Ипотекийн зээлээс шимтгэл авсан банкууд торгуулиа төлөхгүй бол албадан гүйцэтгэнэ

0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийн 1 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Ням-Эрдэнэ “Арилжааны банкуудад ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий 9 банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Улмаар зөрчил үр дагаварыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд Шүүхээс эцэслэн шийдвэрлээд байгаа.

Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар нэр бүхий арилжааны 9 банкны гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр гарснаар ШӨХТГ-ын улсын байцаагчийн тавьсан торгууль, зөрчлийн үр дагавар арилгах албан даалгавар хүчин төгөлдөр үйлчилж байна.

Банкууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа 30 хоног үргэлжлэх буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болох юм. Тухайн хугацаанд банкууд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Улсын байцаагчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүсч байгаа тул тус хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд эхнээс нь хамтран ажиллаж байсан өмгөөлөгчид болох С.Ялалт, Б.Цэнгэл, Г.Чинбат нартай үргэлжлүүлэн хамтран ажиллах гэрээг албан ёсоор байгууллаа” гэлээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн олон нийтийн сүлжээнд иргэдийг төөрөглүүлэх мэдээ, мэдээллийг нэр бүхий хүмүүс өөрийн цахим хуудсаар олон нийтэд нэр хүндээ өсгөх, олны хандалт авах, улс төрийн зорилгоор ашиглаж манай байгууллагын мэдээлэл мэтээр илэрхийлж байгаа тул энэ үйлдлийг хуулийн хүрээнд таслан зогсоох арга хэмжээ авахаа илэрхийлсэн юм.

Цаашид ШӨХТГ-аас арилжааны банкуудаас олгож буй бүх төрлийн зээлийн шимтгэлүүд үндэслэлтэй эсэхэд хяналт, шалгалт хийхээр төлөвлөжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *