АХБ: Инфляц өндөр байгаа учраас эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд нөлөөлөхгүй байна
Азийн хөгжлийн банкнаас “Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв” эдийн засгийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. АХБ-ны Орон хариуцсан ахлах эдийн засагч Эдуард Фабер Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв, АХБ-ны ахлах эдийн засагч С.Болд Монголын эдийн засгийн шинэчилсэн төлөвийг танилцуулсан юм. Азийн хөгжлийн банк Монголын эдийн засгийг 2023 оны эцэст 5.7 хувь, 2024 онд 5.9 хувь өснө гэж төсөөлжээ.
Ингээд АХБ-ны ахлах эдийн засагч С.Болдын танилцуулсан мэдээллийг тоймлон хүргэе.
-2023 оны нэгдүгээр хагаст манай улсын эдийн засаг 6.4 хувиар өссөн. Сүүлийн гурван улирал дараалан эдийн засгийн өсөлт боломжийн түвшинд байлаа. Гэхдээ бид энэ өсөлтийг чанар талаас нь сайн харах хэрэгтэй. Тоон өсөлт байж болно. Өнгөрсөн 20 жилээр нь аваад үзэхээр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бүрдүүлж байгаа чухал салбаруудын өсөлтийн түвшин харилцан адилгүй, тэнцвэргүй явж ирсэн. Сүүлийн 20 жилийн ердөө зургаан жилд л манай эдийн засгийн бүх салбар нэгэн зэрэг өссөн байдаг. Харин 14 жилд нь аль нэг салбар агшсан байна. Мөнгөний бодлого чанга байсан үед аль нэг салбарын агшилт бий болж байсан.
Төсвийн бодлого тэлэхийн хэрээр төсвийн алдагдал нэмэгдэнэ, алдагдал нэмэгдэхийн хэрээр улсын өр өссөн. Үүнээс шалтгаалаад мөнгөний бодлогоо чангаруулах гэсэн хамгийн хатуу, хэцүү бодлого авсаар ирсэн. Сүүлийн 18 жилийг харахад, Засгийн газрын хэрэглээ буурсан гуравхан жил байдаг.
Азид инфляц буурах хандлага байгаа ч манай улсад буурахгүй байна. Тэгэхээр инфляцын гарал үүсэлд нь тохирсон л бодлого явуулж чадвал илүү үр дүнтэй, хурдан буурна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн гаралтай инфляцтай бодлогын хүүгээр тэмцэж болохгүй.
2023, 2024 онд манай эдийн засаг өсөлттэй байна. Энэ өсөлтийг иргэд, аж ахуй нэгжүүдэд хүртээмжтэй байлгахын тулд инфляцыг тогтвортой түвшинд байлгах хэрэгтэй. БНХАУ-ын эдийн засаг дахин нээгдэж, түүний нөлөөгөөр манай улсын экспорт сэргэж, төлбөрийн урсгал дансны тэнцэл мэдэгдэхүйц сайжирсан. Ирэх онд уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байна гэж тооцоолж байгаа бөгөөд түүнийг дагасан тээвэр агуулах, үйлчилгээний бусад үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, ДНБ-ий өсөлтийг дэмжихээр байна. Гадаад валютын улсын нөөц 3.7-3.9 тэрбум ам.доллар хүрч тогтворжсон. Энэ нь манай улсын 3-4 сарын импортыг нөхөх хэмжээний нөөц юм. Гэвч инфляц өндөр хэвээр байгаа бөгөөд сүүлийн 27 сарын турш Төв банкны зорилтот түвшнээс хэтрээд байна.
Ажиллагсдын тоо буурч байна
Монгол Улсын нийт ажиллагсдын тоо 2009 онд 3.4 хувь болж буурч байсан. Энэ үед эдийн засаг 8.9 хувиар өсч байгаад ганцхан жилийн дотор -1.3 хувь болоод маш хүнд хямрал руу орж байсан. Ингээд хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын байруудаа алдаж, маш олон хүн ажилгүй болж байсан. Үүнээс хойш тогтвортой өсч байгаад 2016 онд нийт ажиллагсдын тоо -0.3 хувиар багассан. Үүнээс хойш ковидын хямрал, геополитикийн асуудлаас үүдээд ажиллагсдын тоо өсөхгүй, харин ч буураад байна. Монгол Улс хамгийн оргил үе буюу 2018 онд 1.2 сая ажиллах хүчинтэй байсан бол энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1.1 сая ажилтантай байна.
Орлого их байгаа үед хуримтлалын сангуудаа нэмэгдүүлэх хэрэгтэй
Төсвийн орлого энэ жил маш их цөмөрсөн. Энэ оны эхнээс төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдал хоёулаа ашигтай байна. Гэхдээ төсөв ашигтай байна гээд бүх зүйл сайхан болно гэсэн үг биш. Төсвийн орлого тал дээр уул уурхайн өсөлтийг дагасан нэмэгдэл байгаа. Цаашдаа эдийн засаг тооцоолсноос хурдтай саарвал яах вэ, түүхий эдийн үнэ унавал, хил гааль дээр дахин гацаа үүсвэл, БНХАУ манайхаас импортоор авдаг түүхий эдийнхээ хэмжээнд хязгаар тогтоовол яах вэ гээд үзэхээр эдийн засгийн өсөлт тогтвортой байх уу гэдэг дээр асуултын тэмдэг гарна. Тиймээс дунд хугацаандаа бүтцийн шинэчлэлээ хийхгүй бол энэ өсөлт цаг зуурынх байгаад дахиад л хямрал руу орох эрсдэлтэй.
Мөн зардал тал дээрээ анхаарах хэрэгтэй. Ковидын үед хэрэгжүүлсэн цаг үеийн, төсвийн тэлэлтийн шинж чанартай бодлогуудаа дуусгавар болгох, хумих нэн шаардлага бий болж байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх ёстой. Түүнчлэн дуусдаггүй хөрөнгө оруулалтаас татгалзах хэрэгтэй. Дээрээс нь орлого өндөр байх үед төсвийн гол хуримтлалуудаа бий болгож авахгүй бол болохгүй. Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв сан гэх мэт хуримтлалын сангуудаа нэмэгдүүлж байж төсвийн тогтвортой байдлыг хангана, өрийн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ.
Төв банкны болон хадгаламжийн байгууллагуудын гадаад хөрөнгө нэмэгдлээ
Банкны салбарт эерэг өөрчлөлт гарсан. Гурван жил үргэлжилсэн хямрал хүндрэлийн дараа манай банкны салбар тогтвортой байна. Төв банкны болон хадгаламжийн байгууллагуудын гадаад цэвэр хөрөнгө сүүлийн саруудад нэмэгдлээ. Хадгаламжийн хэмжээ өнгөрсөн оны мөн үед буурч байсан бол эргээд өслөө. Ерөнхийдөө санхүүгийн салбар тогтвортой, төсвийн зөөлөн мөнгөний хатуу бодлого дээр нийцсэн байдлаар бодлогоо тодорхойлоод явж байна.
Гэхдээ банк, санхүүгийн салбар дээр зөв хүлээлтийг үүсгэх нь маш чухал байна. Зохицуулалтын орчин зөв байх нь чухал гэдгийг онцоллоо.