Улсын дээд шүүхийн шүүгчид Н.Батзоригийг нэр дэвшүүллээ
НЭМЭЛТ:
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид нэр дэвшигчийн талаар хэлэлцэж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид Н.Батзоригийг нэр дэвшүүлжээ.
Н.Батзориг нь 1975 онд Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд төрсөн. Ам бүл тав. 1982-1990 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын сургууль, 1990-1992 онд Хэнтий аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг төгссөн. 1995-1999 онд Шихихутуг дээд сургуулийг эрх зүйчээр төгсч 2016-2018 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
1992-1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуульд биеийн тамирын багш, 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар хороонд байлдагч, 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхийн шүүхэд төлөөлөгч, 2005-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслахаар ажиллаж байгаад 2007-2012 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр, 2012-2013 онд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр, 2013-2015 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан. 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилно.
Байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн талаар танилцаж дууссанаар санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлээд байна.
Хууль зүйн байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ
НЭМЭЛТ:
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.03/ хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” гэж үзлээ. Цэц өнгөрсөн есдүгээр сарын 26-нд хуралдан “Цэц Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга болон Цэцийн гишүүд, Дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг УИХ-аас томилохдоо нээлттэй сонсгол явуулж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Ц.Мөнх-Оргил: Цэцийн дүгнэлтэд хянамгай хандах ёстой
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар яг одоо Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Дээрх дүгнэлтээр Цэц Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга болон Цэцийн гишүүд, Дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг УИХ-аас томилохдоо нээлттэй сонсгол явуулж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан юм.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Цэцийн гишүүд Үндсэн хуулийг хулгайлчихаад өнөөдөр Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гэж дүгнэлт гаргах эрхтэй юу. УИХ бол УИХ биш болсон. Хууль тогтоохыг нь Цэц хийдэг. Үндсэн хуулийн суурь зарчмыг байхгүй болгосон. Өнөөдрийн гарч байгаа хулгай луйвар тэрнээс эхтэй. Бид нар юмыг томоор нь харах хэрэгтэй.
УИХ-аас томилгооны сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан Цэцийн гишүүдийг шалгах ёстой байгууллагаар нь шалгуулах ёстой. Яагаад ийм зүйл хийгээд байдаг юм. Ямар хүнийг томилж байгаагаа, ямар хүнийг нэр дэвшүүлж байгааг Монголын ард түмэн мэдэх эрхтэй. Мэдэх эрхээр нь яагаад хангаж болдоггүй юм. Цэцийн дүгнэлт маш хортой. Энэ бүхнийг давраах зүйлйиг бий болгосон хүн нь өнөөдрийн эрх баригчид. Ийм ардчилсан улс байж болохгүй. УИХ-аас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч юу гэж бодож байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:
-УИХ -ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр жилийн өмнө томилогдсон. Цэц хуралдаан зарлахадаа урьд өдөр нь л мэдэгддэг юм билээ. Эхний хуралдаанууд дээр нь өөрөө тайлбар өгөөд зайлшгүй оролцох ёстой гээд явж байсан. Харин есдүгээр сарын 26 нд хурал зарлахдаа урьд өдөр нь буюу 25-нд хэлсэн. Туслахаар дамжуулж хэлсэн. УИХ-ын тамгын газарт хурлын товын талаар хэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд есдүгээр сарын 26-нд олон улсын хуралд оролцохоор төлөвлөсөн байсан тул оролцох боломжгүй байна шүү гэдгээ албан ёсоор бичгээр мэдэгдсэн. Гэтэл Цэц дунд суудлын хуралдаанаа хийсэн.
Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх нь та бүхний асуудал.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Энэ их ньюанстай асуудал ярьж байна шүү, гишүүд ээ. Сэтгэлийн хөөрөлгүйгээр ярих ёстой асуудал юм. Цэц УИХ-д хангалттай хугацаа өгсөн байна шүү дээ. Жилийн хугацаа өгөхөөс илүү яах юм. Жилийн хугацаа өгч байхад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ямар нэг шалитгаанаар хуралд орлцож чадаагүй бол Цэц хурлаа хийж л таараа ш дээ.
УИХ-ын төлөөлөгчид есдүгээр сарын 26-нд хурал болно гэдгийг 25-нд хэлж байгаа нь Цэцийнхний буруу биш. Цэц хурлаа хийж л таараа ш дээ. УИХ-ын нэгэн адил төрийн л байгууллага Цэц. УИХ үдээс хойш хурал зарлаж байна гээд төрийн албан хаагчдыг тархи толгойгүй загнаад л хурлаа хийгээд явдаг, та бүхэн мэдэж л байгаа. Институт хоорондын асуудал. Танилцуулах эрхэнд халдлаа гэхээс илүү балансыг олсон уу гэдгийг л хармаар байна. УИХ-ын гишүүд хуульч мэргэжилтэй туслах, УИХ-ын Тамгын газрынхантайгаа хамтарч байгаад сайн үзэх ёстой. Бүх томилгоогоор нээлттэй сонсгол хийхийг буруутгаагүй.
Цэц Шүүхийн ерөнхий зөвлөлийг томилохоос нь өмнө сонсгол хийж болно гэж байна. Харин болчихсоных нь дараа нээлттэй сонсгол хийх юм бол хараат бус байдалд нь нөлөөлнө.
Цэцийн гишүүн дээр ньюанстай хандаж байна. Яагаад вэ, анх энэ хуулийг баталж байхад бид ярьж байсан. Ерөнхийлөгч тэндээ нээлттэй сонсголоо хийчих. Тэнд сонгож, сонгож, шалгаруулсан хүнийг УИХ дээр дахиад шүүгээд байх нь утгагүй юм байна. Хэдүүлээ Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн хүнийг томилох, томилохгүйгээ хэлээд явъя. Энэ чиглэлээр бид хуулиндаа засвар хийгээд явах юм бол институт хоорондын балансыг барих тал дээр илүү зөв зохистой гаргалгаа байна гэж харж байна.
Шүүгч дээр бас ньюанстай юм Цэц хэлсэн. Шүүгчийг УИХ дээр танилцуулснаар байхгүй юу. УИХ томилох гэж байгаа биш. Энэ дээр дахиад Үндсэн хуулийн асуудал гарч ирээд байгаа. Зөвшилцөнө, танилцана, томилно гэж юу гэсэн үг юм бэ гэдэг эрх зүйн агуулгын маргаан гараад байна. Томилох бол ойлгомжтой болчихлоо, бид нар нээлттэй сонсгол хийгээд томилчихож болно. Тамгын газар ялгаануудыг нь гаргаж байна уу үгүй юу. Том зургаар нь харах юм бол шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдал гэж эрх зүйн хувьд юу гэсэн утггатай юм бэ гэдэг нэг маргаан. УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэдэг Үндсэн хуулийн заалтын том агуулга нь юу юм гэдэг агуулгын том маргаан болж байна.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.