Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭХЛҮҮЛСЭН ТЭМЦЛЭЭ ЯМАР Ч ХАМААГҮЙ ҮНЭЭР ДУУСГАНА

0

Эрхэм гишүүн болсноосоо хойш л намын даргатайгаа муудаж, энд тэнд элдвийн хэрэг түвэг барьж гүйсэн “эсэргүү” бол Л.Оюун-Эрдэнэ. Тэрээр Ерөнхий сайд болоод улам том асуудлуудыг сөхлөө. 60 тэрбум, МАНАН, шүүх, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, төмөр зам, нүүрсний хэргийг хууль хяналтынхнаар шалгуулж байна. Цаашлаад газрын наймаа, өөр юу юу ч билээ дээ, өөрийнх нь хэлдгээр “дэлбэлэх” бололтой. Ерөнхийдөө 30 жилийн бугшсан тогтолцоог “дэлбэлчихлээ” л дээ. Одоо цаашид яах вэ. Л.Оюун-Эрдэнийн энэ үйл ажиллагаа үр дүнд хүрэх үү. Голдуу улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, том бизнесмэнүүд холбогдсон хэргүүдийг хууль шүүхийнхэн эцэслэн шийдэх үү. Энэ эргэлзээтэй асуудал болоод байгаа.

Тиймээс Л.Оюун-Эрдэнийг шүүхтэй, тэр байтугай Ерөнхийлөгчтэй, УИХ-ын гишүүдтэй түнжин муутай болсон талаар ил далд яригдаад удлаа. Хааяа түүнийг “Тэгж хэллээ, ингэж ярьсан” гээд хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бичдэг.

Гэхдээ энэ үнэний ортой юм байна. Сүүлд ил болгосон хэргүүд, бас Засгийн газраас санаачилсан хуулиуд нь иймэрхүү гал авч буй аж. Учир нь Хөгжлийн банкны хэрэг дээр УИХ-ын дөрвөн гишүүн татагдсаны гурав нь МАН-ынх байсан. Дахиад дөрвөн гишүүний нэр нүүрсний хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий прокуророос орж ирэхээр болжээ. Мөн л гурав нь МАН-ынх гэсэн мэдээлэл байна. Бас УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд нарын 100 орчим хүнийг эцсийн өмчилдөг компаниараа төрийн тендерт орох, тэдний ах дүүс, эхнэр хүүхэд, хамтран амьдрагч нь төрийн удирдах албан тушаал хашихыг хориглосон хуулийг санаачилсан нь улстөрчдийг өөрийнхөө эсрэг эргүүлээд байгаа бололтой.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ намынхаа бүлгийн хурал дээр ч ширүүн ширүүн үг хэлдэг болсон байна. Саяхны нэгэн хурал дээр “Та нар дэмжихгүй бол гудамжинд гараад тэмцэнэ” гэчихсэн нь гишүүдэд таалагдаагүй аж. Зарим нь “Яах гэж энийг дээш нь гаргав аа” гэсэн гэх мэтээр сүүлийн үед түүний амнаас гарсан үг хэвлэлээр бичигдэхгүй байгаа ч улс төрийн хүрээнд, Төрийн ордон хавиар нэлээд яригдаж байна.

Түүнийг шүүх, тэр дундаа Ерөнхий шүүгчтэй таарамжгүй байгаа талаар хаа сайгүй ярьж байна. Амнаас нь гардаг үгнээс тэгж харахаар байна. Шүүхийн хариу үйлдэл ч үүнийг харуулаад байх шиг байна. Гэхдээ аль аль нь олон нийтэд хандаж ам нээгээгүй. Харин томоохон хурал хуй дээр энэ талаар ярьдаг ажээ. Л.Оюун- Эрдэнэ лав өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр “Шүүх хэрэг барьж удаана гэдэг бол өөрөө авлигал шүү. Бид гэм бурууг тогтоохгүй. Гэхдээ буруутай, эсвэл үгүй гэдэг шийдвэрийг гаргалгүй 7-10 жилээр барьж байгаад замхруулдаг шүүхийн тогтолцоонд авлига байгаа эсэхийг олон нийтэд илчилж болно шүү дээ. Мөн шүүх хурал яагаад хаалттай явагдах ёстой юм бэ. Гэмт хэрэг, тэр дундаа авлигын хэрэг хөшигний цаана шийдэгдэж болохгүй. Шүүхийн ил тод байдлыг олон нийт шаардах эрхтэй. Энэ бол шүүхэд нөлөөлөх хэлбэр биш. Харин шүүхийн улс төрийн нөлөөг багасгаж чадах хөндлөнгийн хяналт болж чадна” гэжээ. Үүний эрх зүйг хангасан хуулийн төслийг Засгийн газар хаврын чуулганд өргөн барьж магадгүй юм байна.

Түүнээс гадна Л.Оюун- Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт нэг анхаарал татсан уулзалтыг хийжээ. Тэрээр Иргэний нийгмийн байгууллагынхантай уулзаж “Шаардлагатай бол жагсаалд хамт гарна” гэсэн байна. Эндээс харвал түүнд улс төрийн шахалт бодитойгоор ирж буй бололтой.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноос хойш “Зарим гишүүн Л.Оюун-Эрдэнийг огцруулах кноп цуглуулж байна” гэж үе үе яригдах болсон. Дээр хэлсэн УИХ- ын гишүүд, сайд, дэд сайд нарын тендерт орох, ойрын хамаарал бүхий хүмүүсээ дарга болгохыг хориглох хуулийг Засгийн газраас өргөн барьсны дараа дахин сонсогдсон. Үнэхээр ч гишүүд уг хуульд тун дургүй байгаа юм. Ил хэлэхгүй ч үйлдлээрээ үүнийг нотолсон. Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон ч хасаад намрын чуулганаа хаасан байдаг. Үүнээс болж чуулган хаадаг өдөр Ерөнхий сайд болон зарим гишүүний дунд нэлээд маргаан өрнөсөн гэх мэдээлэл байна.

Тодорхой хэлбэл, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулган хаалтаа хийх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигын эсрэг энэ тэмцлээ ковид гээд нэг жил намдмал байлгасан. Би эхлүүлсэн тэмцлээ ямар ч үнээр хамаагүй дуусгана. МАНАН-г ч дарна. 60 тэрбумын хэргийг ч шалгана. Та нар бяр чинь хүрвэл намайг кнопдоод унагаарай. Чадахгүй бол шархдуулах хэрэггүй. Ер нь тэгээд дэг журам дээрээсээ тогтох ёстой шүү. Хэдэн жилийн өмнө Ерөнхий прокурор М.Энх- Амгалан чуулган дээр орж ирээд “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой” гэж хэлж байсан. Энэ үнэн үг шүү. Та нар өөрсдөдөө шаардлага тавьж чадахгүй бол “Торгуулиа төл, хариуцлагаа хүлээ” гэж яаж бусдыг шаардах юм бэ” гэж гишүүдэд хэлжээ. Энэ мэтчилэн Л.Оюун-Эрдэнийн “Ордон дотор хүчин мөхөствөл олон нийтийн дэмжлэг авна” гээд байсан нь янз бүрийн хэлбэрээр баталгаажиж эхлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *