Эмч С.Батцэцэг: Сүүлийн үед бага насны хүүхдүүдээс гадна 19-35 насны залуус ханиад, томуугаар өвчлөх нь их байна

0

Улирал солигдоход ханиад, томууны өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо ихэссэн байна. Иймд бид СБД-ийн 8-р хорооны өрхийн эмнэлгийн их эмч С.Батцэцэгээс улирлын чанартай ханиад томууны дэгдэлт болон хэрхэн үүсгэгдэж байгаа талаар тодрууллаа.

-Сүүлийн үед ханиад хүрсэн гэх хүмүүсийн тоо олширч байна. Гадуур ч мөн улирлын чанартай ханиад, томуу байна гэж хүмүүс ярьцгааж байна л даа. Ер нь ханиад, томууны өвчлөл юунаас болж үүсэж байна?

-Томууны дэгдэлтийн үе нь есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын дунд үе байдаг. Энэ нь томуугийн эхний дэгдэлтийн үе гэж хэлж болох юм. Ханиад, томуу юунаас болж үүсгэгддэг вэ гэхээр нэгд, сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотойгоор хүмүүсийн бөөгнөрөл үүсдэг. Үүнээс үүдэн амьсгалын замын халдвар ихэсдэг.

Хоёрдугаарт, улирал солигдож байгаагаас хамаараад цаг агаарын температур хэлбэлзэж байдаг. Энэ үед залуучууд нимгэн хувцас өмсөх, хүйтэн хоол, ус ундаа уух зэргээс шалтгаалаад ханиад, томуу тусах магадлал бий болдог л доо.

Жил бүрийн энэ үед ихэвчлэн цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд их ирдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд томуугийн шинж тэмдэгтэй байдаг бөгөөд хуурай ханиалгах, огцом халуурах зэрэг зовуурьтай байдаг юм.

Түүнчлэн ханиад томуу илэрч байгаа энэ үед эцэг эхчүүд яаралтай өрхийн эмнэлэг дээр хүүхдээ үзүүлж, эмчийн зөвлөгөө авах нь чухал юм. Томууг гэрээрээ дур мэдэн, антибиотик өгч эмчилж болохгүй. Антибиотик нь томуу хүндрээд, амьсгалын зам руу орж ирснээр нянгийн халдвар болсон тохиолдолд л хэрэглэнэ. Тийм учраас эцэг эхчүүд ханиад хүрлээ гээд антибиотикийг өгч болохгүй юм. Энэ өөрөө буруу эмийн хэрэглээ болох тул эмч дээр заавал очиж, эмийн жор авах нь чухал.

-Ханиад, томуу туссан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авч эмчлүүлэх вэ?

-Бага насны хүүхдүүдэд хуурай ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрдэг бол томчуудад халуурах гэхээс илүү хамар битүүрэх, шингэн нус гоожих, толгой өвдөх, хөл гарын булчин янгинаж өвдөх шинж тэмдэг илэрдэг.

Гэрийн нөхцөлд халуун, бүлээн шингэнэ зүйл сайн уух хэрэгтэй. Үүнд, аньс, чацаргана, аарц гэх зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд багтдаг. Тиймдээ ч эмч нар эдгээр бүтээгдэхүүнийг хамгийн их санал болгодог.

Мөн ямар төрлийн ханиад байна гэдгээсээ хамаараад эмчийн зааврын дагуу эмээ бичүүлж авна. Хамгийн гол нь хүйтэн зүйл уухгүйгээр дулаан хувцаслаж, амин дэмээр баялаг хоол тэжээлийг хэрэглэх нь чухал.

-Танай өрхийн эмнэлгийн хувьд ханиад томууны шинжтэй хүмүүс өдөрт хэр олон ирж байна?

-Өдөрт ойролцоогоор 25-30 үзлэг буюу хүн ирдэг. Үүнээс ихэнх хувийг нь цэцэрлэгийн насныхан эзэлж байна. Мөн сүүлийн үед 19-35 насны залуус буюу ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ч томуугийн зовуурьтай орж ирж байгаа.

-Тэгвэл ханиад, томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Энэ талаар зөвлөгөө өгөөч?

-Улирлын нөхцөл байдалтай холбоотойгоор, ялангуяа цаг агаар сэрүүсэж байгаатай холбоотойгоор хүмүүс тухайн нөхцөлд таруулан дулаан хувцас өмсөх, дархлаагаа дэмжсэн, хоол хүнс хэрэглэх, витамин ууж дархлаагаа сэргээх гэх мэтчилэн арга хэмжээнүүдийг авах нь чухал. Мөн нойр болон стрессээ зохицуулах ёстой. Энэхүү хоёр мэдрэлийн тогтолцоо хүний дархлааг буруулж байдаг болохоор нойрыг сайн авах, уур бухимдалтай байхаас татгалзах, зэрэг нь ханиад томуу тусахаас сэргийлж болох юм.

-Мэдээлэл өгсөнд баярлалаa

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *