жилд уушиг шилжүүлэн суулгах эмчилгээнд орох  хүмүүс нэмэгдэхээр байна. 

-Их өндөр тоо байна. Энэ нь эргээд иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруутай  холбогдож таарах нь ээ ?

-Тийм ээ. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Монголчуудаа өөрийнхөө биеийг хүний юм шиг ашиглаж болохгүй. Өөрийгөө хайрлаж, хамгаалдаг байх хэрэгтэй. Өнөөдөр заавал эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд ортолоо өөрийгөө хаях хэрэггүй. Хүн өөрийнхөө төлөө санаа зовдог, эрт илрүүлэгт ордог байх хэрэгтэй. Гэтэл хөгшин залуугүй тамхи татаж, татсан газраа шүлсээ хаяж байна.  Нус цэртэй нь хамт сүрьеэгийн бактери элдэв янзын халдварт өвчин агаарт тардаг. Өнөөдөр сүрьеэгийн халдвар монголд ахиад л дэгдчихлээ. Өнгөрсөн 20 дугаар зуунд сүрьеэ өвчнийг дарсан. Гэтэл одоо дахиад 21 дүгээр зуунд сүрьеэтэйгээ тэмцэж байна. Шулуухан хэлэхэд энэ бол сүүлийн 30 жил эрүүл мэндийн салбарыг хайнга хаясны гор. Эцсийн эцэст Монгол Улсын баялаг бол хүн. Тиймээс хүн ардаа эрүүл саруул байлгахын тулд эрүүл мэндийн салбарын эмчилгээ үйлчилгээг  сайжруулах хэрэгтэй. 

-Ярилцлагын төгсгөлд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах  тухай эмчилгээний бие даасан хуулийг Хаврын чуулганаар хэлэлцэх сурагтай. Энэ хуульд орох чухал өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөөч. 

-2022 онд Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Цаг үе, хөгжлийн шаардлага, нийгмийн чиг хандлагаа дагаж хууль өөрчлөгдаж боловсронгуй болгосон нь маш сайн хэрэг. 2000 онд батлагдсан Цусны донорын тухай хуульд эрхтэний донорын талаар хэдхэн заалт оруулсан байдаг. Тиймээс Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах  тухай эмчилгээний бие даасан хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх байх. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай шинэ хуулийн төсөлд амьгүй донороос аль болох олон эрхтэнг авч бусад хүмүүст шилжүүлэх заалтыг оруулж өгсөн.

Зөвхөн бөөр, элэг биш нүдний эвэрлэг, арьс, чөмөг, зүрхний хавхлаг, зүрх, нойр булчирхай гэх мэт. Амьгүй донор хамгийн багадаа 8 хүний амийг аварна.

Хэрэв амьгүй донор болохыг ар гэр нь зөвшөөрвөл  оршуулгын зардлыг цалингийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож өгдөг болох санал оруулсан. Тархины үхлээр нас барж байгаа хүмүүс бусад өвчиндөө шаналж байгаа элэг нэгт иргэдээ аварч, амьдрал бэлэглэх боломж байгаа. Үүнийг иргэд хэрхэн зөвөөр хүлээж авах вэ гэдэг асуудал бий. Энэ нь амаргүй, монгол хүний уламжлалт сэтгэхүйгээс хол. Гэхдээ бурхан шашны номд харшлах зүйл байхгүй. Харин ч Буяны дээд буян, Өглөгийн дээд өглөг бол амьдрал бэлэглэх гэж үздэг. 

-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *