Д.Батбаяр: Жонш баяжуулах үйлдвэрээ бид энэ сарын 30-нд нээнэ

0

“Бид улсынхаа хөгжил болоод хүнд үйлдвэрийн салбарыг алхам ч гэсэн урагшлуулж байгаадаа баяртай байна”

Монголчууд өөрсдийн 100 хувь хөрөнгө оруулалтаар жонш баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулж энэ сарын 30-ны өдөр нээлтээ хийхээр бэлдэж байгаа юм байна. Энэ талаар “Монголчехметалл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Далайн Батбаяраас тодрууллаа.

-Жонш баяжуулах үйлдвэр барьж ашиглалтад оруулж буй тухайгаа та өөрийн сошиал хуудсандаа оруулсан байсан.  Бидэнд хийж хэрэгжүүлж байгаа ажил, үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өгч болох уу?

– Тийм ээ, бид манай хамт олноороо өнгөрсөн гурван жилийн хугацаанд жонш баяжуулах үйлдвэрээ барьж, ашиглалтад орууллаа. Энэ сарын 30-ний өдөр нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Миний хувьд улс орны хөгжлийн гол түлхүүр нь үйлдвэрлэл гэж боддог. Манай улс уул уурхайн бүтээгдэхүүн дээр түшиглэсэн эдийн засагтай. Гэтэл бид үүнийгээ түүхийгээр зөөх гэхээсээ илүү боловсруулж, үйлдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хийж, түүнийг дагасан ажлын байруудыг шинээр бий болгох хэрэгтэй гэж боддог.  Үүнийг хэн хийх ёстой вэ гэхээр залуус бид өөрсдөө. Энэ л итгэл үнэмшлээрээ бид яачих бол гэж шийрэгнэсэнгүй, эргэлзсэнгүй зүтгэсээр байгаад л ард нь гарлаа.

-Тэгэхээр шинээр байгуулагдсан үйлдвэр маань 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай гэсэн үг үү?

-Манай улсын баяжмалын зэх зээлд 10 гаруй үйлдвэр ажиллаж байна. Олонх нь гаднын хөрөнгө оруулалттай. Харин бид үйлдвэрээ өөрсдийн 100 хувь хөрөнгөөр босголоо. Тэгэхээр 100 хувь үндэсний үйлдвэр гэсэн үг.  Амаргүй цаг хугацаа ч таарлаа. Зөвхөн бид ч гэлтгүй дэлхий нийт, улс орноороо л ковидын хүнд үеийг тууллаа. Нөхцөл байдалдаа дасан зохицоод банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаад шаардлагатай хөрөнгөө босголоо. Авсан зээл, мөнгөө мэдээж буцаан төлнө.

-Ямар хүчин чадалтай үйлдвэр вэ?  Эдийн засгийн тооцоолол мэдээж гаргасан байх?

– Үйлдвэрийн түүхий эд олон жилийн турш хуримтлагдсан хүдрийн овоолго. Энэ овоолгыг бид боловсруулж эхэлж байгаа юм. Тэгэхээр баяжмалаа авахын зэрэгцээ хуурай хаягдал болох нарийн ширхэгтэй элсийг бага хэмжээний нүүрстэй холиод технологийнх нь дагуу барилгын тоосго, блок зэргийг дараагийн түвшинд үйлдвэрлэх боломж мөн бүрдэнэ. Үйлдвэр жилдээ 200 мянган тонн орчим хүдэр боловсруулна. Өдөрт 800 тонн орчим хүдэр боловсруулна. Монгол Улсын экспорт 60 орчим хувиар нэмэгдэнэ гэсэн бидний тооцоолол байна.

-Баяжуулсан, боловсруулсан бүтээгдэхүүний маань зах зээл, нийлүүлэлтийн тухайд?

-Үйлдвэрлэлийн эрдэс бодисын салбар ер нь дөрвөн үе шатыг туулдаг онцлогтой. Олборлолт, боловсруулалт, химийн болон үнэт металлын үйлдвэрт ашиглагдана, түүнээс техник технологийн зах зээлд хэрэглэгддэг. Бид эхний ээлжид олборлолт, боловсруулалтаа хийгээд эхэлчихлээ. Дараагийн түвшинд хоёр хөршдөө буюу БНХАУ, ОХУ-ын металбург, химийн үйлдвэрүүдэд нийлүүлэлтээ хийж эхэлнэ. Баяжмалын маань онцлог нь үрэлт, будалт зэрэгт тэсвэртэй байдаг учраас сүүлийн үед цахилгаан машин, гар утасны батарей зэрэгт ихээр ашиглагдаж байгаа нь зах зээлийн бас нэгэн том эрэлт.

– Үйлдвэр ашиглалтад орсноор шинээр хэчнээн ажлын байр ашиглалтад орж байгаа вэ. Цар тахалтай тэмцсэн энэ хүнд үед ажлын байрыг хадгална гэдэг бас амар биш байлаа. Шинээр бий болгоно гэдэг том амжилт гэж харагдаж байна?

-100 гаруй ажлын байр шинээр бий болгож байна. Гурван ээлжээр таван шатны боловсруулалтын ажил хийнэ. Үүнээс гадна бид гаднын улс орнуудаас нарийн мэргэжилтэн урьж байна. Хамгийн түрүүнд сүүлийн үеийн шинэ, нарийн технологийг эзэмшүүлэн маш сайн мэргэшсэн инженер техникийн ажилчдаа бэлдэх ажил маш чухал. Тиймээс хамгийн сайн баяжуулагч инженер хаана байна, тэндээс нь бид мэргэжилтэн урихаас өөр аргагүй болсон. Манай залуус тэднээс тодорхой хугацаанд суралцаад чадваржаад, мэргэшнэ. Эдгээр боловсон хүчнүүд дараа нь хаа нэг газар сурсан мэдсэн зүйлээрээ ажиллах боломж нь нээгддэг. Үүнийг бид үйлчилгээ гэж нэрлэдэг. Ингээд баялгаа бүтээгээд үйлчилгээгээ үзүүлээд ирэхээр хөгжлийнхөө дараагийн түвшинд очиж байна гэсэн үг.  

– Технологийн тухайд?

Үйлдвэрээ бид төв аймгийн Баянцагаан сумын нутагт барьж байгуулсан. Гүний ус маш багатай хээр тал нутаг. Тиймээс энэ онцлогт нь тохируулахаас гадна байгаль орчиндоо ээлтэй байхыг зорьж усыг маш бага ашиглаад түүнийгээ  дахин 86 хувь хүртэл хэрэглэдэг технологийг сонгосон. Мэдээж өртөг өндөртэй байсан ч гэсэн  байгальд орчинд ээлтэй хамгийн сайн технологийг оруулж ирсэн гэдэгтэй итгэлтэй байна.

-Та бүхнийг хүнд үйлдвэрийн салбарт нэгэн том алхам хийж байна гэж бодож байна? Аливаа улс орон хүнд үйлдвэрээ хөгжүүлснээр зэрэгцээ хөнгөн болоод ЖДҮ хөгжих боломжууд бий болдог  байх?

-Хүнд үйлдвэр, түүнийг дагасан жижиг үйлдвэрлэл гэсэн зарчим ер нь  байдаг. Бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань цаашлаад хими болон металлбургийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болдог. Түүхий эд тогтмол хэмжээнд байнга гараад ирэхээр хими, хүнд металлын үйлдвэр нь цаашид ажиллах боломж бүрэн нээгдэнэ. Тэгэхээр цаашид мөн л дахин нэг үйлдвэрийн нээлт хийх боломж бүрдэж байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ үйлдвэрийг ажиллуулахад шаардагдах төрөл бүрийн түүхий эд, хэрэгслүүд хэрэгтэй болдог. Хоёр тонны уут, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, ган бөмбөлгүүд, урвалжууд  гэх мэт олон түүхий эд хэрэгтэй хэрэгтэй болдог. Эдгээр түүхий эдүүдийг бид орон нутгаа, төв аймгаасаа болон үндэсний хэмжээнд худалдан авалт хийж эхэлнэ. Нэг ёсондоо тэдэнд мөн бараагаа нийлүүлэх зах зээл нь хажууд бий болж байна гэсэн үг юм.

– Цар тахлын хүнд хэцүү цаг үед ажлаа эхлүүлж дуусгалаа гээд ярианыхаа өмнө та хэллээ. Шантрахгүй байх шалтгаан юу байв? Та бүхнийг юу илүү хурцалж байв?

– Баялаг бүтээнэ гэдэг нь технологи, санхүү, хүний хүчин зүйлсийг нийлүүлээд шинэ эрэлттэй бүтээгдэхүүн бий болгох гэж би ойлгодог.  Тиймээс үйлдвэр боссоны дараа би бүтээгдэхүүнээ зарж чадах уу,чадахгүй юу ашигтай юу гэдэгт огт эргэлзээгүй. Үйлдвэрлэл бол улс орны хөгжил. Тэр дундаа бид эх орныхоо хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийг алхам урагшлуулахад хувь нэмрээ оруулж байгаа минь сайхан. Дээрээс нь бидний нарын гаргаж байгаа бүтээгдэхүүн маань БНХАУ, ОХУ, дэлхийн зах зээлд зарагдана гэдэг итгэл үнэмшил маань биднийг цэнэглэж байсан. Мөн энэ ташрамд  энэ төслийг хийж дуусгахад нийт 17 орчим компани, бригад, 190 гаруй инженер  техникийн ажилчидтай  бид хамтарч ажиллалаа.  Энэ хугацаанд гар нийлж ажилласан тэдэндээ маш их баярлаж буйгаа илэрхийлье. Үүний зэрэгцээ орон нутаг, төв аймгийн Баянцагаан сум, салбарын яам маань хуулийн хүрээнд дэмжиж тусалсанд туйлын их баяртай байгаа. Олны хүч оломгүй далай. Ямар ч байсан эцэст нь зорилоо хүрлээ.

– Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *