“ХҮҮХЭД БҮРТ ЭЭЛТЭЙ” ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛСЭН 53-Р СУРГУУЛИЙН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

0

Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургууль тэртээ 1973 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр 8 жилийн 53 дугаар сургууль нэртэйгээр анх 900 сурагч, 29 багш ажилтантай хичээлийн шинэ жилээ эхэлж байжээ. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд нийт 170 гаруй анги бүлэг төгсгөсөн тус сургууль нь өдгөө 4300 гаруй сурагчид, 200 гаруй багш, ажилчидтай, хичээлийн 2 байртайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Түүхт ойн босгон дээрээ хүүхэд бүрт ээлтэй сургууль болох эрхэм зорилгыг дэвшүүлж, сурагчдын ая тухтай, цэвэр, аюулгүй орчинд суралцах боломжийг хангахын тулд сургууль орчмын авто зам, явган хүний зам, сагсанбөмбөг болон хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажлаас эхлээд сүүлийн үеийн цахим хэрэглэгдэхүүнийг сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулан сургах хүрээнд, анги танхим, сургууль орчмын тусгай зам, шат болон бусад тохижилтыг гүйцэтгэснээс гадна багш нэг бүрийг илүү хүртээмжтэй сургалтад мэргэшүүлэн ажиллаж байгаа юм.

Д.Сарантуяа Нийслэлийн ерөнхий боловсролын 53-р сургуулийн математикийн багш
Л.Амарсанаа Нийслэлийн ерөнхий боловсролын 53-р сургуулийн захирал

50 дахь хичээлийн жилийн өндөр ойг угтаж дүүрэг, нийслэлийн хөрөнгө оруулалт болон үе үеийн төгсөгчид,одоо хичээллэж байгаа суралцагчид, багш ажилчид, эцэг эхчүүдийн хандив, хамтын ажиллагааны үр дүнд хичээлийн хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг шинэчилж, илүү чанартай, хүртээмжтэй басхүү цогц сургалтыг эзэмшүүлэхээр зорьж яваагаа хамт олны төлөөлөл илэрхийлж байлаа. Сургууль, төгсөгчийн эргэх холбоог бэхжүүлж, үе үеийн ахмад багш, төгсөгчдийн залгамж чанарыг сайжруулах үүднээс Ахмадын зөвлөл, Төгсөгчдийн холбоог байгуулан төрөлх сургуулийнхаа үйл ажиллагааг олон талт хэлбэрээр өргөтгөн хөгжүүлж байгааг мөн дурдаж байв.

З.Нарантуяа Ахмад багш
Ч.Нарантуяа Ахмад багш

Ерөнхий боловсролын сургуулиуд дундаас анх удаа 53-р сургууль дэргэдээ замын хөдөлгөөний дүрмийг практикт суурилан таниулсан сургалтын дромыг байгуулж, зам тээврийн осол, зөрчлөөс сэргийлэх зорилгоор сургалтын кабинетийг тохижуулахаар болсон талаар сургуулийн удирдлагууд хэлж байлаа. Хүүхэд бүрт ээлтэй, илүү хүртээмжтэй боловсролыг чухалчилсан энэ сургуулийн хамт олон багш, эцэг эхчүүд, сурагчдын хамтын оролцоонд түшиглэсэн, орчин цагийн олон талт чадамжтай шинэ үеийнхнийг бэлтгэх түүхийн өөр нэгэн хуудсыг эхлүүлж байгаа нь энэ юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *