ХБНГУ-ын Засгийн газраас 78 сая еврогийн санхүүжилт олгохоор болов

0

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээ Улаанбаатар хотноо өнөөдөр болов.

Монгол Улс 1990-ээд онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Герман улс Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 500 гаруй сая еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосон байна. Германы хоёр талт хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн зорилго нь Монгол Улсыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн, хүртээмжтэй нийгмийг бий болгох, ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн шинэчлэлийн үйл явцыг дэмжихэд чиглэдэг.

Хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлж, энэ удаа ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээний түүхэнд хамгийн өндөр буюу 78 сая еврогийн санхүүжилт олгохоор тохиролцлоо. Дээрх санхүүжилтийн хүрээнд 29 сая хүртэлх еврогийн зээлийг үндэсний хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хөрвүүлж, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангаар дамжуулан эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж бүрдэв.

Техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны төслүүдийг нэгдүгээрт тогтвортой эдийн засгийн хөгжил ба боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хоёрдугаарт уур амьсгал ба эрчим хүчний салбарт, гуравдугаарт биологийн олон янз байдал ба байгаль хамгаалалд хэрэгжүүлэх юм. Хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд авлигатай тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг салбар хоорондын асуудлуудад анхаарч, тогтвортой хөгжлийн төлөөх цогц арга хэмжээнд чиглэж байна.

Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү тэргүүлсэн бол Германы Засгийн газрын төлөөлөгчдийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн бүс нутгийг хариуцсан дарга Яннис Неофитоу ахлан оролцов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *