ХУУЛИАР НУУЦАЛСАН ХУЛГАЙ

0

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудалд “хулгай” орчих шиг болов. Албан тушаалтнуудын өгсөн тайлбарыг харахад урьд сонссон тайлбар, танил “хулгай”. Машин үйлдвэрлэгчид ажиллах хүч, бусад өртөгийг бодолцон өөр улсад машинаа угсрах нь энгийн үзэгдэл байж болно.

Гол нь монголчуудын тэн хагас нь түгжирч буй нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг шийдэхдээ худалдан авалтыг нь нууцад оруулсан явдал.

Цаг алдахгүй, түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд” гэх тайлбартайгаар эрх мэдэлтнүүд хулгайгаа далдалдаг.

Хотын дарга “318 тэрбум төгрөг бол нийслэл биш, улсын төсөвт суусан мөнгө. Эрх шилжин орж ирж, нийтийн тээврийн парк шинэчлэлийг яаралтай зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ дагуу хуулийн багийнхан ажиллаж, төрийн нууцад оруулбал хугацаа хожих юм байна гэдэг санал оруулснаар ийм шийдэл гаргасан. Бид хууль зөрчөөгүй, хуулийн дагуу ажиллаж, автобуснуудыг хурдан оруулж ирэх шийдлийг сонгосон” гэж уламжлалаа даган хариулжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн 34.1.5-д нь юу гэж заасан бэ гэвэл “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу  хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол…” гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно гэж заажээ. Одоо ч хэрэгжиж буй энэ хуулийн “давагдашгүй хүчин зүйл” гэдгийг тайлбарлаагүй бөгөөд бусад хуульд давагдашгүй хүчин зүйлд үер, ган, зуд, аюултай цасан болон шороон шуурга, газар хөдлөлт зэрэг байгалийн онц хохиролтой үзэгдлийг хэлдэг аж. Хотын дарга үерт живсэн, өмч хөрөнгөө сүйтгүүлсэн айль өрхөд энэ хуулиар туслаагүй хэр нь нийтийн тээврийг нь худалдан авахдаа ашиглажээ.

2020 оноос эхлэн хэрэгжсэн Цар тахлын гэгддэг хуулиар төрийн бүхий л алба тендергүйгээр шууд худалдан авалт хийж амташсан тэд хуулийн үйлчлэл нь байхгүй болоод ирэхээр улсын нууцад оруулах байдлаар гэрэл цохиулахгүй, ийн гэмээ нуудаг болжээ.

500 төгрөгийн амны хаалтыг 20 мянган төгрөгөөр худалдан авах гэж байгаад баригдан хэрхэн болиулсан, халдвар авсан нэг иргэнийг 8 сая төгрөгөөр эмчлэх төсөв суулгасан, буудал, буурчийн газруудад халдвартай, халдваргүй хамаагүй байрлуулан тусгаарласан гээд зардлуудад гаргасан мөнгөний тайлангаа гаргахгүй байгаа шалтгаан ердөө энэ. Ийм хулгай аль арван жилийн өмнө ч байсан.

Тодруулбал, МТЗ ТӨХК “МакКинсей энд Компани”-тай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээ. Энэүү зөвлөх үйлчилгээг үзүүлэгчийг сонгон шалгаруулахдаа ямар нэгэн тендер зарлаагүйг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн Н.Алтанхуягийн Засгийн газарт тавьсан асуултын хариултаас харж болох аж. 2012 оны арванхоёрдугаар сарын 25-нд хүргүүлсэн энэхүү хариултад ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Төрийн өмчийн хорооны 2/254 тоот удирдамжийг үндэслэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн 34.1.5 дахь заалтын дагуу тендер шалгаруулах доод хугацааг мөрдөх боломжгүй байгаа шалтгаанаар “McKinsey & Company”-иар ахлуулсан зөвлөх багийг ТУЗ-ийн хурлын тогтоолоор сонгосон” гэжээ.

Шинэ төмөр зам төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах стратегийн зөвлөхөөр  “McKinsey & Company”-ийг тийнхүү тодруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулахдаа “Либерти Партнерс”, “Пиллсбүри” болон “БиЭнПи Парибас” компаниудыг нэмж оруулжээ. Энэхүү ТЭЗҮ гээд буй төсөөлөл нь 74 хуудас. МТЗ ТӨХК Энэхүү төсөөллийг хийлгэснээрээ банкнаас зээл авч нийтдээ 6,5 орчим сая доллар төлсөн. Ингээд тооцохоор ТЭЗҮ-ийн нэг хуудсыг 87 орчим мянган долларын үнэтэйгээр хийлгэсэн гэсэн үг.

Хамгийн тоглоомтой нь, тэрхүү нууцад хамруулсан ТЭЗҮ гэгчид “Хэдийгээр зөвлөх баг нь эдгээр мэдээллийг үнэн бодитой гэж үзэж  буй боловч эдгээр мэдээлэл нь бодит байдалтай бүрэн дүүрэн нийцэж байгаа эсэхэд баталгаа өгөх боломжгүй болохыг анхаарна уу. Түүнчлэн энэхүү тайланд тусгагдсан санал зөвлөмжүүд нь зарим нэгэн таамаглал, тооцоолол дээр суурилсан болно” гэж байдаг.

Өөрөөр хэлбэл интернэтэд байгаа мэдээллийг боловсруулж төсөөлсөн болоод монголчуудын мөнгийг сэгсэрчихсэн. Өдгөө нууцаас гаргасан ч хийсэн нөхдүүд нь хэзээний гараад зугтчихсан, АНУ-аас захидал бичиж л суусан. Тэр цаг үеийн хулгайг гардан мөшгөж байсан мөрдөгчийг ЦЕГ-аар тавиад буйн шалтгаан нь хулгайг илрүүлэх гэсэндээ бус өөрсдийн хулгайнаас илүүтэй өмнө хэргүүдэд олон нийтийн анхаарлыг хандуулах гэсэн хэрэг.

“Монголын төлөө” гээд өөрийн төлөө хэрхэн тонон дээрэмддэг гарын авлага Монголд ийнхүү бий болсон бөгөөд нууцад оруулж байгаад төмөр зам барьсан явдал ердөө жилийн өмнө сөхөгдсөн, оффтек гэрээгээр нүүрсээр мөнгөө авахаар болсон зэргийг харвал ядах юмгүй иймэрхүү байдлаар том хулгайнууд явдаг гэдгийг түвэггүйхэн харж болно.

Бүх зүйл болоод ашиг хүртэгсэд нь хүртээд, албан тушаалтнууд нь оргон зайлаад/оргон зайлуулдаг ч юм уу/ өгсөн хойно ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр гарч ирэхээ эрх баригчид мэднэ.

Нууцлаад байсны балгаар Монгол мухар төмөр замтай болчихсон. Нийлүүллээ гэхэд цариг нь таарахгүй. Гэтэл нарийн царигаар төмөр зам барих бодлогыг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн хүн нь бас л “Тавантолгойн төмөр зам” ТӨХК-ийн захирал Н.Удаанжаргал.

Тэр зугтсан байж болно. Цэцийн дунд суудлын хуралдааныг шууд хүлээгээд авчихсан гэмтнүүд одоогийн ч парламентад сууж байна. Ажил эхлэхэд асуудлыг Ерөнхий сайд байсан хүн Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын дарга байсан нь Ерөнхий сайд болчихсон л тууж явна. Тиймээс оффтейк гэрээнүүд ил болсон, улайм цайм Монголд ашиггүй бүтээн байгуулалт, тендер, төсвийн мөнгө шамшигдуулсан нь ил болоод байхад хэнтэй ч хариуцлага тооцохгүй байгаа шалтгаан энэ. Өөрсдөө хутгалдчихсан.

Б.Ганхуягийн хэлдгээр МАН-ын 220 мянган гишүүн биш гэхэд нүүрсний хэрэгт өнөөгийн эрх баригчид их, багаар бүгд холбогдсон нь үнэн. Б.Ганхуяг цэвэр ариундаа бус тэрхүү хулгайг нь хамгийн сайн мэдэж, нэрсийн жагсаалт гаргаж чадах болохоороо л шантаажлан сануулаад байгаа хэрэг. Үнэн гутлаа өмсөж байхад худал уул даваад гүйдэг ч үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг хорвоо. Нууц болгоод ч хэзээ нэгэн цагт ил болох нь жам.

Худалдан авалтыг нууцад оруулж байгаа л бол хулгай үүрлэсэн байдгийг өнгөрсөнд үзэглэсэн гэрээнүүд харуулаад байна.

Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нууцлах зүйл байж болно. Гэхдээ үндэстнээсээ нуудаг төсвийн зарцуулалт гэж хаана байсан юм бэ? Монголын асуудал төр өөрөө болчихлоо. Цонхны цаанаас чихэр долоолгодог шиг худалдан авалтаа нууцад оруулсан хэр нь цахилгаан нь тийм, дизель нь ийм үнэтэй гэж донгосохоор нь итгэнэ гэж хотын дарга эндүүрээд байх шиг. Хуулиар хулгайг нууцалж болно. Бас хуулиар ил болгосон ч болно. Хулгай биш гэвэл худалдан авалтын гэрээгээ нууцаас гаргаж, яг ижил үйлчилгээг ямар компани хэдээр нийлүүлэх байсан талаар санал асуулга явуулбал ямар вэ?

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *