Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэнгүй

0

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өнөөдөр 09.30 цагт эхлүүллээ

       Иргэн Ж.Батмөнхөөс гаргасан мэдээллийн дагуу УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-аас томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганболд гишүүн ирсэнгүй. Тэрбээр Цэцийн дунд суудлын хуралдаан болох үеэр гадаадад томилолттой байх тул хуралдаанд оролцохгүйгээ албан бичгээр ирүүлжээ. 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй тул хуралдааныг эхлүүлэв

           Цэцийн дунд суудлын хуралдааныг Цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй тул хуралдааныг эхлүүлж байгааг мэдэгдэв. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 27.2-т “Маргагч тал хуралдаан болох газар, байр, сар, өдөр, цагийн тухай албан ёсны мэдэгдэл авсан боловч хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан заасан саналаа ирүүлээгүй, өөрийн нь эзгүйд асуудлыг шийдвэрлэхийг зөвшөөрснөө бичгээр ирүүлсэн бол хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан. 

        Дунд суудлын хуралдаан Цэцийн гишүүн Ш.Солонго, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй боллоо. 

Шийдвэрийг 14.00 цагт танилцуулна

      Маргааныг урьдчилан шалгасан Цэцийн гишүүн Туулхүү илтгэлээ танилцуулсны дараа мэдээлэл гаргасан иргэн Ж.Батмөнхийн нэмэлт тайлбарыг сонсож, Цэцийн гишүүд түүнд асуулт тавьж, хариулт авав. 

         Цэцийн гишүүд “Бусад улсад хараат бус байгууллагуудын удирдлагыг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол хийдэг, эсэх туршлагыг судалсан уу, олон нийт нэр дэвшигчийн талаар мэдэх эрхтэй юу, 20 субъектыг томилохтой холбогдуулан УИХ нэр дэвшигчийн сонсгол хийхээр хуульчилсан бөгөөд эдгээр 20 субъектын эрх хэмжээ ялгаатай гэж үзэж байна уу, Яагаад зөвхөн Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүд, АТГ-ын дарга, дэд даргыг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол явуулахаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна вэ, бусад байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанк, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг томилохын өмнө нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахаар заасан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна уу” гэх зэрэг асуулт тавьж, хариулт авлаа. 

           Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг өнөөдөр 14.00 цагт танилцуулна. Хуралдаанд иргэний нийгмийн байгууллагын судлаачид, эрхзүйчид ажиглагчаар оролцлоо. 

Ташрамд дурдахад, Цэцийн гишүүн Д.Одбаяр, Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд тэдний оронд холбогдох эрх бүхий байгууллагаас нэр дэвшигч санал болгоогүй байгаа. Мөн нэг жилийн өмнө буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 4-нд Цэц уг маргааныг хянан шийдвэрлэхээр дунд суудлын хуралдаанаа товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. 

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлээс

1.Цэц шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана. Цэцийн шийдвэрийг хуралдаанд оролцсон аль нэг гишүүн бичнэ.

2.Зөвлөлдөх тасалгаанд асуудал шийдвэрлэхэд Цэцийн хуралдаанд оролцсон гишүүн бүр адил тэгш эрхтэй бөгөөд тухайн шийдэх гэж байгаа асуудлын талаар өөрийн санал, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, тайлбарлах эрхтэй.

3.Цэцийн шийдвэрийг тухайн хуралдаанд оролцсон гишүүд зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргахдаа уг маргааныг хуралдаанд илтгэсэн гишүүн өөрийн санал, дүгнэлтийг эхэлж гаргах бөгөөд түүний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн Цэцэд хамгийн удаан жил ажилласан гишүүнээс эхлэн ажилласан жилийн эрэмбээр санал, дүгнэлтээ хэлж, хуралдаан даргалагч эцэст нь саналаа гаргана.

4.Цэцийн хуралдаанд оролцсон гишүүн зөвлөлдөх тасалгаанд асуудал шийдвэрлэхэд саналаа заавал өгнө.

5.Цэц зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ гаргасны дараа хуралдаан даргалагч болон бусад гишүүд бүгд гарын үсэг зурж, хуралдаан даргалагч буюу түүний даалгаснаар аль нэг гишүүн нийтэд уншиж сонсгоно.

6.Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн, маргааны талаар нэмэлт шалгалт хийх шаардлагатай болсон бол Цэц уг маргааныг 30 хоногийн дотор дахин хянан хэлэлцэж шийдвэрлэхээр хойшлуулж, энэ тухай магадлал гаргана.

       Нэмж хэлэхэд, нээлттэй явуулсан тус хуралдааны үеэр дуу дүрсний бичлэг хийхгүй, зураг авахгүй байхыг сануулсан. Уг нь дээрх хуулийн 4.2-д “Цэцийн нээлттэй хуралдаанд оролцогчид хуралдааны танхимд тэмдэглэл, соронзон бичлэг, түүнчлэн радио, телевизийн шууд нэвтрүүлэг хийх, кино болон фото зураг авах, дүрс бичлэг хийхийг зөвшөөрнө” гэж заасан байдаг. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *