Нийт шүүгчийн II чуулган хэлэлцүүлгээр үргэлжилж байна

0

Нийт шүүгчийн II чуулган 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн үдээс хойш “Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, хөгжил”, “Шүүхийн хүний нөөцийн бодлого ба шүүхийн захиргаа” сэдэвт хэлэлцүүлгүүдээр үргэлжиллээ.

“Шүүхийн бүтэц, зохион байгуулалт, хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шүүх байгуулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг, Нээлттэй нийгэм форумын хөтөлбөр хариуцсан менежер П.Бадамрагчаа нар удирдаж, шүүх байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ.  Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулахдаа иргэний шүүхэд хандах эрхийн баталгаа, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зарчмыг алдагдуулахгүй байхын зэрэгцээ дагнасан шүүхийн тогтолцоог бэхжүүлэх саналыг Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт уламжлахаар тогтов.

“Шүүхийн хүний нөөцийн бодлого ба шүүхийн захиргаа” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам, “Оюуны инноваци” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл нар чиглүүллээ. Шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын ажиллах орчин, стандартын шаардлага хангасан орчинд шүүх хуралдаан хийх, шүүхээр үйлчлүүлэгчдийн эрхийг хангах, шүүгчийн нийгмийн баталгааны асуудал болон шилжин ажиллах зэрэг асуудлыг шүүгчид хөндсөн юм.

Шүүгчид дээрх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлээд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, тайлбар гаргуулахаар Улсын дээд шүүх, бусад холбогдох багц саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлах шийдвэр гаргав.

Нийт шүүгчийн II чуулган 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр “Шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоо” сэдвийн хүрээнд үргэлжилнэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *