Тээврийн хэрэгсэл бол цэнэгтэй буу. Тиймээс жолооч замын хөдөлгөөнд үргэлж сэрэмжтэй оролцох ёстой

0

Хууль зүйн үйлчилгээний төвийн хуульч, өмгөөлөгч Г.Цолмонгэрэлтэй хүүхдийн эрхийн талаар ярилцлаа.

-Зам тээврийн осолд хүүхэд өртөж, эрүүл мэнд амь насаа алдах явдал манай улсад маш өндөр хувьтай байна. Өнгөрсөн долоо хоногт хүүхэд амиа алдсан харамсалтай явдал боллоо. Ер нь энэ тухайд хуульчид та бүхэн ямар санал бодол, байр суурьтай байдаг вэ?

-Замын хөдөлгөөний дүрэмд хүүхэдтэй холбоотой дараах дүрмийг баримтлахыг үүрэг болгодог. Үүнд, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэж яваа бол 50 км/цагийн хурдтай явах ба түүнээс дээш хурдаар явахыг хориглодог. Мөн дээр нь харгалзах хүнгүйгээр 10-аас доош насны хүүхдийг машин, тээврийн хэрэгсэлд үлдээх, тээвэрлэхдээ зориулалтын суудал ашиглах, суудалд суулгах боломжгүй бол зөвхөн арын суудалд насанд хүрэгчдийн өвөр дээр суулгах, мотоциклийн ард талд суулгахыг хориглох, хамгаалах бүс зүүлгэх гэх мэтээр хамгаалах ёстой.

Эдгээр шаардлагыг биелүүлэх үүднээс Хотын захиргаанаас сурагчдын автобус гаргаж хүүхдүүдийг хичээл сургуульд нь тээвэрлэж байгаа ч хүрэлцээ, буудлуудын зохион байгуулалтын хүртээмжтэй байдал хангалтгүй байгаа юм. Эцэг эхчүүд болон багш, сургуулийн зүгээс 10 хүртэлх, зарим сургууль 12 нас хүртэл хүүхдээ харгалзах хүнгүйгээр сургуульдаа ирж, буцахыг хориглосон байдаг. Энэ нь маш зөв шаардлага. Ингэж байж олон хүүхдийг эрсдэлээс хамгаална. Мөн хүүхдээ зөв тээвэрлэх тал дээр анхаарч, үүн дээр нь замын цагдаа нар хяналт тавьж байна. Цэцэрлэгийн наснаас эхлээд Ногоон гэрэл цагаан шугам хөгжөөнт сургалт, замын хөдөлгөөний талаар мэдлэгийг сургуульд олгож байгаа. Сургуулийн эцэг эхийн зөвлөл эргүүл гаргаж сургууль орчимд хяналт тавьж байна.

Гэвч сүүлийн үед автомашин жолоодох үеийн гар утасны хэрэглээнээс үүдэн анхаарал алдах, хурд хэтрүүлэх, хурд хэтрүүлээгүй боловч анхаарал болгоомжгүйгээс болж зам тээврийн осол гаргах тохиолдол нэмэгдсээр байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна.

-Хүүхэд өөрийгөө хамгаалах чадваргүй. Тийм тохиолдолд жолооч нар замын хөдөлгөөнд ухамсартай оролцох соёл л манайд дутагдаад байна уу?

-Арваас дээш насны хүүхдүүд замын хөдөлгөөнд бие даан орж, гэр сургууль, дугуйлан гэсэн маршрутаар зорчиж байгаа. Бусад байдлаар хаана зорчиж байгаа талаар эцэг эх, багш асран хамгаалагч нар байнга анхаарах нь зүйтэй. Бага насны хүүхэд насанд хүрэгчдийг бодвол оюун ухаан, сэтгэн бодох, самбаачлах чадвар дутмаг, гэнэн томоогүйгээс зам тээврийн осолд холбогдож, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Хэдийгээр гарцгүй газраар гарсан, улаан гэрлээр гарсан байж болох ч үүнд хүүхдийг буруутгах боломжгүй.

Жолооч орчин тойрноо сайтар ажиглаж хүүхэд байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Тээврийн хэрэгслийг зогсоож чадахаар хурдыг тохируулах ёстой. Ээж аав, ах эгч нар болон гудамжинд таарсан томчууд хэн ч байж болно, хүүхдийг зам гарахад, зөв хөдөлгөөнд оролцоход нь тусалж байх учиртай. Механикжсан тээврийн хэрэгсэл гэдэг бол цэнэгтэй буутай л ижил. Түүнийг жолоодож яваа хүн биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд үүнийгээ бүрэн ухамсарлах ёстой байдаг. Жолоог шилжүүлэхдээ ч энэ талаар байнга бодолцох учиртай. Тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч нь буруутай байсан, машиныг жолоодож явсныг үл харгалзан хохирлыг төлөх хуулийн зохицуулалттай. Ер нь энэ талын хууль тогтоомж хангалттай байгаа. Харин зохион байгуулалт, хэрэгжүүлэлт сулрах хандлагатай байгаа нь асуудал юм.

-Монгол Улс хүүхэд, хөгшдөдөө ээлгүй улс гэж нэрлэж болно. Ялангуяа хүүхдийн эрх олон талаар зөрчигдсөөр байгаа. Сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах гээд хуульд заадаг ч амьдрал дээр эсрэгээрээ байна. Энэ юутай холбоотой вэ?

-Хүүхэд бол энэ тэргүүнд хүн. Тиймээс хүний жам ёсны эрхийг баталгаатай эдлэх, хуулиар тогтоосон бусад эрхийг эдлэх эрхтэй. Хүний эрх болон Хүүхдийн эрхийн олон улсын конвенци, фактын хүрээнд хүүхдийн эрхийг түүний онцлогт тохируулан хамгаалж ирсэн. Үндсэн хуульд хүний журамт үүрэг бол үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гэж заасан байдаг. Одоо манай улсад Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенци, Гэр бүлийн тухай хуулиар дагнан хүүхдийн эрхийг хамгаалж, дэмжлэг үзүүлж байна.

Улсын эдийн засаг, ядууралтай хүний эрхийн зөрчил шууд хамааралтай байдаг. Амьдралын түвшин доогуур гэр бүлд хүүхдийг үл хайхрах, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэгдэх явдал түгээмэл болохыг цагдаагийн байгууллагын мэдээнээс харж болно. Дараагийн нэг хүчин зүйл нь эцэг эх хүүхдэдээ зав гаргахгүй, хүмүүжүүлэх үүргээ хангалттай биелүүлэхгүй, тэдэнтэй ярилцахгүй, анзаарахгүй байгаагаас хүүхдийн эрхийн зөрчил үүсдэг. Завгүй байх нь сайхан ч эцэг эх болсон бол хүүхдэдээ заавал зав гаргах ёстой юм. Үүнийг хуулиар ч заасан.

Хүүхдийн үзэж харж байгаа контентыг хянах, хөдөлмөр, эрүүл ахуйн зөв дадал суулгах, тэвчээр, хариуцлага, хайрын талаар зөв ойлголт өгөх, бусдын эрхийг хүндэтгэх, өөрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, эцэг эх багш итгэлт хүнтэйгээ зөвлөлдөж байх талаар бид өөрсдөөсөө эхлэх ёстой.

-Хүүхэд бол Монгол Улсын ирээдүй хойч, бас тэд өөрсдийгөө илэрхийлэх, хамгаалах чадваргүй. Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн золиос болж байгаа тохиолдол ч олон. Ямар арга хэмжээ шаардлагатай байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн талаар сүүлийн үед төрийн, тэр тусмаа шүүхийн практик тогтсон гэж ойлгож болно. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн талаар гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад өгөхөд заавал бүртгэж шалган шийдвэрлэж байгаа. Шүүх энэ төрлийн зөрчил гэмт хэрэгт өчиггүй ял шийтгэл ногдуулдаг.

Гол нь мэдээлэх, илрүүлэх тал дээр иргэд, хөршүүд, багш нарын оролцоо чухал. Мөн хамтарсан баг болох цагдаа, хорооны нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, багш нар хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, уулзалт хийх, хохирлын үнэлгээ хийх, дараагийн шатны байгууллагад шилжүүлэн ажиллаж байгаа. Мэдээж гэр бүл төлөвлөлтөөс эхлээд хүүхдийн эрхийг хамгаалж эхлэх учиртай. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хүүхэд төрүүлэхгүй, төрүүлсэн хүүхдээ эцэг эхээрээ асруулахгүйгээр өөрөө гардан өсгөхөөс эхлээд хүүхдийн эрхийг хангах хэрэгтэй. Эдгээр үүрэг хуульд ч тэр, хүмүүний ёс зүйн хэм хэмжээнд ч байдаг асуудал. Гагцхүү бид сэрж мэдрэх, үүргээ ухамсарлах нь чухал болоод байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *