Хөрөнгө оруулагчид одоо Засгийн газрын “Гурван баатар”-ыг л харж байна
Монгол Улсад яагаад хөрөнгө оруулалт оруулахаас зайлсхийгээд байна вэ гэдэг асуултад гадныхан “Танай улсад хууль нь бий боловч хуулийн байгууллага нь тэр хуулиа яаж ч мушгиж гуйвуулан зөрчих, хэлмэгдүүлэх магадлалтайд хамаг аюул нь оршдог” гэж хариулсан тухай яриа бий. Энэ магадгүй манайд хөрөнгө оруулалт хийгээд одоо Арбитрын шүүхэд хандахдаа тулчихаад байгаа Чех хөрөнгө оруулагчдын өнөөгийн нөхцөлтэй яг тохирч байгаа юм.
Түүх сөхвөл “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Мон-Атом” компани 1993 оноос эхлэн гадны хөрөнгө оруулагч эзэмшиж байсан Дундговь аймаг дахь ураны ордын зөвшөөрлийг худалдаж авах саналыг “Ураниум Индастри” хэмээх ураны салбарт олон жилийн түүхтэй Чех Улсын компанид тавьсанаас эхэлнэ. Улмаар Бүгд Найрамдах Чех Улсын “Ураниум индастри” компани Монголын “Мон-Атом” компанитай хамтарсан нь “Гурвансайхан” гэх компани.
Гэвч Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-ын бичилтийн техникийн алдааны улмаас хайгуулын ажлаа дуусгаад олборлолтод шилжих гэж байсан компани шүүхийн хаалга татав. Улмаар долоон жилийн хугацаанд 310 тэрбум төгрөг зарлагадаж нөөц тогтоосон ураны талбайнхаа зөвшөөрлийг цуцлуулсан тухайгаар өнөөдрийн түүх үргэлжилнэ. Сонирхолтой нь, компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосноос хойш 5 жилийн дараа нэгэн ТББ шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын шүүхээс төрийн байгууллагын лиценз бичилтийн техникийн шинжтэй алдааны улмаас лицензийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж орхиж. Гадныхны нүдэнд бол энэ төр нэг гараараа лиценз өгөөд, нөгөө гараараа дээрэмдэж байгаа үйл явдал шүү дээ. Яг л нөгөө эхэнд дурдсан хариулт шиг. Харин шүүх танхимд хариуцагчаар биш ажиглагчаар оролцож лицензээ хураалгасан Чех хөрөнгө оруулагчид одоо Арбитрын шүүхэд хандах талаар сөхөж эхэлжээ.
Ийм нөхцөлд гадаад орчинд шүүхийг биш Засгийн газрыг буруутгах нь дамжиггүй. Хариуцагч этгээд нь Засгийн газар ч утгаараа мөн. Монгол Улс яг ийм нөхцөлд өмнө нь орж байсан. Канадын хөрөнгө оруулалттай уран хайгуулын “Хан ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд хандаж 100 сая ам.долларын нөхөн төлбөр авч байлаа.
10-аадхан жилийн өмнөх явдал. Хэрэв олон улсын шүүхэд очвол Монгол Улс ялна гэхээсээ ялагдах магадлал хамгийн өндөр. Ялагдвал наад зах нь 300 тэрбум төгрөг татвар төлөгчдийн халааснаас гарчээ гэж тооцоход болно. Өнөөдөр арбитрын маргаан үүсвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуцагчаар арбитрт очиж таарна. Оюутолгойн гэрээг шинэчилсэн, Францын хөрөнгө оруулалттай ураны “Бадрах Энержи” компанийг хөдөлгөсөн яруу алдрын эзэн Х.Нямбаатар ард түмнээ, улсаа өрөнд оруулсан хүн гэж харагдахад тун ойрхон очжээ гэсэн үг. Тиймээс үүнээс өрсөж ажиллах боломж бий юу гэдгийг одоо судалж эхлэх ёстой биш үү. Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах хороо Эдийн засаг, хөгжлийн яаманд харьяалагдаж байгаа. Сайд нь Ч.Хүрэлбаатар. Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалж чадаагүй гэдэг намтар түүний олон удаа эдийн засаг, мөнгө төгрөг хариуцсан сайдаар ажилласан намтар дунд шигдэхгүй юу. Х.Нямбаатартай хамтраад ажиллах ёстой биш үү. Гуравдугаарт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар гэдэг хүн бензин, түлш хомсдох үгүй асуудлаар муу амалж л олны өмнө гарч ирдэг боллоо. Салбар хариуцсан сайд Та Чех хөрөнгө оруулалттай “Гурвансайхан” гэдэг компани байдгийг мэдэх үү? Мэддэг бол юу мэдэх вэ? Уг нь бол Засгийн газарт гурван том хүчтэй сайд байж байна. Арбитр хүртэл явуулахгүй байхад хангалттай хүч.
“Гурван баатар”-ын үлгэр уг нь эхлэх цаг нь болсон. Тэднийг яаж ажиллахыг зөвхөн чехүүд ч гэлтгүй манайд хөрөнгөө оруулсан, оруулаагүй бүхий л гадныхан харж байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл таг чиг байгаад өөр учир байна уу гэж хардахад хүрч байгаа юм.
Гадны хөрөнгө оруулагчдыг ТББ нэртэй шантаажны бүлэглэл хуулийнхантай шүүхийнхэнтэй хамтран дээрэмддэг явдал бий. Ерөнхий прокурор, ШӨХТГ-ын дарга байсан хүмүүс гадны иргэдийг худалдаж авсан хөрөнгийг дээрэмдсэн, Тагнуулын эрх бүхий албан тушаалтан нь ҮАБЗ, ЗТЯ-ныхаа өндөр албан тушаалтантай хамсан гадны компанийн хэрэгжүүлж байгаа төсөл, газрыг булаагаад хувааж зарсан, МХЕГ-ынхан нь ураны ордыг дээрэмдээд авчихсан гэх мэтээр тоочвол зөндөө. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үүнтэй тэмцэхээ амлаад хоёр жил өнгөрч байна. Нааштай мэдээнүүд сонсогдож л байдаг. Гэхдээ зодолдох биш хэрэлдэж байгаа бол юуны сайн байх вэ дээ. Ам, ажлын зөрүү алд дэлэм байтугай зөрүүтэй биш ардаа үлдэх үр дүнтэй байх нь чухал баймаар даа.