Б.Мөнгөнчөдөр: Паркетаншалан дээр хөл нүцгэн гүйснээр, зайрмаг идсэнээр хүүхдийн хоолой өвддөггүй

0

Бүжинмед эмнэлгийн Хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөртэй ярилцлаа.

-Яг энэ үед ханиад, томуу идэвхжиж эхэлдэг. Ямар шалтгааны улмаас энэ үед ханиад, томууны дэгдэлт идэвхждэг вэ?

-Ханиадны болон томууны вирус хүйтэнд тэсвэртэй байдаг. Гүйлгэлтийн вирус зун, ханиадны вирус өвөл идэвхждэг байх жишээтэй. Түүнчлэн бидний амьдралын дадал зуршил, амьдарч буй орчин нөлөөлж байгаа. Ханиадны вирустэй хүн орж ирээд ханиаж, найтаахад, вирус тархаж, олон хүнд халдварлах нөхцөл бүрддэг. Үүнээс гадна зун цонх онгорхой байдаг болохоор агаарын солилцоо сайн явагдаж, өрөө тасалгаанд байгаа бүхий л вирус удаан байх боломжгүй болдог бол өвөл цонх байнга хаалттай зөвхөн хаалгаар хүн орж гардаг учраас битүү орчинд вирус хурдан тархдаг. Тиймээс өвөл ч гэсэн цонхоо онгойлгож, агаар сэлгэж байх хэрэгтэй.

Эцэг, эхчүүдийн дунд  хүүхэд нь ханиад хүрвэл тохирох эмчилгээг нь хийгээд нус нь татраад зовиур нь арилаад гайгүй болонгуут л цэцэрлэгт нь явуулаад байх хэрэгтэй гэсэн ойлголт байдаг. Энэ зөв үү. Хүүхдэд  үнэхээр дархлаа тогтох боломжтой юу?

– Хүн вирусээр халдварлаад, өвдөөд эдгэсний дараа хүний биеийн дархлааны систем тухайн вирусийг цээжилдэг. Хүний дархлааны систем гаднаас орж ирсэн нян, вирусийг таньж, тогтоодог. Ханиадны л  гэхэд 200 гаруй төрлийн вирус байдаг. Энэ вирусийг таньж, тогтоосноор, нөгөө вирус нь  дахин орж ирвэл  шууд устгаж эхэлдэг. Хүүхдүүд 1,2,3 настайдаа нус нь гоожих, нүд нь нуухтах, гүйлгэх, суулгах зэргээр ер нь өвдчих гээд байдаг.  Ингээд 5,6 нас хүрэхээр дархлааны систем нь вирусийг таниад устгаж, эхэлснээр өвдөхөө больдог. Гэхдээ хүүхдийг ханиадтай үед нь цэцэрлэгт нь явуулаад байж болохгүй, ханиад нь хүндрэх шалтгаан болно. Мөн ханиадтай үедээ дахин шинэ вирусээр халдварлавал хатгаа болох шалтгаан болно.

Өнгөрсөн жил ханиад хүрсэн хүүхдүүд хоёр хоноод л хатгаа болоод байсан. Ханиад хатгаа болоход юу хамгийн их нөлөөлдөг вэ?

-Хатгаа болоход нөлөөлдөг хоёр хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт, хүүхдийн өөрийнх нь дархлааны систем дутуу хөгжсөн буюу бага насны хүүхдүүд хатгаа болох магадлал өндөр байдаг. Хоёрдугаарт, вирусийн шинж чанараас шалтгаалдаг.

Ес, арав, арванэгдүгээр сарын ханиад хамраас нус гоождог, төвөнхийг бачууруулж, нүдийг нуухтуулдаг бол арванхоёрдугаар сараас хоёрдугаар сарын хооронд томуу дэгдэж эхлэх бөгөөд өвчлүүлэх, хүндрүүлэх хүчин чадал өндөр байдаг. Одоо дэгдэж байгаа ханиад нь уушгийг гэмтээхгүй, хүндэрдэггүй.

Вирусийн шинж чанараас болж байгаа учраас томуунаас хамгаалахын тулд вакцин хийлгэх хэрэгтэй. Вакцин хийлгэснээр ханиад хүндрэхгүй, ханиад хүрэхгүй ч байх боломжтой. Томуу дэгдэхээс өмнө вакцинаа хийлгэх хэрэгтэй.

-Ханиад бүрэн эдгэхгүй байх шалтгаан юу вэ. Зовууриуд нь буурч, халуурахгүй, нус гоожих нь багассан ч  үе үе ханиалгаад л яваад байдаг?

Зовууриуд нь бүрэн намдахгүй бол 3-5 хоногийн зайтай үзүүлэх нь зүгээр байдаг. 3-5 хоногт хүүхэд эдгэж ч болно, дордож ч болно.  Бусад зовуурь нь  арилсан хэрнээ ханиалгаад байгаа хүүхдэд шингэн зүйл сайн өгөх хэрэгтэй. Ингэснээр уушгинд байгаа цэр нь шингэрч гарна.

Хоёрдугаарт, чихэрлэг зүйлийг бүрэн хориглох хэрэгтэй. Учир нь, чихэр цусаар дамжин уушгинд очиж, наалдаад цэрийг гаргахгүй, наалдамхай болгодог. Чихэр идсэний дараа ханиах нь огцом нэмэгддэг. Халуун баннанд суулгаж, иллэг массаж хийж өгснөөр дархлааг нь мөн сэргээж өгөх боломжтой.

-Эцэг, эхчүүд хүүхэд нь ханиад хүрсэн үед  дур мэдэн эм өгөх тохиолдол түгээмэл ажиглагддаг.  Тэгвэл ханиадны шинж тэмдэг илэрсэн үед ямар эм, бэлдлийг заавал эмчийн бичиггүйгээр өгч болох вэ?

-Хэнээс ч асуулгүйгээр өгч болох зүйл нь урьдчилан сэргийлэх тунгаар витамин Д уулгах юм. Витамин Д уудаг хүүхэд, уудаггүй хүүхэд асар ялгаатай байдаг.

Витамин Д тогтмол уудаг хүүхэд хүндрэх тохиолдол бага байдаг. Мөн витамин С , харшлын эмнүүдийг ханиалгаж байхад нь уулгаж болно. Эдгээр нь хүүхдэд төдийлөн муу нөлөө  үзүүлэхгүйгээс гадна нус татраах гэх мэт гол үүргийг гүйцэтгэнэ.

Түүнчлэх аль болох ханиад хүрэхгүй байх хэрэгтэй. Коронавирусийн үеэр амны хаалт тогтмол зүүж байх үед хүүхдүүд ерөөсөө ханиад хүрэхгүй байсан. Тиймээс аль болох маск зүүе, олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй байх, ханиад хүрсэн үед хамрыг нь угааж, цэвэрлэж өгч байх хэрэгтэй. Эмнүүдийг шууд дураараа уулгах нь буруу. Хүүхдийг эхлэж, үзээд ханиад нь ямар түвшинд байгаагаас хамаарч уулгах хэрэгтэй.

-Монгол хүүхдэд ханиаднаас гадна өөр ямар өвчлөл түгээмэл байдаг вэ?

Ханиаднаас илүү хоолойны өвчлөл түгээмэл байдаг. 10 хүүхэд үзэхэд гурав нь хоолой, хоёр нь гүйлгэлт, суулгалт, нэг нь харшил гэх зэргээр тоолоод үзэхэд хоолойны өвчлөл дийлэнхийг эзэлдэг.

Эцэг эхчүүд хүүхдийнх нь хоолой өвдөхөөр хөл нь даарсан, хүйтэн юм уусан, зайрмаг идсэн гэх зэргээр буруу бодолтой явдаг. Хоолойны өвчлөл ахуйн замаар халдварладаг учраас аяга, шаазан солихгүй байх хэрэгтэй. Учир нь, хоолойн өвчин нянгийн гаралтай. Хүйтнээс биш бохироос болдог. Түүнчлэн хоолойны өвчнийг гэр бүлийн өвчин гэдэг. Гэр бүлийн гишүүд хорхойгүй шүдтэй, амнаас нь өмхий үнэртдэггүй байх хэрэгтэй. Мөн хүүхдэдээ хоол өгөхдөө үлээж өгөх, өөрөө хэрэглэсэн халбагаа хүүхдэдээ хэрэглэх, ундаанаас нь балгах зэрэгт нян дамжиж байдаг. Энэ өвчин нь хүйтнээс, паркетан шалан дээр хөл нүцгэн гүйснээс үүсдэг өвчин биш юм. Халдварын шалтгаантай өвчин бөгөөд ойр дотныхон нь  хүүхдэдээ халдаагаад байна гэхэд болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *