Д.Сумъяабазар: Ширэн нүүрлэж чадахгүй тул ажлаа өглөө, харин Нийслэлийн МАН-ын хороог үргэлжлүүлэн удирдана
Нийслэлийн Засаг даргаас огцрох өргөдлөө өгсөн Д.Сумъяабазар хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр тэрбээр дараах мэдэгдлийг хийлээ.
Д.Сумъяабазар, “Би Улаанбаатар хотод эрүүл эдийн засаг, эрх зүй, засаглалтай байх ёстой гэсэн бодлогыг зорилгоо болгож, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзаж, ажлаа авсан. Төрж өссөн хотынхоо төлөө ингэж ажиллахаар шийдсэн. Улаанбаатар хотод 30 жилийн хугацаанд үүссэн нөхцөл байдлыг хөгжлийн зөв шатанд гаргах эрмэлзэлтэйгээ хэлж байсан.
Ер нь хотын асуудлыг шийдэхэд УИХ дахь МАН-ын бүлэг, ЗГ-ын дэмжлэг, институт хоорондын уялдаа холбоог ойртуулахад анхаарна гэдгийг ч хэлсэн.
Тийм ч болохоор Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд УИХ, ЗГ-ын дэмжлэгтэй ажиллах боломжийг бүрдүүлсэн. Өмнө нь ийм боломж гарч байгаагүй. Ийм ч учраас Хөгжлийн түр хороог байгуулалцаж, олон ажил хийсэн.
Эрх зүйн реформыг хийхгүйгээр Улаанбаатарыг босгож ирнэ гэдэг үнэхээр амаргүй ажил гэдгийг хэлмээр байна.
Хот анх удаа бонд гаргахаар шийдсэн. Хотын хууль хэзээ ч УИХ-ын босгыг давж байгаагүй. Энэ жилүүдэд давсан. Олон зүйлийг би иргэд болон дэмжигч нарынхаа хүчээр давж, ард нь гарч байсан. Цөөнгүй зүйлийн эхлэлийг тавьсан.
Энэ жил өвөлжилтийн бэлтгэлийг хангах ёстой. Дулааны улиралд зам засварын ажлаа хийж амжих хэрэгтэй. Сэлбэ гол дагуух бүтээн байгуулалтыг ч яаралтай хийх шаардлагатай. Хотын төсөвтэй холбоотой асуудал удахгүй хэлэлцэгдэнэ. Гэх мэт ажлууд тасралтгүй явах ёстой.
Ийм байр сууриар Ерөнхий сайдтай ярилцаж, дараагийн хотын даргыг түүний зүгээс томилох нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргалаа.
Д.Сумъяабазартаа биш. Нэг хүний асуудалтай зууралдаж суух цаг биш. Одоо олон асуудал эхэлнэ. Иймд аль болох хугацаа алдахгүйн тулд энэ шийдвэрийг гаргаснаа хэлмээр байна.
Жишээ нь түгжрэлийн асуудал зөвхөн зам юм уу барилга биш. Цогц асуудал. Дунд болон урт хугацааны бодлого. Иймд уртдаа шийдэгдэх л ёстой. Амаргүй хүнд үетэй нүүр тулсан. Олон асуудлыг олон талтай хамтарч ажиллаж давлаа. Хот бол нэг намын, нэг хүний асуудал огт биш. Заавал УИХ-ын түвшинд нь авчирч байж Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийднэ. Бидний одоо өргөн бариад буй хуулийг заавал батлуулах нь хөгжилд маш том суурь нөхцөл болно гэдгийг захиж хэлмээр байна.
Манай хотын амьдрал зогсож болохгүй.
Нийслэлийн хөрөнгө оруулалтыг 420 тэрбумаас бууруулахгүй байх энэ тогтоолыг хэвээр үлдээх нь мөн чухал.
Өнөөдрийг хүртэл намайг шударга шүүмжилж, хурцалж, ирлэж байсан хэвлэл мэдээллийн байгууллагадаа баярлалаа.
Автобусны тендерийн тухайд хот өөрийн эрх зүйн хүрээнд л зохион байгуулсан. “Тэнүүн-Огоо” нь байна уу, “Эрдэм транс” нь байна уу мэдэхгүй. Хувийн хэвшлийг кластераар хөгжүүлэх ёстой гэдэг үзэл санаагаар Д.Амарбаясгалан дарга өөрөө уулзуулж, захиж байсан юм шүү. Процесс дээр нь алдаа гарсан юм байна. Иргэдийг бухимдуулсандаа уучлал хүсье. Бүр нууж хаасан бол буруу. Харин иргэд өөрсдөө танилцаг, таалагдахгүй бол буцаая гэдэг нээлттэй байр суурь баримталсан шүү.
Нийтийн тээврийнхэн захиалагчаа дутуу хянасан асуудал байсан юм билээ шүү.
Хот гэдэг бол нийт улаанбаатарчуудын эрх ашиг тул хүн бүхний шүүмжлэлийг эрүүл ухаанаар хүлээж авч явдаг байсан.
Мөн намайг дэмжиж ирсэн нийт төрийн албан хаагчдадаа, хотын иргэддээ үнэхээр их талархаж буйг минь хүлээж аваарай. Хотын минь амьдрал ая тухтай, сайн сайхан байхын төлөө дараагийн Засаг дарга ажиллах учиртай. Ер нь их хэцүү юм билээ. Би УИХ, ЗГ-ын түвшинд ажиллаж байсан. Хариэ энэ бол олон хүний эрх ашиг оролцсон, их зовлонтой бөгөөд хүнд ажил юм билээ гэдгийг хэлье. Дараагийн ирэх хотын даргаа л хайрлаарай. Дутуу дулимаг хийсэн бүгддээ уучлал хүсэж байна.
-Энэ улс төрийн хариуцлага хүлээж буй хэлбэр үү?
-Би цэвэр ёс зүйн хариуцлагаа хүлээж байна. Үүнийг огт бүү улстөржүүлээрэй. Би ард түмнийхээ өмнө цолоо дуудуулдаг аварга хүн. Энэ цол надтай насаараа явна. Тийм учраас би ард түмэндээ хүндэтгэлтэй хандах ёстой.
-Цаашдаа Нийслэлийн МАН-ын хороогоо яах вэ?
-Намын журмаараа үргэлжилнэ. Энэ бол миний байгуулсан намын хороо.
Ширэн нүүрлээд байж чадахгүй юм.
Би 2020 оны сонгуульд намаа ганцаараа удирдаж орсон. Д.Амарбаясгалан даргаас ямар ч чиглэл авч байгаагүй. 75.6 хувь нь дандаа шинэ залуусыг дэвшүүлсэн.
Дунд шатанд, агентлагийн дарга дээр ч юм уу, завхрал байдаг шүү.
-Та Aqua Garden-ийг нураана гэсэн. Дараагийн хотын даргадаа захиж үлдээж байгаа юу?
-Угаас нураана. Би тэр барилгын компанийн хүмүүсийн нэгэнтэй нь ч уулзаж үзээгүй. Би ширээний ард сууж цай ууж үзээгүй. Юу үнэн гэвэл энэ үнэн. Шүүхийн шийдвэрийг дагаад захирамж гарсан. Дунд нь зүгээр байсан газрыг цуцалсан шүү, 2020 онд. Энэ бол цэвэр эрх ашиг, авлигалтай холбоотой асуудал мөн гэж хэлье.
-Ерөнхий сайдтай уулзаад юу ярьсан бэ?
-Эр хүмүүсийн хооронд яриа байна шүү дээ.
-Ногоон автобусны асуудалд та яг оролцсон уу?
-Үнэнийг хэлэхэд оролцоогүй.
-Дараагийн хотын даргад та хэнийг тохиромжтой гэж үзэж байна вэ?
-Маш хэцүү дээ. Энэ бол хайруулын таваг. Хот надад их зүйлийг сургалаа. Би болоогүй байсан юм байна. УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайдаар ажиллахдаа би дутуу байж, хотын асуудлыг дутуу ойлгож явж.