Д.Энхтүвшин: ‘Гурван данс’-ны ядаж нэгийнх нь орлого нэмэгдэхгүй бол чи буруу газарт ажиллаж байна

0

Эм-си-Эс группийн Дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшинтэй ярилцлаа.

-М-Си-Эс гэхээр зарим хүний төсөөлөлд хамгийн түрүүнд “кока кола” бодогдох байх. Гэтэл инженеринг, эрчим хүч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, уул уурхай гээд олон салбарт хүч үздэг байгууллага. Тэгэхээр хоёулаа М-Си-Эс группын түүх, яг одоо ямар, ямар салбарт ажиллаж байгаагаас яриагаа эхэлье.

-Судалгаа хийхэд ихэнх хүн биднийг “кола”-гаар төсөөлдөг гэж хариулсан байдаг. Зарим цайны газар меню дээрээ ундаагаа “MCS” гээд биччихсэн байдаг. МCS гэдэг нэр нь Mongolian consulting service буюу Монголын зөвлөх үйлчилгээ гэдэг үгний товчлол. Анх эрчим хүчний чиглэлийн зөвлөх үйлчилгээний бизнес хийж эхлээд удалгүй хэвлэл, компьютер, тавилгын худалдааны бизнес хийдэг болсон. Дараа нь “Procter and Gamble” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч болж тэднээс өргөн хэрэглээний барааны борлуулалт, түгээлт болон байгууллагын соёлын талаар их зүйл суралцсан. Энэ туршлага маань “Coca Cola”-г үйлдвэрлэх франчайзыг авахад их нэмэртэй байсан гэж боддог. Улмаар харилцаа холбоо, уул уурхай болон бусад хэд хэдэн салбаруудад хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа тэлсэн. Сүүлийн жилүүдэд үндэсний хэмжээний хэд хэдэн томоохон төслүүдийг барьж байгуулахад оролцлоо. Өнгөрсөн хугацаанд олон жижиг бизнесүүдээсээ MBO (Management Buy-out) буюу компанийн менежментийн багт нь хувьчлах байдлаар гаргасан. Тухайлбал Анун, Интерпресс, IT Zone гэх мэт. Мөн зарим бизнесүүдээ илүү төвлөрч чадах компаниудад нь худалдсан. Жишээ нь архи, пивоны бизнесээ “АПУ”-д, “Гоёо” ноолуурын үйлдвэрээ “Говь” компанид гэх мэтчилэн худалдсан. Одоо эрчим хүч, инженеринг, үл хөдлөх хөрөнгө, харилцаа холбоо, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, худалдаа зэрэг үндсэн хэдэн бизнес дээрээ төвлөрч үлдсэн. Гэхдээ зарим хөрөнгө оруулсан компаниудын үйл ажиллагаанд хувь нийлүүлэгчдийн хурал, ТУЗ-ийн түвшинд л оролцдог. Жишээ нь “Шангри-ла” зочид буудал, “Энержи ресурс” гэх мэт.             

-Тэгэхээр М-Си-Эс хамааралтай л бол танайхан бүгдийнх нь менежментийг хийдэг гэсэн үг биш байх нь. Одоо ямар төсөл дээр төвлөрч байна вэ?

Сүүлийн жилүүдэд технологи дээр суурилсан хэд хэдэн бизнесийн боломжуудыг судлан, ажиллаж байна. Зарим төслүүд дээр эрх бүхий байгууллагуудаас тусгай зөвшөөрөл, шийдвэр гарахыг нь хүлээж байгаа. Саяхан 7 компани дээрээ Америкийн “Серберус” гэдэг хөрөнгө оруулалтын сантай хамтарч ажиллахаар болсон. Үүнтэй уялдан ажил үүрэг, зохион байгуулалтын зарим өөрчлөлтүүд хийж байгаа.

-Танаас яг асууя гэж бодож байсан зүйлийг та эхлүүлчихлээ. Өнгөрсөн сард Америкийн “Серберус” хөрөнгө оруулалтын сантай хэлцэл хийж, тус компани M-Си-Эс группийн 20 орчим хувийг эзэмшихээр болсон. Ингэснээр танай компани болон Монгол Улсад ямар давуу тал бий болж байгаа  вэ?

-Охин компаниудын хувьд гадаадын хөрөнгө оруулагчидтай янз бүрийн түвшинд хамтран ажилладаг байсан. Толгой компанийн түвшинд анх удаа гаднын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах гэж байна. Энэ хэлцэлд 7 компани хамрагдаж байгаа. Эдгээр компаниудын үйл ажиллагаа, үр өгөөж, байгууллагын соёлд олон эерэг өөрчлөлт гарна гэж найдаж байгаа. Хөрөнгө оруулалтын сангууд ихэвчлэн өсөлт хийх боломжтой бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийж тодорхой хугацааны дараа тухайн компаниа хөрөнгийн бирж дээр гаргаж өөрсдийн эзэмшиж байсан хувьцаагаа зардаг. Энэхүү хэлцэл хийгдсэнээр бидний хувьд нээлттэй компани болох эхлэлийг тавьж байгаа. Бид зөвхөн гадаадад биш давхар Монголынхоо хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, олон нийтэд нээлттэй болно гэсэн бодолтой байгаа. Ингэснээр манай хөрөнгийн зах зээлийн хөгжилд тус дэм болно гэж найдаж байна. Нөгөө талаас коронавируст халдварын улмаас дэлхийн эдийн засаг хүнд байгаа энэ үед Америкийн хөрөнгө оруулалтын томоохон сан Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа нь манай эдийн засгийн боломжид итгэж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна. Мөн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дахь  гуравдагч хөршийн бодлого талаасаа ч их ач холбогдолтой хэлцэл болсон.

-Цаашдаа дэлхийн хэмжээний компани болох зорилготой яваа юм байна, тийм үү?

-Зөвхөн түүхий эдийн экспортоор биш монгол залуусынхаа инженерийн мэдлэг, чадварыг нь олон улсад гаргая гэсэн алсын бодол байгаа.

-Энэ хэлцлийн үр дүнд компанидаа бүтцийн шинэчлэлийг хийнэ гэж ярилаа.  Энэ нь чухам ямар шинэчлэл байх юм бол. Тодорхой болсон зүйл бий юү?

-Хэлцэлд орсон компаниудын толгой компанитай холбоотой зохион байгуулалтын өөрчлөлтүүд яригдаж байгаа. Шинэ, томоохон хувь нийлүүлэгчтэй болж байгаа тул удирдлагуудын шийдвэр гаргах эрх мэдэл, хэм хэмжээнүүдэд нь өөрчлөлтүүд орно. Мөн үйл ажиллагаандаа олон улсын зарим шинэ стандартуудыг мөрдөж ажиллах шаардлагууд нэмэгдсэн.  

Д.Энхтүвшин:  'Гурван данс'-ны ядаж нэгийнх нь орлого нэмэгдэхгүй бол чи буруу газарт ажиллаж байна

-М-Си-Эс группт хэчнээн хүн ажилладаг вэ?

-Одоогийн байдлаар нийтдээ 10 мянган хүн ажиллаж байгаа.

-2020 онд дэлхий дахинд коронавирусийн халдвар тархаж, манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Цар тахлын энэ үед бизнесийн байгууллагууд эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байна. Танай компанид цар тахлын нөлөө хэр тусч байна вэ. Та бүхэн ажлын байраа авч үлдэхийн тулд юунд анхаарч байгаа вэ?

-Мэдээж, хөл хорионы дэглэм бүх бизнесүүдэд сөргөөр нөлөөлж орлого төлөвлөснөөс буурч, үйл ажиллагааны зардлууд нэмэгдсэн. Төсвийн тодотголууд хийн зарим зардлаа хэмнэн, зайлшгүй биш хөрөнгө оруулалтуудыг хойшлуулж байгаа. Гэхдээ ажлын байраа бүрэн хадгалж, цалин хөлсөө цаг хугацаанд нь тавьж байна. Манай группийн хувьд эдийн засгийн өмнөх хямрал их хүндээр туссан. Ялангуяа зээлтэй холбоотой дарамтууд их байсан. Төгрөгийн ханшийн сулрал нь долларын зээлийн хүүгийн зардлыг огцом нэмэгдүүлсэн. Бэлтгэн нийлүүлэгчдийнхээ төлбөрийг хэдэн сараар төлж чадахгүй хүрч, заримдаа цалингаа ч тавьж чадахгүй хэмжээнд хүрч байсан. Энэ удаагийн хямралын хувьд одоогоор харьцангуй гайгүй байна. Өмнөх хямралын сургамж тус болсон байх.

-Жишээ нь хямралыг давж байсан бодлого туршлагуудаасаа хуваалцвал…?

-2011-2012 оны үед манай ДНБ-ий өсөлт 17%-д хүрч олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд “мөнгө хийе гэвэл Монголд хөрөнгө оруул” гэсэн нийтлэлүүд хүртэл гарч байсан. Эдийн засгаа байнга ийм байх юм шиг санаж нэлээд олон шинэ хөрөнгө оруулалтууд хийсэн. Гэтэл удалгүй эдийн засаг хямарч 2016 оны үед бараг цалингаа ч тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн. Хэдэн мянган хүнийг ажил, орлоготой байлгана гэдэг нь ямар том хариуцлага болохыг хямралын үед илүү мэдэрдэг санагдсан. 2015, 2016 оны хямралыг анх богино хугацааных гэж бодож байсан ч их удаан үргэлжилсэн. Үйл ажиллагаагаа сайжруулж хэмнэж болох бүх зардлуудаа хэмнэж, үр өгөөжөө сайжруулахыг зорьж байсан. Тэр үед бараг бүх банкуудаас лимитээ тултал нь зээл авч, зарим илүү дутуу хөрөнгүүдээ зарж байж хямралаас гарсан. Үүнээс хойш хэрэглэгчдийн том суурьтай, зах зээлийн хэлбэлзэл багатай салбартаа илүү төвлөрөх, том хөрөнгө оруулалтын шийдвэрийг илүү нарийн судалж гаргах, аль болох долларын зээл авахгүй байх гэх мэтийн олон сургамжууд авсан.

-Бизнес хийхэд “Бид чадна” гэсэн итгэл хамгийн чухал юм байна?

-Ирээдүйд итгэх итгэл гэх юм уу даа.

-Цаашдаа коронавирусийн цар тахал шиг гэнэтийн нөхцөл дахин бий болохгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Өвчин зовлон, цаг уурын болзошгүй нөхцөл байдалтай хэзээ нүүр тулахыг бид таах боломжгүй. Тиймээс бизнесмэнүүд энэ болзошгүй эрсдэлд хэр бэлтгэгдэж,  цаашдаа юунд анхаарах хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Манай компани 2015, 2016 оны хямралд бэлтгэлтэй байж чадаагүй. Хэдийгээр эдийн засгийн сурах бичгүүдээс бизнесийн мөчлөгийн талаар олон удаа уншиж, ойлгосон юм шиг байсан ч бодит байдал дээр ойлгоогүй байсан. Хийж байгаа бизнесийнхээ мөн чанараа илүү том зургаар нь, илүү урт хугацаанд харж, өрсөлдөх чадвар байгаа эсэхээ сайн ойлгох хэрэгтэй санагдсан. Улсын хувьд бас адилхан. Манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сайн байх үедээ сайн ажиллаж байна гээд түүндээ таарсан урт хугацааны шийдвэрүүд гаргаад байж болохгүй. Уул уурхайн бизнес их мөчлөгийн шинжтэй, үнэ нь байнга өсч, буурч байдаг учир урт хугацааны өрсөлдөх чадвараа сайжруулахад чиглэсэн шийдвэрүүд их чухал санагддаг.

-М-Си-Эс компани 1993 онд үүсгэн байгуулагдсан. Таны хувьд 1997 онд М-Си-Эс Интернэйшнл ХХК-д Санхүүгийн шинжээч эхлээд Дэд ерөнхийлөгч хүртэл 23 жил энэ байгууллагатай хамт байжээ. Танай компани үндэсний хэмжээний том компани болоход юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Хамгийн гол нь хүн гэж боддог. Анх намайг 1997 онд ажилд ороход манай компанийн уриа “power of people, information and technology” гэж байсан. М-Си-Эс-ийг ажилчидгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Олон залуучуудад итгэл өгсний хариуд тэд сайн ажиллаж, тэр хэмжээгээр өсөлт, шинэ боломжуудыг хамтдаа нээж чадсан гэж боддог. Хэрвээ Ж.Оджаргал захирал өөрөө өдөр тутмын бүх ажилдаа оролцоод л, эдийн засгийн боломжоо хүнтэй хуваалцахгүй, бүх боломжоо өөрөө бариад байсан бол ийм хэмжээнд хүрэхгүй байсан байх. Хамаатан садан эсвэл хэн нэгэн албан тушаалтны шахаа, томилгоогоор биш, эрмэлзэлтэй, боловсролтой, зөв бодолтой хүмүүст боломж олгон итгэл өгөхөөр илүү үр бүтээлтэй ажилладаг санагддаг. Миний хувьд ч гэсэн жирийн нэг залуу их сургуулиа төгсөөд л ажилд орсон.

-Та 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөөд, 20-иодхон насандаа М-Си-Эс Интернэйшнл ХХК-д ажиллаж эхэлсэн юм байна. Таны сонголт яагаад М-Си-Эс байсан юм бэ. Хэрхэн бизнесийн салбарт хөл тавьж байсан дурсамжаасаа хуваалцаж болох уу?

-Англи хэлээ сайжруулах зорилгоор М-Си-Эс-ийн ажиллаж байсан нэг төсөлд орж хэдэн сар ажилласан юм. Тэр төсөл нь одоогийн ипотекийн найман хувийн зээлийг яаж хэрэгжүүлэх талаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байсан консалтинг төсөл байсан. Хэдэн сар ажилласны дараа Ж.Оджаргал захирал дуудаж уулзаад манай компанид мэргэжлээрээ ажиллаач гээд анх санхүүгийн шинжээч болж байсан.

-Тухайн үед энэ газраа удаан ажиллана, хол явна гэж төсөөлж, төлөвлөж байв уу?

-Үгүй ээ. Анх англи хэлээ л сайжруулчих юм сан гэж бодож байсан. Одоо бодоход нэг их холын нарийн бодолтой байгаагүй юм байна. Тухайн үедээ л чухал гэж бодсон сонголтоо хийсэн.

-Та 23 жил ажиллахдаа хувь хүний хувьд ямар ур чадварыг эзэмшиж, ямар ололт амжилтад хүрсэн гэж боддог вэ. Ажил бол таны амьдралын зайлгүй нэг хэсэг болсон байна шүү дээ?

-Би хамт олны дунд нь байх дуртай юм шиг байгаа юм. Ямар нэгэн компанийн гүйцэтгэх захирал нь байгаагүй. Дандаа дэд захирал маягтай байсан. Дээрээ захиралтай, ижил түвшний менежерүүдтэй, доороо хамт олонтой байсан. Ямар нэгэн шийдвэр гаргах, бизнесийн хэлцэл хийхдээ эхлээд бусдын оронд өөрийгөө тавьж боддог. Ийм хандлагаар шийдвэр гаргахад заримдаа богино хугацаандаа алдаатай мэт боловч урт хугацаандаа зөв байсан нь харагддаг. Бизнесийг урт хугацааны харилцаа гэж боддог. Тиймээс өнөө маргаашаа, нэг удаагийн харилцаагаа биш, урт хугацаанд гарах үр дүнгээ бодох нь чухал гэж боддог.

-Нэг газраа олон жил ажилласан ч өсөн дэвждэггүй хүн байхад хэдхэн сар ажиллаад л шат ахидаг хүн байдаг шүү дээ. Хүн ер нь хандлага, сэтгэл, зүтгэлийн хувьд ямар байвал цаашаа өсөн дэвжих боломжтой гэж та боддог вэ?

-Ажиллаж байгаа байгууллагын соёл чухал байх. Жишээ нь хамаатан садан, танил талын хүчин зүйл хүчтэй байгууллагад хүн яаж ч хичээгээд өсч дэвжихэд хэцүү. Ямар ч газарт ажилласан чиний ур чадварын, сэтгэл ханамжийн, банкны гэх гурван дансны ядаж аль нэгийнх нь “орлого” нэмэгддэг байх ёстой гэж боддог. Аль нь ч нэмэгдэхгүй бол чи буруу газраа ажиллаж байгаагийн шинж. Би М-Си-Эс-д 20 гаруй жил тасралтгүй ажилласан шалтгаан маань энэ байх.

Д.Энхтүвшин:  'Гурван данс'-ны ядаж нэгийнх нь орлого нэмэгдэхгүй бол чи буруу газарт ажиллаж байна

-Таны хөтөлдөг сошиал медиаг харахад залуусыг их дэмждэг санагддаг. Залуучууд бизнесийн салбарт хөл тавихад хамгийн түрүүнд юуг анхаарах, бизнесээ эхлүүлэхэд сэтгэл санаагаа хэрхэн бэлдэх вэ. Энэ нь бизнесээ эхлүүлэхээр зорьж, төлөвлөж буй залууст хэрэгтэй зөвлөгөө болох байх?

-Анзаарахад олон залуучууд өөрийнхөө чаддаг, дуртай, таалагддаг зүйлтэйгээ холбоотой бизнес эхлэх гээд байдаг. Энэ нь нэг талаараа зөв. Гэхдээ чиний хийж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч яаж хүлээж авч байгаагаас болоод бодож байснаас чинь өөр юм хийх шаардлага гарч магадгүй. Чиний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэн, яагаад кармаанаасаа мөнгө гаргаж худалдан авах ёстой гэдгийгээ сайн ойлгох хэрэгтэй санагддаг. Бизнес хийх гэж байгаа бол олон улсын зах зээл дээр ч бай, дотоодын зах зээл дээр ч бай зах зээлээ судлах нь хамгийн зөв эхний алхам байх. Мөн бизнесээ кластараар нь харж эрсдэлүүдээ тооцох хэрэгтэй санагдсан. Бусад хамтрагч байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой эсэхээс чиний бизнес тогтвортой байх эсэх нь шалтгаалдаг. Гэнэт түүхий эд тасарчихдаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тасарчихдаг тохиолдлууд олон тохиолддог.    Өөр нэг чухал зүйл нь бизнесийн зөв хамтрагч, бие биенээ нөхөж, хурцалж чаддаг баг хамт олон чухал санагддаг.

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид Монголын  бизнесийн орчин тогтвортой бус гэдэг. Та үүнтэй санал нийлдэг үү. Монгол дахь бизнесийн орчныг ямар байна гэж дүгнэмээр байна?

– Хүссэн хүсээгүй манай бизнесийн орчин уул уурхайгаас шууд болон шууд бусаар өндөр хамааралтай. Зөвхөн бизнес төдийгүй улс төрийн амлалтууд нь хүртэл уул уурхайгаас хамааралтай болохоор нэг хэсэгтээ бодлого нь тогтвортой байж чадахгүй байх. Эдийн засаг дахь төрийн оролцоо сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа. Энийг зохистой түвшинд байлгаасай гэж боддог. Хувийн хэвшлийн хийж чадах зүйлийг төр хийгээд хэрэггүй гэж боддог. Гаднын хөрөнгө оруулагчдын нүдээр харахад манай зах зээл жижигхэн харагддаг байх. Гэхдээ боломж нь асар их.

-Ярилцлагынхаа төгсгөлд бизнесийн салбарт юу дутагдалтай байгаа, бодлогын төвшинд юу хийвэл зохистой талаар та санал аа хэлнэ үү?

-Уул уурхайгаас өөр эдийн засгийн тулгууртай болно, солонгоруулна гэдэг ч яг бодитой тууштай хэрэгжүүлж байгаа бодлого алга. Жишээ нь махны экспортыг дэмжье гээд байгаа харагддаг ч яг экспортлох гэхээр квоттой. Квот зөвхөн хязгаарлах шаардлагатай экспортын бүтээгдэхүүн дээр л хэрэглэдэг. Аялал жуулчлалын салбар ч мөн адил сайжруулна гээд байгаа ч ямар ч бодитой бодлого, дэмжлэг байхгүй байна. Ямар ч улс, үндэстэн бүх зүйлийг хийнэ гэж байхгүй. Уул уурхай бол тогтвортой бизнес биш. Тиймээс бид аль зах зээл дээр юугаараа илүү байж чадах вэ гэдгээ судалж, түүнийгээ бодлогоор дэмжиж, системтэйгээр хөгжүүлэх хэрэгтэй санагддаг.

-Ярилцсанд баярлалаа.Танд амжилт хүсье.

Эх сурвалж: itoim.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *