Сири рүү хүмүүнлэгийн анхны цуваа хөдөллөө
Даваа гарагт болсон аймшигт газар хөдлөлтөөс хойш Сирийн баруун хойд нутгийн иргэдэд анхны хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Туркийн өмнөд хил рүү явж буй тусламжийн цуваа орон нутгийн цагаар Пүрэв гарагийн орой хил давна гэж тусламж үзүүлж буй хоёр байгууллагын эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлжээ.
Тус бүс нутаг нь 11 жилийн турш үргэлжилж буй иргэний дайны улмаас ихээхэн сүйдсэн нь тусламж үзүүлэх ажилд томоохон саад бэрхшээл болж байгаа юм.
Туркийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор Баб аль-Хава хилийн боомтыг нээсэн бөгөөд эрх баригчид нэмж хэд хэдэн хил давах зурвасыг нээхээр ажиллаж байна гэлээ.
Тусламжийн цуваанд дор хаяж зургаан ачааны машин эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламжийн бараа, бүтээгдэхүүн байгаа аж. НҮБ-аас Баб аль-Хавагаар дамжин Сирийн сөрөг хүчний хяналтад байгаа бүс нутагт нэвтэрснээр тусламжид найдаж буй 4 сая орчим хүнд тусламж, дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.
НҮБ-ын Сирийг хариуцсан тусгай төлөөлөгч Гейр Педерсен, “Сирийн баруун хойд хэсгийн оршин суугчдад зөрчил, мөргөлдөөн эхэлснээс хойш тусламж, дэмжлэг хамгийн их хэрэгтэй байсан. Гэтэл газар хөдлөлт тус бүс нутаг дахь хүмүүнлэгийн хямралыг улам дордууллаа” гэж хэллээ. Тэрбээр, тусламжийг хамгийн хурдан, хамгийн дөт, үр ашигтай замаар хүргэх хэрэгтэй. Яаралтай тусламжийг улстөржүүлж болохгүй. Бид шаардлагатай арга хэмжээ авахад илүү анхаарлаа хандуулах шаардлагатай хэмээжээ.