Угаар мэдрэгч ажилласан бол тэр 4 амьд байх байлаа
Нэг айлын дөрвөн хүн угаартаж нас барсан гашуун мэдээ нийгмийн сүлжээнд хөвөрч байна. Уг харамсалтай өчигдөр /2023.09.26/цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ид хийж бүтээх насан дээрээ явсан 33 настай эмэгтэй гурван хүүхдийн хамт “тэврэлдэж” унтаад эргэж сэрсэнгүй. Залуу хосууд Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутагт саяхан нүүж ирээд удаагүй, түр оршин суугч байжээ.
Хашааны эргэн тойронд машинууд эгнэжээ. Хаалттай хаалганы цаана нэг гэр байх бөгөөд өрхийг бүтээжээ. Энэ бол угаартсан гэх айл байлаа. Биднийг өнөөдөр очиход 30 орчим насны эрэгтэй хаалгаа тайлсан ч “уй гашуугаа дийлэхгүй нь. Ярих тэнхэл, зав ч алга” гэж хашаагаа тас түгжээд явахыг хүслээ. Тухайн айлаас гарч явсан 40 орчим насны эрэгтэй “Энэ уй гашууг үгээр хэлэх аргагүй. Бид маш хүнд байна. Ямар л олиг байх билээ” гээд хоолой нь зангирсаар хашаа луу орж хаалгыг түгжлээ. Тухайн айлын хүүхдүүд хэдэн настай болох нь одоогоор тодорхойгүй байна.
Тэндэхийн оршин суугчдын хэлж байгаагаар залуу гэр бүл энд нүүж ирээд дөнгөж хоёр сар орчим болж байжээ. Өчигдөр орой 20:00 цагийн орчимд онцгой, цагдаагийнхан ирсэн аж. Харин гэрээс нь утаа гарсан анхаарал татах зүйл тухайн өдөр болоогүй, хавь ойрын хүмүүс нь ч анзаараагүй тухай тэд ярьж байв. Урьдчилсан байдлаар, тухайн айл галлагааны дараа яндангаа авч өрхөө бүтээсэн, утаа мэдрэгч нь ажиллагаагүй байсан талаар цагдаагаас мэдээлж буй.
Тус айлын утаа мэдрэгч нь ажиллагаагүй байсан учраас Тавантолгой түлш компанийн хяналтын ажилтнуудын бүртгэлд бүртгэлтэй байжээ.
Улмаар есдүгээр сарын 21-23-нд ажилтнууд хашаанд нь очиход эзэнгүй байсан гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Мөн дээрх айл нь хашаанаасаа нүүгээд өөр хашаанд буугаад удаагүй байжээ. Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Наймдугаар хорооны оршин суугч ахимаг насны эмэгтэй “Энд ирээд удаагүй байгаа айл. Залуухан гэр бүл байсан,бага насны хүүхдүүдтэй. Өчигдөр орой ажлаа тараад 20:30 цагийн үед гэртээ харих замд энэ хашааг тойроод машинууд зогсч байхыг хараад хурим, найр болж байна даа гэж бодсон юм. Ер нь муу зүйл бодогддоггүй юм билээ” гэж байв. Мөн л эндэхийн оршин суугч ахимаг насны эрэгтэй “Харамсалтай хэрэг гарсныг өнөөдөр л гэртээ ирээд мэдлээ. Миний анзаарснаар 30 орчим насны залуу гэр бүл байсан. Хүүхдүүдийг нь харж байгаагүй. Энд нүүж ирээд удаагүй л байхдаа” гэсэн юм.
Залуу гэр бүл амьдарч байсан гэрээс нэг километр хүрэхгүй зайд түлш борлуулах цэг ажиллаж байна. Тавантолгой түлш борлуулах цэгийн ажилтан Д.Гансүхийн ярьж байгаагаар тухайн айлын өрхийн тэргүүн энэ сарын 15-16-ны хооронд түлш авчээ. Тэрбээр “Нөхөр нь сайн түлш борлуулж эхэлсэн /2023.09.15/ өдөр ирээд түлш авсан. Хөдөө явах гэж байна, эхнэр хүүхдийнхээ түлшийг дөхүүлж өглөө гэж хэлээд явсан” гэж байв.
Гэр бүлээ нэгэн дор алдсан өрхийн тэргүүн гэнэтийн мэдээг сонсоод ухаан алдаж унасан сэтгэлзүй нь маш хүнд байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байлаа.