ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ: ОЛОН УЛСАД
Олон улсад эрүүл мэндийн сэтгүүл зүйг Medical journalism, Health journalism, Science journalism гэх зэргээр түгээмэл нэрлэдэг. Энэ нь нийтийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд онцгой үүрэгтэй оролцдог сэтгүүл зүйн мэргэжлийн нэг салбар төрөл юм.
Мэргэжлийн төрөл зүйлийнхээ хувьд ч нийгмийн үнэлэмж нь тэр хэрээр өндөр бөгөөд эрүүл мэндийн салбар болон иргэд хоорондын итгэлцэл, бодит мэдээлэл, харилцан ойлголцлын гүүр болдгоороо онцлогтой. Олон улсын томоохон редакцуудад сэтгүүлчид энэ мэт нийгмийн салбар бүрээр төрөлжиж, мэргэшин ажилласаар байна.
Тухайлбал, 100 гаруй жилийн түүхтэй “BBC News” агентлагийн эрүүл мэндийн чиглэлээрх мэдээ, сурвалжилгуудыг бэлтгэдэг, эрүүл мэндийн мэргэшсэн сэтгүүлч буюу Health editor Hugh Pym-н мэдээ, сурвалжилгын зургийг жишээ болгон та бүхэнд хүргэж байна. Энэ мэтчилэн олон улсад сэтгүүл зүй нь эрүүл мэндийн, эдийн засгийн, улс төрийн, хүмүүнлэгийн, экологийн гэх зэргээр төрөлжин хөгжсөөр буй билээ.
Манай улсын хүн амын ердөө 3.9-хөн хувь нь эрүүл, зөв зан үйл, идэвхтэй амьдралын хэв маягтай. Харин үлдсэн нь амьдралын буруу дадал, хэвшил, урьдчилан сэргийлэлт хангалтгүйгээс өнөөдрийн олон өвчлөл, эндэгдэл үүсэхэд голлон нөлөөлж буй гэсэн судалгаа бий. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд шинжлэх ухаанд суурилсан, баттай эх сурвалжийн мэдээ, мэдээллийг баримт болгон нийтэд түгээх нь эрүүл мэндийн сэтгүүл зүйн үүрэг юм.
Үргэлжлэл бий …
Батгэрэлийн Ундрах I Эрүүл мэндийн сэтгүүлч
Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө – МЭМСЦҮХ