“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: “Аж үйлдвэрийн гинжин хэлхээ”-ний суурийг тавих төслүүдээ тодорхойлж энэ жилээс хэрэгжүүлж эхэлнэ
Уул уурхайн төрийн өмчийн 30 компанийг удирдлага, менежментээр хангах амаргүй ажлыг нугалж байгаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой хэрэгжүүлж буй бодлого, онцлох ажлынх нь талаар ярилцлаа. Нэгдлийн зүгээс эрдэс баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгох, баялагтаа “эзэн монгол” байхын төлөө олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
-Ажлаа авснаас хойш хэрэгжүүлж буй стратеги төлөвлөгөөнөөс тань ярилцлагаа эхэлье. Санаж бодсон хэмжээнд тань хүрч байна уу. Мөн өнгөрсөн хугацаанд амжуулсан ажлуудаасаа хамгийн чухлаас нь сонирхуулаач гэвэл та ямар ажлыг онцлох вэ?
-”Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд стратеги төлөвлөгөөг боловсруулж, түүнтэй уялдсан зорилго зорилт дэвшүүлж, харьяа компаниудтайгаа нэгэн зүгт харж ажиллах нь бидний гол зорилго. Уул уурхайн эрдэс баялгийн өгөөжийг хүртэх зорилтын хүрээнд нэгдлийн зургаан том компанийг түшиглээд ойрын болон дунд хугацаанд боловсруулах үйлдвэрүүдийн цогцолбор байгуулах их ажлыг эхлүүлэхээр зорьж байна. Тухайн цогцолборуудаа үйлдвэр технологийн паркын загвараар хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нэгдлийн зургаан том компани түшиглэн байгуулагдах паркынхаа үндсэн түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн цогцолбороо барьж байгуулах, дэд бүтэц байгуулахад манлайлж оролцоно. Харин паркуудад аж үйлдвэрийн гинжин хэлхээг тасралтгүй үүсгэх төлөвлөлтийг хийж хяналт тавих, хөрөнгө оруулагчдыг дэмжих, боломж олгох менежмэнтийг хийх “Эрдэнэс ҮТП” компанийг байгууллаа. Ингэснээр ганц нэг салангид төслүүд биш төр хувийн хэвшил хамтарч эрдэс баялгаа бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг кластер үүсэх боломж бүрдэнэ. Товчхондоо Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын Аж үйлдвэрийн сэргэлт хэрэгжихэд чухал алхам болох юм.
Түүнчлэн харьяа компаниудад тулгарч байгаа гол асуудлын нэг нь тээвэр логистикийн асуудал байдаг. Тиймээс компаниудад борлуулалтын доголдол үүсгэхгүй, ханган нийлүүлэлтийг тогтвортой байдлыг хангаж ажиллах Дэд бүтэц, тээвэр логистикийн группийг шинээр байгууллаа. Энэ ч мөн стратеги төлөвлөгөөний хүрээнд хийгдэх чухал ажлын нэг байсан. Ер нь нэгдлийн зүгээс баялагтаа эзэн Монгол байхын төлөө, түүнд хүрэхийн төлөө төлөвлөгөө, зорилгоо тодорхойлоод түүнд уялдсан ажлуудаа шат дараатай хийгээд явж байна гэж ойлгож болно.
-“Эрдэнэс Монгол” нэгдэл Сингапурын Темасекийн загвараар хөгжинө гэсэн мэдээлэл олны анхааралд хэвээр байгаа. Энэ чиглэлээр өрнөж буй ажил, шийдэл байвал сонирхуулаач, манай уншигчдад?
-“Темасек” нь дан уул уурхайн бус Сингапурын төрийн өмчит компаниудыг нэгтгэсэн томоохон групп компани юм. Нэгдэлд нь багтдаг компаниудын үйл ажиллагааны цар хүрээ, ашиг нь их болохоор ногдол ашиг нь ч түүнийгээ дагаад өндөр байдаг. Түүгээрээ стратегийн ач холбогдолтой шинэ төслүүддээ хөрөнгө оруулаад эдийн засгийн өгөөжөө хүртээд явдаг. Бид ч мөн энэ зарчмаар явна. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас нэгдлийн компаниудын бизнесийн шийдвэрт оролцохгүй, ялангуяа нийгмийн чанартай төслүүдийг санхүүжүүлэх үүрэг даалгавар өгсөн шийдвэр гаргахгүй гэдэг бодлогоо зарласан. Харин нэгдлийн компаниуд үйл ажиллагаа, үр ашгаа нэмэгдүүлж бизнесийн үр ашигтай төслүүдээс санхүүжүүлэх замаар ногдол ашиг, Баялгийн санд төвлөрүүлэх хөрөнгө нэмэгдүүлэхийг бодлого баримталж байна. Өмнө нь нийгмийн төслүүдийг санхүүжүүлэх байдлаар бизнесийн хувьд үр ашигтай бус зарцуулалт хийдэг байсан бодлого өөрчлөгдсөн гэсэн үг. Засгийн газрын энэ бодлого Баялгийн сангийн хуулиар эрх зүйн хувьд баталгаажих ёстой.
Одоогоор “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьд чухал төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэх, төслийн бэлтгэлийг хангах, өөрөө санхүүжүүлж чадах төслүүдээ эхлүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татаж хамтарч ажиллах чиглэлд анхааран ажиллаж байна.
-“Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нэлээд ардчилалтай болсон гэх олзуурхал төрж байгаа. Гэхдээ улс төрийн хараа, хамаарал байсаар л байна. Засаглал сайн байж л таны ярьсан, бодсон, харсан шийдлүүд зөв хэрэгжинэ. Энэ чиглэлээр хийхээр төлөвлөсөн, хийж яваа ажлуудаасаа хуваалцаач?
-Компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тоог 49 хувьд хүргэж нэмэгдүүлсэн. Аль болох мэргэжлийн, бизнесийн туршлагатай, нийгэмд энэ чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сонгох зорилт тавьж ажилласан. Зорилт маань ч тодорхой хэмжээгээр биелээд явж байна. Нэгдлийн хэмжээнд охин компаниудын ТУЗ-ийн нийт 270 гишүүн байсныг нэлээд цөөлж, 30 гишүүнтэй болгосон. Ингэснээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн толгой компанийн ТУЗ-д ачаалал нэмэгдэж байгаа ч шийдвэр гаргалт сайжирч, улс төрийн хамаарал багассан. Одоо нэгдлийн ТУЗ-ийн хараат бус гишүүнд Монголдоо бизнес, санхүү эдийн засаг, компанийн засаглал, хууль, геологи, уул уурхайзэрэг салбаруудын олон жилийн туршлагатай, мэргэжлээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн Д.Нацагдорж, Т.Оргодол, Д.Гэрэлмаа, Н.Энхцэцэг зэрэг хүмүүс ажиллаж байна.
-Гуч гаруй төрийн өмчит компаниудыг харьяандаа нэгтгэлээ. Ингэж нэгтгэснээр гарч эхэлж байгаа эерэг өөрчлөлтүүдээс нэрлээч. Эрхлэх, харьяалах асуудал томрохын хэрээр асуудал бэрхшээл ч багагүй байгаа байх?
-Нэгдлийн компаниуд хамтарч үр дүн гаргахын тулд зайлшгүй нэг зүгт харж ажиллах шаардлагатай. Бидний зорилго гэвэл харьяа байгууллагуудаа зөв чиглүүлж, туслан дэмжиж зөв нэгдэж, зөв манлайлж ажиллахын төлөө байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгч ихэнх компаниуд үндсэн ажилдаа болон хамтарч ажиллах чиглэлд ахиц дэвшил гаргаад эхэллээ. Мэдээж, 30 компанийн асуудлыг шийдвэрлэж, удирдлага, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахад толгой компанийн ажлын ачаалал нэмэгдэж байгаа ч энэ системээр явах нь илүү үр дүнтэй нь амьдрал дээр харагдаж байна. Үүнийг зарим компаниудын зүгээс цохон тэмдэглэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч ярьж байгааг та сэтгүүлч хүний хувьд анзаарсан байх.
Нэмж хэлэхэд, эрдэс баялгийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд өмнөд хөрш тэр дундаа Өвөр Монголчууд биднээс нилээд хол алхжээ. Гэтэл бид олигтой урагшилж чадаагүй л байна. Бидний гол дутагдал нь аж үйлдвэрийн төслүүдийнхээ уялдаа холбоог нь хангаж “аж үйлдвэрийн гинжин хэлхээ” гэдэг зүйл бий болгож чадахгүй байгаа юм. Гэтэл эцсийн бүтээгдэхүүн гаргана гэдэг нь хэд хэдэн үйлдвэрүүд үйл ажиллагааныхаа хувьд тасралтгүй уялдаа холбоо үүсгэж байж бий болгодог. Манайд бол өөр өөрсдийн төслүүдээ тус тусдаа хэрэгжүүлнэ гэж олон жил явсан. Тэр нь санхүү, менежментийн хувьд ч олигтой үр дүнгүй,хөрөнгө оруулагчдын хувьд ч итгэл үнэмшил муутай байгаад зогсохгүй зарим тохиолдолд хэсэг бүлэг улсуудын ашиг сонирхол ордгоос болж үр дүнд хүрэлгүй цаасан дээр үлдэж хоцордог. Уг гажуудлыг л өөрчлөхийн тулд 30 компанийг нэгтгээд, нэгдсэн стратеги бодлого төлөвлөлтөөр ажлаа урагшлуулахыг зорьж байна.
-Хамгийн сүүлд Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийг нэгтгэлээ. “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК байсныг ХХК болгосон. Сүүлд нэгтгэсэн эдгээр компани дээр ямар өөрчлөлт гарах хүлээлттэй байна вэ?
-“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК, “Цемент шохой” ТӨХК нь манай улсын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг үйлдвэрүүд юм. Тийм болохоор төр засгаас эдгээр үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарч хувийн аж ахуй нэгжид ч өгч үзлээ. Үр дүн нь хангалтгүй байсан учир төрд буцаан авч нэгдлийн харьяанд оруулсан. Бидний зүгээс стратеги төлөвлөгөөндөө уг хоёр үйлдвэр дээр нэгдлийн давуу талыг ашиглаж, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийг түшиглэсэн Ган үйлдвэрлэх цогцолбор, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийг түшиглэсэн Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолборыг үйлдвэрлэл технологийн паркын загвараар байгуулахаар тусгасан. Эхний ээлжинд Дарханд 100 мянган тонн хүртэлх хүчин чадалтай “Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр”, Хөтөлд Шохойн үйлдвэр байгуулах төслийг энэ жил эхлүүлнэ. Санхүүжилтийг нь шийдвэрлэж байгаа.
– Зарим охин компанийг татан буулгалаа. Жишээ нь “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг “Эрдэнэс алт” ХХК-тай нийлүүлж, “Эрдэнэс алт ресурс” ХХК болгосон. Өмнө нь ийм компани байсан ч нэр төдий явсан түүхтэй. Одоогийн өөрчлөлтийг нь харин огт өөр агуулгатай байгаа болов уу гэж харж байна. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжээд явах бололцоо бүрдлээ гэж харж болох уу?
-“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн хувьд нөөц нь багасаад цаашид удаан ажиллах боломжгүй болсон. Мөн үйл ажиллагааны зардал өссөн, хуримтлагдсан өр төлбөрөө бууруулж чадахгүй, бүтээгдэхүүнээ хямдаар борлуулдаг зэргээс шалтгаалан үр дүнтэй ажиллаж чадахгүй байна. Татварын нэлээд их хэмжээ (96 тэрбум төгрөг)-ний өртэй байгаа, хяналт шалгалтын явцад цаашдаа нилээд нэмэгдэх хандлагатай. Нэгдэлд алтны хэд хэдэн төсөл байна. Манай үйл ажиллагааны нэг чиглэл холимог металл, алт, мөнгөний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шүү дээ. Нөгөө талд “Эрдэнэс алт ресурс” ХХК нь анх алт хайлуулах үйлдвэр барих зорилгоор байгуулагдсан. Гэвч судалгааны явцад үйлдвэрлэлийн технологи, ТЭЗҮ нь үр ашиггүй гэж дүгнэгдээд цааш яваагүй. Гэхдээ алтны төсөл ирээдүйтэй учир нэгэнт нөөц нь дуусаж байгаа уурхайн үйл ажиллагааг нэгтгэж шинэ бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээр ажлуулахаар шийдвэрлэсэн юм. Бодлогын яамнаас нэгтгэж ажиллуулах чиглэл өгсөн.
Харин алт цэвэршүүлэх үйлдвэрийн тухайд одоогийн байдлаар яг ингэнэ, тэгнэ гэж шууд амлахад хэцүү. Цаашдаа эдийн засгийн хувьд үр өгөөжтэй шийдэл гарч ирвэл хэрэгжүүлэхээр ажиллаж болно.
-Төрийн өмчит компаниудын өр төлбөр ямархуу байгаа бол. Удахгүй өвөл боллоо гэдэг утгаар нь “Шивээ-Овоо” ХК, “Багануур” ХК-ийн өр төлбөрийн асуудлыг сонирхмоор байна?
-Энэ хоёр компани нь Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийг болон бусад аймаг орон нутгийн дулааны станцуудыг нүүрсээр хангах үндсэн үйл ажиллагааг алдагдалтай ажиллан явуулж байна. Жишээлбэл нэг тонн нүүрс олборлох зардал нь 45 мянга орчим төгрөг байдаг. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон борлуулах үнэ нь 39 мянган төгрөг байгаагаас алдагдалтай ажиллаж байна. Үүнээс болоод хуримтлагдсан өр төлбөр нэлээд үүссэн. Ийм байдлаар цааш удаан явах боломж байхгүй.
Нөгөөтэйгүүр, экспортод гаргая гэхээр худалдан авагч талын импортод тавигддаг чанарын шаардлага хангахгүй тул дангаар нь гаргах бололцоогүй. Тиймээс группийн зарчмаар ажиллаж байгаа давуу талыг ашиглан “Эрдэнэс Таван Толгой” ХК болон “Багануур” ХК-ийн нүүрсийг хольж экспортлох боломжийг судалж байна. Хөрөнгө оруулагчид ч энэ санааг сонирхож байгаа. Мөн “Багануур” ХК-ийг түшиглэн хүрэн нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийн загвар дээр ажиллаж байна.
-“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ыг нэгтгэснээр “Эрдэнэс Монгол” нэгдэл улсдаа хамгийн том, хамгийн хүчирхэг компани боллоо гэж зарлаж байсан нь саяхан. Гэвч толгой компани хэр нь түрээсийн оффистой, тэр нь он дамжиж ирсэн өр төлбөртэй, ажилтнуудынхаа цалинг аль нэг компаниас авдаг гэх мэт асуудалтай яваа. Засаглалаа сайжруулж, улстөрийн хамаарлаа багасгавал “Эрдэнэс Монгол” нэгдэл бие даасан том статустай, нэрэн доор нь нэгдсэн компаниудын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө асар их. Энэ тал дээр ямар шийдэлтэй, хэрхэн ажиллаж байна вэ?
-Толгой компани “томрох” нь гол агуулга биш, харин нэгдлийн үйл ажиллагааны цар хүрээ, үр ашгийн хэмжээ томрох нь чухал байгаа юм. Өмнө нь нэгдлийн түвшинд нэгдсэн стратегиа тодорхойлох, манлайлал үзүүлэх тал дээр дутагдалтай явж ирсэн. Иймд толгой компанийн зүгээс шат дараатай олон ажлыг хэрэгжүүлж байна. “Гашуун сухайт автозам” ХХК-иас өдөр тутмын үйл ажиллагааг санхүүжүүлдэг, толгой компани гэж хэлэхэд хэцүүхэн явж ирсэн нь үнэн. Эдгээр хүндрэл бэрхшээлийн шалтгаан нь тогтолцоогоо сайжруулж чадаагүйнх гэж бид дүгнэж байгаа. Одоо бол нэгдлийн хувьд үйл ажиллагаа харьцангуй жигдэрч, өр төлбөрийн асуудал ч багасаж байна.
Цаашдаа менежментийн төлбөрийн хувьд олон улсын групп компаниудын жишигт санхүүгийн ямар харилцаа байдаг, толгой компани үүн дээр хэрхэн манлайлал, менежментийн үйлчилгээ үзүүлэх гэхчлэн зөв тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Түүнээс биш толгой компани нь томроод данхар болох нь бидний зорилго огт биш. Харин цомхон бүтэц, үйл ажиллагаагаар харьяа компаниудаа дэмжиж, үйл ажиллагаа, ирээдүйн хөгжилд нь тус болж, нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэх нь бидний зорилго.
-Үндэсний баялгийн сангийн тухай хууль боловсруулах ажлын хэсгийг та ахалж байгаа. Өмнө нь хоёр ч хувилбар яригдаж байсан ч явсангүй. Танай ажлын хэсгийн боловсруулж байгаа гол концепц юу вэ? Ер нь яагаад танаар ахлуулах болов?
-Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг өмнө нь хэд хэдэн хувилбараар боловсруулж байсан ч Засгийн газрын гишүүдийнхээ түвшинд концепцийн хувьд нэгдэж чадаагүй учраас уг хуулийн төслийг дахин шинээр боловсруулах шаардлага үүссэн гэж ойлгож байгаа. Өмнөх төслүүдийг боловсруулах ажилд “Эрдэнэс Монгол” нэгдлээс судалгаа болон боловсруулалт тал дээр оролцож байсан. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сан болгох хувилбар ч гарсан юм байна лээ. Миний хувьд бол одоогийн хийж байгаа ажлын чиг үүрэг болон өмнө нь хийж байсан ажлын туршлагыг харгалзан үзэж энэ ажлын хэсгийг ахлуулсан болов уу гэж бодож байна.
Манай ажлын хэсгийн боловсруулж байгаа хуулийн төслийн гол агуулга нь 2019 онд Үндсэн хуулийн 6.2-т заасан нэмэлт өөрчлөлтийн үндсэн агуулгатай нийцүүлж өмнөх төслүүдээс зарчмын өөр концепцоор боловсруулсан. Үндсэндээ, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд заасны дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулсан гэж ойлгож болно. Хуульд газрын хэвлийн баялгаас төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, иргэдийн эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгэм, эдийн засгийн чухал төслүүдийг санхүүжүүлэх зориулалтаар төрөлжсөн сангуудыг байгуулах, сангийн эх үүсвэр, түүний төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна гэж заасан байгаа.
-“Эрдэнэс” ҮТП байгуулсан, гурван ч уурхайг түшиглэн урд хөрштэй “Хоёр улс-хоёр парк” түншлэл хэрэгжүүлнэ гэх мэтээр “Эрдэнэс Монгол”-ын манлайлал, төлөвлөгөө тод сонсогдох боллоо. Гэвч Монголд олон жил яригддаг ч огт ажил болдоггүй хоёр амлалт байдаг нь чөлөөт бүс, ҮТП хоёр юм. Та бүхэн яг үйлдвэрийн парк хийж чадах уу?
-Нэгдлийн хувьд газрын хэвлийн эрдэс баялгаа эцсийн шат хүртэл боловсруулах “аж үйлдвэрийн гинжин хэлхээг” ҮТП-ийн схемээр хөгжүүлье гэдэг стратегийн зорилт тодорхойлсон. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргатай хамт БНХАУ-ын ӨМӨЗО-ы удирдлагуудтай хийсэн уулзалтаар хоёр улсын хил орчмын ҮТП-ийг хөгжүүлэх нь харилцан ашигтай, үр дүнтэй бодлого гэдгийг ярилцсан. Үүний хүрээнд, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн коксжих нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрийг энэ чиглэлд хөгжүүлэх гарц байгааг хоёр тал онцолсон.
ӨМӨЗО-ы хувьд энэ талын үйлдвэрлэл хөгжүүлэлтийн цогц концепц гаргаад төслүүдээ тодорхой болгоод үр дүнтэй ажиллаж байгаа юм билээ. Нуулгүй хэлэхэд, манайд чөлөөт бүсэд татварын хөнгөлөлтийг ашиглаж архи, тамхи л их зарагддаг муу жишиг тогтсон, мөн газрыг төлөвлөлт муутай замбараагүй хуваарилсан зэрэг алдаанууд гарсанаас болоод тавьсан зорилго талаар болсон л доо. Тиймээс ҮТП-ийн хөгжилд цаашид бид ийм алдаа гаргахгүй байх талд нарийн анхаарах учиртай. “Хоёр улс-хоёр парк” түншлэлийг нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай гүйцэтгэж чадвал хөрөнгө оруулалт татаж чадна. Нэгдлийн хувьд ҮТП-ийн үйл ажиллагааны дүрмийг УУХҮЯ-тай хамтраад боловсруулж байна. Анхнаасаа хууль, дүрмийнхээ дагуу явж чадвал бусад улсад аль хэдийнээ үр дүнгээ өгсөн дээрх загвар бидэнд үр дүнгээ өгч чадна.
-Төрийн өмчит 30 үйлдвэр, компанийг “Эрдэнэс Монгол” нэгдэл удирдаж байна. Технологийн хувьд ахиц дэвшил гарч байгаа уурхай, үйлдвэрийн газар байна уу?
-Үйлдвэрийн технологийн шинэчлэл хийнэ гэдэг нь хагас жилийн хугацаанд хийгдчих ажил биш. Нэгдлийн зүгээс уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулах үйлдвэрийн цогцолборууд дээрээ нүүрс хүчлийн хий бага ялгаруулах техник, технологийг нэвтрүүлэх урт хугацааны бодлого баримтлана.
Онцолж хэлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэл Техник, технологийн бодлогын зөвлөлтэй болсон. Уул уурхайн үйл ажиллагааны чиглэл бүрээр Монголдоо хамгийн шилдэг экспертүүдийн санг үүсгэж байна. Эдгээр экспертүүдээс гэрээ хийж компаниудынхаа зарим тодорхой үйл ажиллагаанд хөндлөнгийн дүгнэлт гаргуулж байна. Энэ дүгнэлтүүдэд үндэслэж цаашдын шийдлүүдээ гаргана.
-Сүүлд нь хувийн чанартай асуулт асууя. Таны дараагийн улс төрийн нүүдэл юу вэ? Энэ цагийн галтай, хэл амтай алба хашиж, олны анхаарлын төвд байгаа хүний хувьд дараагийн алхмаа бодож л байгаа байх…?
-Миний хувьд дэд сайдын алба л улс төрийн албан тушаал байсан. Бусдад нь дандаа төрийн захиргааны ажил хийж ирсэн. Таны хэлсэнчлэн төр намайг галтай ч гэдэг юм уу, хэл амтай ч гэдэг юм уу, асуудалтай, эмхлэх цэгцлэх шаардлагатай газруудад тодорхой үүрэг даалгавар өгч томилж байна гэж ойлгож хүлээн авч хичээн ажилладаг. Мэдээж алдаа дутагдлыг арилгахад шаардлагатай аливаа өөрчлөлт хийхэд амаргүй байдаг. Түүнийг дагаад хэл ам, гүтгэлэг, гүжирдлэг, доромжлол ч ирдэг юм байна. Энэ бүхэн одоо миний хашиж байгаа албан дээр түлхүү мэдрэгдэж байна. Засгийн газрын хувьд “Эрдэнэс Монгол” нэгдэлд намайг тодорхой өөрчлөлт шинэчлэл хий гэсэн үүрэг даалгавар өгч томилсон учир зарчмаасаа сөөм ч ухралгүй ямар ч “өвдөлт” ирсэн үүрэг даалгаврын хэрэгжилтээ биелүүлээд явна гэж бодож байна.
Өөрийгөө ямар ч гэсэн төрийн мерит зарчмаар ажиллаж байгаа гэж боддог. Ажилласан жилийн туршлагаасаа харахад ихэвчлэн төрийн бодлого, төсөв санхүүгийн чиглэлээр алба хашжээ. Харин уул уурхайн бизнесийн чиглэлээр анх удаа ажиллаж байна. Манай компанийн үндсэн үүрэг нь олборлолт, баяжуулалт биш төрийн бодлого шийдвэрийг ажил болгох, стратеги, менежмент, үйл ажиллагааны уялдааг сайжруулах юм. Шинэ сэргэлтийн бодлого, ялангуяа аж үйлдвэрийн сэргэлтийг төрийн өмчийн компаниудад хэрэгжүүлэхэд миний сурсан мэдсэн мэдлэг, ажлын туршлага хэрэг болж байна гэдгийг онцолъё.
Би өнгөрсөн 20 гаруй жилийн турш тасралтгүй төр засаг, олон нийтийн төлөө ажиллаж, зүтгэж ирсэн. Нэгэнт энэ замаар явж ирсэн, бэлтгэгдсэн болхоорцаашдаа ч төр засаг, олон нийтэд хэрэгтэй ажилд хувь нэмэрээ оруулж хичээж зүтгэнэ гэж бодож явна.