МҮЭХ: Ажил хаяж асуудал шийдэхийг санал болгохгүй, цалин нэмэгдүүлэх шаардлагуудыг тавьсан

0

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо /МҮЭХ/-оос 2024 оны улсын төсөвт тусгуулах санал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “2025 онд гэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэх, цалин хөлсийг 1,000 ам.доллар болон түүнээс дээш хэмжээнд хүргэх шаардлага байгаа. Үүний тулд тодорхой нарийвчилсан төсвийн хуваарилалтууд хэрэгтэй. Мөн Монголд татвар төлж байгаа хүн болгон байгалийнхаа баялгаас шударга хүртдэг байх хэрэгтэй. Үүний хууль эрхзүйн орчныг намрын чуулганаар бий болгож өгнө үү. МҮЭХ-оос ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалин хөлсийг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ” гэв.

МҮЭХ-ноос асуудлыг заавал ажил хаялтад тулгаж байж шийдэх гарцыг санал болгохгүй байгаа бөгөөд тус холбооноос ойрын хоёр жилийн хугацаанд цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагуудыг тавьсан байна. 

Үргэлжлүүлэн тэрбээр 2024 оны төсөв дээр хүргүүлж буй дараах саналуудыг танилцууллаа. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ₮880,000-өөс доошгүй хэмжээнд нэмэгдүүлэх санал тавьсан. Ажил олгогчид ₮600,000, Засгийн Газар ₮680,000 болгох боломжтой гэсэн байдалтай энэ асуудал түр хойшилсон. Цагт ₮5,000-өөс доош хэмжээний цалин өгч хүнийг ажиллуулна гэдэг нь байж болохгүй зүйл. Иймд төсвийн асуудал хэлэлцэхээс өмнө энэ асуудлаа шийдэх саналыг тавьж байна. 

Ажлын байраа хадгалж, цалингаа нэмэгдүүлсэн хувийн аж ахуйн нэгж байгууллагыг төрийн худалдан авах ажиллагаанд давуу эрхээр оролцуулдаг байя. Зарим төсвийн тендерийг харж байхад тендер худалдаж аваад цааш дамладаг, байнгын ажлын байр бий болгодоггүй. Тендер авахын тулд авлига өгдөг компаниудад өгч байна. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардалд сүүлийн жилүүдэд хуульд заасан төсвөөр мөнгөө тавихгүй байсаар ирсэн. Нийт төсвийн орлогын 0.5-аас доошгүй хувийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд зарцуулах шаардлагатай. 

Бага, дунд орлоготой иргэдийн хувь хүний орлогын албан татварыг хөнгөлөх. Ийм засгийн газрын мөрийн хөтөлбөр ч бий. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалтыг үе шаттайгаар дор хаяж 50-аас доошгүй хувийг буцаан олгодог байх. Ийм байдалд байвал далд эдийн засаг хумигдаж, бүх хүн шударгаар татварыг ижилхэн төлдөг системд орно. 

Ипотекийн зээлийг царцаах байдал руу орох нь бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдан авах боломж нь хумигдаж байна. Иймд орон сууцны тодорхой хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн саналаа хүргүүлсэн. 

Авлигатай холбоотой асуудал дарагдаад өнгөрөх ёсгүй. Энэ болгоны ард баялгийг шударгаар хуваарилах, цалин, тэтгэвэр нэмэх асуудлууд хүлээгдэж байгаа. Иймд Засгийн Газар авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. 

Бэлэн боловсон хүчнүүдээ сургаж, тогтоон барих хэрэгтэй байна. Орон сууц, нийгмийн хамгаалал, татварын дэмжлэгийг цогц хэлбэрээр тавихгүй бол боловсон хүчний асуудал бодитой нүүрлэж, маш олон аж ахуй нэгж хаалгаа барих хэмжээнд хүрч байна. 

Нийгмийн даатгалын хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор ирэх онд нийгмийн даатгалын санд байршуулж байгаа хөрөнгүүдийг зүй зохистой удирдах. Капитал банк, Чингис хаан банканд байгаа ямар ч борлуулалтгүй болсон хөрөнгүүд байна. Үүнийг олон нийтэд нээлттэй зарлаж эдгээртэй холбоотой хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй байна. 

Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын үр өгөөжийг нээлттэй ил тод хүртээмжтэй болгох асуудлыг ирэх жилийн төсөвт тавьж байгаа. 

Бүх салбарт хувь, төр гэлтгүй шударга хуваарилалтын хэлэлцээрийг хийх хэрэгтэй байна гэдгийг тэрбээр онцолж байлаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *