УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийн хамсаатныг “Шувуу” ажиллагаагаар хүлээн авлаа

0

АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд БНХАУ-аас Д.Наранхүү гэх хүнийг шилжүүлэн авлаа. Хятадын хууль сахиулах байгууллагынхан түүнийг өчигдөр 16.00 цагт Эрээн хотод манай талд хүлээлгэн өгсөн юм. Улмаар өчигдөртөө багтаж хилээр нэвтрүүлээд Улаанбаатарт авчрахаар болсон.

Д.Наранхүүгийн тухайд олны анхаарлын төвд байгаа “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй аж. Зарим хэвлэлд “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нарын гол хамтрагч” хэмээн бичиж байгаа.

Бидний авсан мэдээллээр Д.Наранхүүг дээрх хүмүүс бус, Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэрэгт яллагдагчаар татсан гэнэ. Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Засаг даргаар 2016-2020 онд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий, тэр дундаа 2011-2015 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, оффшор бүсэд бүртгэлтэй гэж хэлж болохуйц, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгждээ давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр АТГ-т шалгуулж буй билээ.

Н.Наранбаатарын товч намтарт 2011-2015 онд “Билэгтговь” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тухай нь бий. Тус компани болон түүгээр дамжуулан өөр бусад аж ахуйн нэгжид Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн орд газраас нүүрс олборлоход нь давуу байдал бий болгосон хэмээн Эрүүгийн хуулийн 22.4.2-ын хахууль авсан, 22.5.1-ийн өгсөн, 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан гэх үндэслэлээр мөрдөн байцаалт явуулж буй билээ. Түүгээр ч зогсохгүй өнгөрсөн гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болсон ч танхимынх нь нөхөд авч үлдсэнийг уншигчид санаж байгаа.

Түүнд холбогдох хэрэгт Ардын армид офицер байсан, 57 настай Д.Наранхүүг хахууль өгсөн гэх үндэслэлээр өнгөрсөн тавдугаар сард яллагдагчаар тооцсон аж. Гэвч Д.Наранхүү 2022 оны арванхоёрдугаар сард агаарын хөлгөөр Хятад, Солонгос руу хил давж зугтсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Нүүрсний” гэх хэргийг шалгах дуулиан эхлэхтэй зэрэгцээд гадаад орон руу явсан аж. Түүгээр ч зогсохгүй Д.Наранхүү зүсээ хувилгаж, нүүрэндээ пластик мэс засал хийлгэсэн хэмээн хэвлэлүүдэд онцолж буй билээ. Юутай ч хууль, журмын дагуу Хятадын тал “Нүүрсний” гэх хэргийн нэг яллагдагчийг саатуулж, улмаар эх орноосоо албадан гаргаж, манай хууль сахиулагчдад хүлээлгэн өгснөөр шүүгчийн захирамжийн дагуу 48 цагийн хугацаатай хорихоор болоод байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *